2011.02.08

Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл санаачлав

Төслийн танилцуулга

Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах боломж бүрдэх юм.

Монгол Улсын хууль тогтоомжоор гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын стратегийн ач холбогдолтой компанийн хувьцааг 100% эзэмших, хөрөнгө оруулалт хийхэд ямар нэгэн хязгаарлалт тавигдаагүй байгаа ба Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн хувьцаа, бусад үнэт цаасыг хууль тогтоомжийн дагуу худалдан авч шууд хөрөнгө оруулалт хийх, аж ахуйн нэгж, салбар төлөөлөгчийн газраа дангаар буюу хамтарсан компанийн хэлбэрээр байгуулах зэрэг асуудлууд хуульчлагдсан байна.

Уг хуулинд гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хуулиар хориглоогүй үйлдвэрлэл үйлчилгээг хориглосноос бусад нутаг дэвсгэрт явуулж болохоор зааснаас үзэхэд цаашид холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар улс орны эдийн засагт стратегийн ач холбогдолтой салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт оруулах асуудлыг улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, үндэсний бизнесийн салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан зохицуулах шаардлагатай гэж үзэж хуулийн төслийг санаачлан боловсруулсан юм.

Гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох, хязгаарлах талаар дэлхийн бусад улс орнуудын баримталж буй бодлого, хандлагаас үзэхэд хязгаарлалтууд үндсэндээ стратегийн ач холбогдолтой салбаруудад голдуу тавигдаж байна.

Олон улсад эрх зүйн хэм хэмжээ, практик нилээд байдаг бөгөөд ОХУ 2007 онд Улс орны батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулах тухай хуулийг баталж, ХБНГУ 2007 онд гадаадын хөрөнгө оруулагч стратегийн компаниудад хувьцаа эзэмшихийг хязгаарласан өөрчлөлт оруулсан. Мөн АНУ-д агаарын тээврийн компаниудад гадаадын хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшихийг хориглосон байдаг. Ер нь иймэрхүү төрлийн хориг хязгаарлалтуудыг Австрали, Европийн холбооны орнууд болон олон улс орнуудад тогтоосон байдаг байна.

Хууль санаачлагчид

С.БЯМБАЦОГТ
Ц.БАТБАЯР
Ц.БАЯРСАЙХАН
Д.ГАНХУЯГ
Д.ТЭРБИШДАГВА
Ө.ЭНХТҮВШИН

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.