Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 30 шахам саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжлээ. Харин хуулийн төслийн 6.1.1 дэх заалтын “гуравны нэг” гэснийг “15” гэж өөрчлөх заалтыг санаачлагчид эгүүлэн татав.
Мөн төслийн 7 дугаар зүйлийн заалтууд дээр санал хураах явцад Д.Зоригт гишүүний зөвшөөрөл өгөх процедур хүнд сурталгүй байх талаар хуулийн төсөлд тусгаж өгөх хэрэгтэй гэсэн саналыг эцсийн хэлэлцүүлгийн үед анхаарч үзэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Мөн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үед Эдийн засгийн байнгын хороо зарим тодорхой зарчмын асуудлаар саналаа гаргаж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх нь зүйтэй гэсэн УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы гаргасан горимын санал дэмжлэг авав.
Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.