Тусгай сангуудыг цэгцэлж, 7 санг татан буулгана
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан
2019.02.28

Тусгай сангуудыг цэгцэлж, 7 санг татан буулгана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Тусгай сангуудыг цэгцэлж, долоон санг татан буулгахаар боллоо.

Тариаланг дэмжих сан болон Мал хамгаалах санг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд нэгтгэх, хуримтлагдсан эх үүсвэр, өр, авлагыг шилжүүлэх, Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр холбогдох хууль, шийдвэрийн төсөл боловсруулж, дөрөвдүгээр сарын нэгний дотор танилцуулахыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд даалгалаа. 

урамшууллыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ

Тариаланг дэмжих сан, мал хамгаалах сангаас олгож байгаа урамшууллыг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэхийг сайд Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар нарт даалгасан байна. 

Үйл ажиллагаа явуулдаггүй, зардлыг нь төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хөтөлбөр, арга хэмжээ хэлбэрээр санхүүжүүлэх боломжтой Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Агаарын бохирдлын эсрэг санг татан буулгахаар болов.

Мөн: 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох хэмжээ, хөтөлбөрийг Засгийн газраас тогтоодог байх 

Боловсролын зээлийн сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, хугацаа хэтэрсэн өр, авлага үүсгэхгүй байх

Улсын авто замын сангийн хөрөнгийн зарцуулалт, хяналтыг сайжруулах, сангийн орлогын эх үүсвэрийг Төсвийн тухай хуульд нийцүүлэхийг сайд нарт даалгав. 

Санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгодог сан, тусгай сан, төсөл, хөтөлбөрүүдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулж, нэгдсэн удирдлагад оруулж, дүнг танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нарт үүрэг болголоо. 

Төсвийн хөрөнгөөс зээл, тусламж авсан, батлан даалт гаргуулсан, санхүүгийн дэмжлэг авсан этгээдийн мэдээлэл, шалгарсан төслийн нэр, сонгон шалгаруулсан шийдвэр, зээлийн төлөв, үлдэгдэл зэргийг шилэн данс, цахим хуудсаар тогтмол мэдээлэхийг сайд нарт даалгалаа. 

Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн муу түүхтэй бол зээл олгохгүй

Мөн хугацаа хэтэрсэн авлагыг барагдуулах, гэрээний үүргээ биелүүлээгүй бол хуулийн байгууллагаар шалгуулах, төсвийг хохиролгүй болгох, хариуцлага алдсан төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэж байхаар болов. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн муу түүхтэй бол зээл олгохгүй байх, зээл, санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд иргэд, олон нийтийн оролцоотой хяналт тавьж байх зэргийг үүрэг болголоо. 

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 29 тусгай сан байна. Дээрх сангуудад өнгөрсөн онд гурван их наяд гаруй төгрөгийн төсөв баталж байсан бол энэ онд 400 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 

Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа тусгай сангуудыг цэгцэлснээр төсвийн сахилга бат нэмэгдэж, сангуудын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөө дээшилнэ гэж тооцоолж байна.