Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2008.01.01

Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай болоод уг хуулийг дагалдан гарах хуулиудын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Монгол Улсын хууль тогтоомжоор гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьцааг 100 хувь эзэмших, хөрөнгө оруулалт хийхэд ямар нэг хязгаарлалт байхгүй аж.Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хуулиар хориглоогүй үйлдвэрлэл үйлчилгээг хориглосноос бусад нутаг дэвсгэрт явуулж болохоор заасан юм байна. 


Тиймээс цаашид хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар улс орны эдийн засагт стратегийн ач холбогдолтой салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт оруулах асуудлыг улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалтай уялдуулан зохицуулах шаардлага бий болсон гэж хууль санаачлагчид үзсэн байна.Гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох, хязгаарлах талаар дэлхийн бусад орнуудын бодлого, хандлагыг үзэхэд хязгаарлалтууд үндсэндээ стратегийн ач холбогдолтой салбаруудад голдуу тавигддаг байна. АНУ-д л гэхэд агаарын тээврийн компаниудад гадаадын хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшихийг хориглосон байдаг ажээ.Дээрх хуулийн төсөлд стратегийн ач холбогдолтой салбарууд гэдэгт хэтэрхий олон салбарыг хамруулсан нь гадаадын хөрөнгө оруулалтыг түлхсэн явдал болно гэсэн саналтай гишүүд байсан.

Харин уг хуулийн төслийн ажлын хэсгээс дээрх саналыг төсөлд тусган оруулж ирсэн байв. Тухайлбал үндэсний аюулгүй байдалд стратегийн ач холбогдолтой салбар гэдэгт нэлээд олон салбар байсныг цөөрүүлэн эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны гэж өөрчлөн тусгасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Түүнчлэн стратегийн ач холбогдолтой 16 үйл ажиллагааг төсөлд тусгасан байсныг бүхэлд нь хасах санал ч дэмжигдэв. Мөн Зах зээлийн үнэлгээ нь 100.0 тэрбум төгрөгнөөс дээш аж ахуйн нэгж нь стратегийн аж ахуйн нэгжид хамаарна гэсэн заалтыг ч авахыг дэмжлээ. Энэ хууль батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулалтыг хааж боосон зүйл огт болохгүй. Зөвхөн өрсөлдөөнийг зах зээлийн журмаар явуулах, хууль бус монополь тогтоохоос сэргийлж байгаа хэрэг хэмээн төсөл санаачлагчид хэлж байсан.

Хориглож боосон зүйл байхгүй зөвхөн Засгийн газраас зөвшөөрөл авдаг журамд л шилжих гэж байна гэж тэд хэлж байлаа.Ажлын хэсгээс оруулсан 28 саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүд дэмжсэн. Ингээд нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхээр тогтов.Дараа нь “Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан “Эрчим хүчний үр ашиг II төсөл”-ийн Зээлийн болон төслийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх төсөл”-ийн Нэмэлт зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 2 төсөлд хөнгөлөлттэй зээл авах асуудал тусгагджээ. 8.5 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг Улаанбаатар хотын IV цахилгаан станц дээр хэрэгжих “Эрчим хүчний үр ашиг II төсөлд олгох, 2006 онд амалсан 4.5 сая еврогийн хөрөнгийн зориулалтыг өөрчлөн “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төсөлд нэмж олгохоор тусгажээ. Зээл жилийн 0.75 хувийн хүүтэй бөгөөд зээлийг эргэн төлөх хугацаа 40 жил, үүнээс үндсэн өрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил юм байна. Энэ асуудлыг Сангийн сайд Д.Хаянхярваа танилцуулсны дараа асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Гишүүдийн олонхи батлах нь зүйтэй гэж үзлээ.Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөөд дэмжлээ.

Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг 7-10 жилийн хугацаанд 3 үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд АХБ-аас 215.9 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг тус тус хийхээр тусгасан байна.Энэхүү хөрөнгөөр Энхтайвны гүүрийг өргөтгөн, тусгай замын автобусны үйлчилгээг 64.5 км замд нэвтрүүлэн, тусгай замын автобус 146 ширхэгийг худалдан авах юм байна. Түүнчлэн цахим тасалбарын систем, тээврийн хэрэгслийн байршлыг автоматаар тогтоох удирдлагын системийг нэвтрүүлэн, нийт 12.3 км замыг засч өргөтгөн, троллейбусны 45.2 км замын дэд бүтцийг сайжруулахаар төлөвлөсөн аж.Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаас төсөл хэрэгжих хугацааг богиносгон 2012-2017 он болгох, зээлийн хэлэлцээрийг 2012 онд багтаан хийх, төслийг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах гэсэн санал ирүүлснийг гишүүд зүйтэй гэж үзсэн.

Энэ асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсний дараа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжин нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.БНЭУ-ын Засгийн газраас манай улсад олгох 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд олон улсын түвшинд хүрэхүйц мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөцийг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн гадаад аутсорсингийг хөгжүүлэх зорилгоор олон улсын жишигт нийцсэн мэдээллийн мехнологийн боловсрол, аутсорсингийн төвийг байгуулж Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх ажлыг хийхээр төлөвлөсөн юм байна. Зээлийн хугацаа 25 жил бөгөөд хүү 0.75, үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 8 жил юм байна.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.