ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Өмнөговь аймгийн малчдын зөвлөгөөнд оролцлоо
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Өмнөговь аймагт болсон “Малчдын зөвлөгөөн”-д оролцож, Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мал аж ахуйн салбарт баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өгч, малчид, иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа.
Малчдын зүгээс онцолж байсан зүйл бол 2018 онд засгийн газрын бодлогоор ноос ноолуурын үнэ нэлээд өндөр байсан нь малчин өрхийн орлогыг нэмэгдүүлж, үр дүнгээ өгсөн. Эдийн засгийн бололцоотой байгаа бол арьс шир, түүхий эдийн салбарыг мөн ийм бодлогоор дэмжих хүсэлт тавив.
Мөн ноос ноолуур, түүхий эд тушаасны урамшуулал хүндээ хүрч байгаа эсэхийг анхаарч ажиллах талаар онцоллоо. Учир нь мал хамгаалах зэрэг сангийн урамшуулал сүүлийн жилүүдэд бүрэн гүйцэд иргэддээ хүрэх талд доголдол гарч байгааг хэллээ.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Малчдын зөвлөгөөн"-д оролцов.
Хот чиглэсэн их нүүдлийн уршгийг малчид хөндлөө. Багийн төвүүд эзэнгүй болж, малчид төрийн болон нийгмийн үйллчилгээгээ ойроос авч чадахгүй болсноо хэлж байна. Багийн төвөөрөө нэг ирэхдээ засаг даргатай уулзаж, эмчид биеэ үзүүлж амждаг байсан бол одоо эзэнгүй эвдэрхий барилга байшинтай багууд их болсныг онцолж байна.
Малчдын залгамж халааг бэлтгэх бодлого боловсруулж, төр засгаас дэмжих хэрэгтэйг уулзсан хүн бүр онцолж байна. Бага насны хүүхдийг асрах, сургаж хөгжүүлэх дотуур байр, цэцэрлэг, яслийн хүрэлцээгүйгээс болж залуу малчид сэтгэл амар малаа маллах боломжгүй байгааг хэллээ.
Үр хүүхдээ асрах шаардлагаар залуу малчны гэр бүл тусдаа амьдарч байгаа нь залуус малчин болоход тууштай шийдвэр гаргахгүй байгаагийн гол шалтгаан аж. Үр хүүхдээ малчин болгож байгаа өрхийг төрөөс дэмжих хүсэлтийг гаргалаа.
Бэлчээр хувьчлахгүй байхыг салбарын сайдад онцгойлон захив. Монголд явагдсан аливаа хувьчлал үргэлж эрх мэдэлтэн, мэдээлэлд ойрхон болоод мөнгөтэй хэн нэгэнд нь ашигтай байж ирснийг иргэд, малчид үг болгондоо онцолж байна.
Бэлчээрийн даацын асуудал аймаг бүрт тулгамдаж, отор нүүдлийн уламжлал алдагдаж малчид хоорондын хэрүүл тэмцлийн нэг сэдэв болсныг онцлон дээрх бодлогуудыг нэгтгэж, шийдвэрлэсэн малчдад чиглэсэн хуулийг батлан гаргахад Ч.Улаан сайдын төрд зүтгэсэн олон жилийн туршлага тус дэм болохыг онцоллоо.