Ё.Баатарбилэг: Багш нарын ажлын  ачааллыг бууруулж ажиллана
2019.03.12

Ё.Баатарбилэг: Багш нарын ажлын ачааллыг бууруулж ажиллана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдах ажилтны улсын анхдугаар зөвлөгөөн амжилттай болж, өндөрлөлөө. Зөвлөгөөний төгсгөлд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.


-Та сар шинийн босгон дээр салбарын сайдаар томилогдсон. Өнөөдөр таны ажлын 22 дахь өдөр тохиож байна. Ажлаа юунаас эхлэв?

-Би УИХ-ын гишүүнийхээ хувьд УИХ дахь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж, эдгээр салбарын асуудлуудтай нэг бүрчлэн танилцаж, холбогдох хууль, бодлогын баримт бичгүүдэд тусгаж, анхаарч ирсэн учраас ажилдаа шууд орсон. Тухайн салбарууд дээр нэн яаралтай тулгамдсан асуудлуудад анхаарч, тэдгээрийг юун түрүүнд шийдвэрлэн ажиллаж байна. Мөн энэ хугацаанд гадаад улсаас Монгол Улсад суугаа зургаан элчин сайд болон олон улсын хэд хэдэн байгууллагын удирдлагуудтай уулзаж, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийн явц, үр дүн, шинэ боломжуудын талаар санал солилцлоо. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд болон яамны харьяа байгууллагууд, зарим сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, багш, ажилтнуудын саналыг сонсож, гарц шийдлийг нь гаргаж, зохих арга хэмжээг авч  ажиллаж байна.  

-Танай салбарын удирдах ажилтны улсын анхдугаар нэгдсэн зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөн юунд чиглэв?

- Дөрвөн салбарын удирдах ажилтны анхдугаар нэгдсэн зөвлөгөөний гол зорилго нь “Бид нэг бодлого, нэгдмэл удирдлага, нэг зорилготой улс эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэж яваа өнөр гэр бүл” гэдгээ ойлголцож үйл ажиллагаагаа уялдуулан ажиллах ёстой гэдгээ хаана хаанаа ойлгож, харилцан дэмтэй ажиллах зарчмын  эхлэлийг тавихад чиглэлээ.

Манай боловсролын салбарт 89.2 мянга, соёл, урлагийн салбарт 7.1 мянга, шинжлэх ухааны салбарт 4.5 мянга, биеийн тамир, спортын салбарт 4.3 мянга, нийт 3218 байгууллагад 105291 албан хаагчид ажиллаж байгаа нь Монгол Улсын төрийн албан хаагчдын 54.7 хувийг эзэлж байгаа юм. Нөгөөтэйгүүр Монгол Улсын нийт хүн амын 32.5 хувь нь цэцэрлэг, бага, дунд сургууль, дээд боловсрол эзэмшүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаагаас гадна давхардсан тоогоор зургаан сая орчим хүн нэгжид  соёл, урлаг, шинжлэх ухаан, спортын салбараар үйлчлүүлж байгаа тоон үзүүлэлт гардаг юм. Үүнээс харахад манай салбарынхны үйлчилгээ ямар чухал, үүрэг, хариуцлагатай салбар болохыг харуулж байдаг. Дөрвөн салбарын төлөөлөгчид нэг дор чуулснаараа ийм “том айлын” нэг салбар гэдгээ мэдэрч, бүгд салбарынхаа хүрээний нэгдсэн мэдээллийг нэгэн зэрэг авч, нэг гараанаас ажилдаа шамдан ажиллах боломжийг олгож байна. Зөвлөгөөнөөр БСШУСЯ-аас 2019 оныг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарлаж, гурван зорилт дэвшүүлж, долоон зарчмыг баримталж ажиллахаа албан ёсоор танилцуулж, тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.

 –Тухайлбал, ямар ямар зорилт дэвшүүлэв?

-Юун түрүүн салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлж ажиллана. Одоогийн байдлаар манай дөрвөн салбарын хэмжээнд нийт 18 хууль, олон улсын 14 конвенц, Улсын Их Хурлын зургаан тогтоол, Ерөнхийлөгчийн 33 зарлиг, Засгийн газрын 132 тогтоол, шийдвэр, сайдын 128 тушаал хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож, урагш ахиулахын тулд салбарын 13 хууль, үндэсний есөн хөтөлбөрийг шинэчлэх болон нэмэлт, өөрчлөлт оруулан боловсруулж, батлуулах нь дээрх зорилтын биелэлтийн нэгэн хэсэг болох учиртай.

Хоёрдугаарт салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлэх зорилт дэвшүүллээ. Маш олон сургууль, цэцэрлэг, соёлын төв, биеийн тамирын зориулалтын байрны барилгын ажлууд удаарширснаар олон мянган хүүхэд, багачууд төрөөс үзүүлэх үйлчилгээг авч чадахгүй байгаа.  Иймд эдгээр гүйцээгүй барилгуудын гүйцэтгэлийг цаг хугацаатай үүрэг өгч дуусгах тал дээр  хамтран ажиллаж байна. Мэдээж энэ асуудалд олон талт хамтын ажиллагаа шаардагдаж байгаа учраас хүндрэлтэй хэдий байгаа ч  хаана хаанаа үл ойлголцлыг арилгаж, ажлын  зөв гарц шийдлийг нь олж, ажиллахаас өөр арга зам бидэнд байхгүй.  Тийм учраас энэ жил захиалагч буюу албан байгууллагын дарга нар өөрсдөө энэ асуудлын араас биечлэн явж, тендерт шалгарсан компаниудтайгаа ажлын уялдаа холбоог сайжруулж, бие биеэ харилцан хариуцлагажуулж, зарчмын шаардлагыг тавьж ажиллах нь чухал байгааг ойлголцсон.  

Гуравдугаарт “Иргэний ёс зүйн боловсролын жил”-ийн хүрээнд салбарын ажлын уялдаа холбоог сайжруулж, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүллээ. Энэ хүрээнд нэлээд ажлыг төлөвлөсөн байгаа.

-Миний ойлгосноор бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлэх зорилт биелэлээ олвол гурван ээлжээр хичээллэдэг явдал арилах нь ээ?

-Бид ч тэгж тооцож байна. Энэ онд бүх хүүхдийг цэцэрлэгтэй болгож, бүх сургуулийг хичээлийн хоёр ээлжинд шилжүүлэх үүрэг даалгаврыг Засгийн газар, Ерөнхий сайдаас надад өгсөн байгаа. Одоогийн байдлаар хөдөөгийн тав, нийслэлийн 23 сургуулийн 8451 сурагч гурван ээлжээр хичээллэж байна. 2019 оны улсын төсвийн хөрөнгөөр 12440 хүүхдийн хүчин чадалтай 22 сургууль, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 3440 хүүхдийн хүчин чадалтай дөрвөн сургууль, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 640 хүүхдийн хүчин чадалтай нэг сургууль, Япон улсын буцалтгүй тусламжаар 1400 хүүхдийн хоёр сургууль нийт 17928 хүүхдийн хүчин чадал бүхий 29 сургуулийг ашиглалтад оруулснаар улсын хэмжээний бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлж чадах юм. Зарим сургуулийн бага ангийн анги дүүргэлтийн асуудал сэтгэл зовоосоор байна. 60-70 сурагчтай ангид зааж буй багш 40 минутад бүх хүүхдэд хүрч ажиллах боломж хомс байна.  

Нөгөөтэйгүүр намар бүр “босч ирдэг” өөр нэг асуудал бол цэцэрлэгийн хүрэлцээ. Яавал энэ асуудлыг шийдвэрлэх вэ гэдгийг тооцож, энэ оны улсын төсөвт суулгасан байгаа. 2019 онд 132 цэцэрлэг шинээр барьснаар 19500 хүүхэд, 2020 онд 42 цэцэрлэг шинээр барьснаар 6850 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж тус тус нэмэгдэх юм.

Мөн малчдын хүүхдийг дотуур байранд бүрэн хамруулах чиглэлд анхаарч ажиллана. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 500 гаруй дотуур байранд 34.7 мянган хүүхэд амьдардаг. Нэмж хамруулах хэрэгцээ байгаагийн зэрэгцээ одоо байгаа дотуур байруудын орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай. Дотуур байруудын 71.3 хувь нь төвлөрсөн бус усан хангамжтай болохоор усаа зөөвөрлөн хэрэглэж байна. Мөн 61 хувь нь гаднаа нүхэн жорлонтой, тэдний бараг тал хувь нь 70 метрээс хол зайд байрлаж байна гэсэн судалгаа бий. Ялангуяа нүхэн жорлонг халах асуудалд анхаарал хандуулж, нэлээд далайцтай аяныг эхлүүлэн ажиллахаар бэлтгэж байна. Энэ бүхнийг тэргүүн ээлжинд шийдвэрлэхэд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг чиглүүлж, үр дүн хариуцлагыг өндөржүүлэн ажиллахыг хичээж байна.

-Бас сурах бичгийн дутагдал гэж нэг асуудал байна?

-Энэ салбарт нэн шаардлагатай шийдвэрлэх нилээд хэдэн асуудлын нэг бол яах аргагүй сурах бичгийн хүрэлцээгүй байдал мөн. Гэхдээ шат дараалалтай, тухай тухайн үед нь аль болох шуурхай шийдээд явах болно. Нийслэлийн хэмжээнд хоёр хүүхдийн дунд нэг сурах бичиг олгож байгаа бол хөдөө, орон нутгийн зарим алслагдсан сум, багийн сургуульд нэг ангид хоёр сурах бичиг оногдож байна. Харамсалтай нь, энэ хичээлийн жилийн тухайд БСШУС-ын сайдын багцад сурах бичиг шинээр хэвлэх нэг ч төгрөг төсөвлөгдөөгүй. Гэхдээ бид сурах бичгийн хүртээмжийг яаж сайжруулах вэ гэдгийг бодлого хэрэгжүүлж буй газрынхантай ярьж байна. Бага анги болон эмзэг бүлгийнхэндээ сурах бичгийг үнэ төлбөргүй өгдөг хуучин журмаараа явна. Гагцхүү дунд, ахлах ангийн үлдсэн хэсэгт нь түрээсийн сурах бичгийг нэвтрүүлээд, хүртээмжийг нь нэмэгдүүлье гэдэг дээр санал нэгдээд ажиллаж байна. Эхний ээлжинд гэхэд өнгөрсөн долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар сурах бичиг хэвлэхэд зориулж 3,7 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэн ажиллаж байна. Мөн энэ асуудлыг Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандез Ломментай уулзах үеэрээ хөндөж, “Түрээсийн сурах бичиг” төслийг дахин хэрэгжүүлэх талаар туслахыг  хүссэн. Тэдний хувьд, үнэхээр тулгамдсан асуудлын нэг байна гэдгийг ойлголоо. Бид “сурах бичгийг санхүүжүүлэх асуудлыг судлан үзээд ойрын хугацаанд хариу өгье” гэсэн байгаа.

Сурах бичгийн хүртээмжийг сайжруулах нь зайлшгүй шаардлагатай ажлын нэг   учраас бид цаашид дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, боломжтой бүх санхүүгийн эх үүсвэрийг  судлан үзэж, зохих арга хэмжээг нэн яаралтай авч ажиллах болно.  

-Ерөнхий боловсролын цөм хөтөлбөрийн талаар шүүмжлэл нилээд байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ ?

-Сайд бүхэн өөрийн нэр хаягтай шинэ ажил хийх гэж зүтгэдгээс болж, салбарын ажлын уялдаа холбоо алдагдсан явдал нэлээд байна. Тиймээс төрийн ажлын залгамж чанарыг чухалчилж, уялдаа холбоог сайжруулахад түлхүү анхаарна. Өмнөх байдлаа шүүмжилж, зогсоохыг урьтал болгохгүй. Урагшаа харж ажиллана. Тухайлбал, ерөнхий боловсролын сургалтын “Цөм” хөтөлбөрийн агуулгад судалгаа, дүн шинжилгээ хийж, хөтөлбөрийн зарим алдаа дутагдлыг засаж, үр дүнг сайжруулах, ингэснээр ЕБС-ийн сурагч, багш нарын ачааллыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Яг энэ асуудлаар хөдөө орон нутаг, нийслэлийн сургуулиудад 10-аас дээш жил ажилласан туршлагатай 70 гаруй багшийн бүрэлдэхүүнтэй баг бага, суурь, бүрэн дунд боловсролын “Цөм” хөтөлбөрийн үндэсний хэлэлцүүлгийг хэдхэн хоногийн өмнө хийсэн байгаа. Сургалтын хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч багш нар хөтөлбөртөө өөрсдөө дүн шинжилгээ хийж, засаж залруулах олон зүйл байгааг хэлэлцэж, зохих гарцыг гарган сайжруулж ажиллахаар шийдэлд хүрсэн. Мөн багшийн ажил, үүргийн 37 хувь нь үндсэн, 63 хувь нь нэмэлт ажилд зарцуулагдаж байна гэсэн судалгаа гарч, багш нар сурагч нэг бүртэй ажиллахад биш бичиг цаастай ажиллахдаа хамаг цагаа алдсаар байгаад нилээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ бүхнийг судалж нягталсны үр дүнд засаж залруулна. Зориуд тодотгон хэлэхэд “Цөм” хөтөлбөрийг өөрчлөхгүй, харин засаж залруулан илүү боловсронгуй болгож, цаашид хэрэгжүүлнэ.

Дээд боловсролын эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлж, элсэлтийн ерөнхий шалгалттай уялдуулсан дээд боловсролын байгууллагын түвшин, ранкыг тодорхойлно. Их дээд сургуулиудын чанарт онцгой анхаарал хандуулж, магадлан итгэмжлэл, явцын үнэлгээний журам зааврыг шинэчилнэ. УИХ, Засгийн газрын шийдвэрүүдийг үндэслэн зарим төрийн өмчит их, дээд сургуулийг хотхоны зохион байгуулалттайгаар шинээр байршуулж, хөгжүүлэх талаар судалгааны ажлыг эхлүүлнэ.

-Их, дээд сургуулиудыг хотоос гаргаж, төвлөрлийг сааруулах асуудал “утааны улиралд” сөхөгдчихөөд бусад үед таг чиг болчих юм. Багануур дүүрэг рүү шижлүүлэх ажил яагаад зогссон бэ?

-2010-2012 оны үед Багануур дүүрэг рүү их, дээд сургуулиудыг нэгдсэн хотхон хэлбэрээр гаргая гэсэн яриа хүчтэй өрнөсөн. Тэгээд тодорхой судалгаа, шинжилгээнүүдийг хийж үзэхэд төлөвлөсөн газар нь цэвдэгтэй, нийслэлээс хэт хол учраас багш, оюутнуудын нийгмийн асуудлыг тооцоогүй байсан гэж үзээд зогсоосон юм билээ. Тиймээс нилээд олон асуудлыг давхар сайн тооцож,  судалгааны ажлын үндсэн дээр хийх нь чухал байгаа.

-Шинжлэх ухааны салбарын хувьд энэ оны зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд ямар ажил хийгдэх вэ?

-2019 онд шинжлэх ухаан, технологийн салбарын зардалд улсын төсвөөс 38,4 тэрбум төгрөг баталсан. Өмнөх оныхоос 2,6 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байгаа хэдий ч энэ нь зөвхөн цалингийн сангийн өсөлт юм. Олон улсын туршлагаас харахад шинжлэх ухааны салбарт зарцуулж буй хөрөнгийнх нь хэмжээгээр улс орнуудыг ангилсан байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 0,4 хувиас бага бол шинжлэх ухаан үзэгдлийн төдий байр суурьтай, түүнээс дээш бол тухайн улс оны хөгжилд нөлөөлөх, бүр 1,5-аас дээш бол мэдэгдэхүйц нөлөөтэй зэргээр ангилсан байгаа юм. Харамсалтай нь манай улсын хувьд шинжлэх ухааны салбар нийгэм, соёлын үзэгдэл төдий байсаар ирсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх шинжлэх ухааны салбарын зардлын хэмжээгээр бид Ази тивийн дундажаас 10, Америк тивийн дундажаас 12 дахин бага байгаа нь энэ салбараа анхаарах зайлшгүй шаардлага байгаа гэдгийг харуулж байгаа юм.  

Сүүлийн гурван жилд шинжлэх ухааны салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагуудын байр байгууламж болон тэнд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж хуучирч, шаардлага хангахгүй түвшинд хүрч байна. Тиймээс юуны түрүүнд  ШУА-ийн нэгдсэн байрны өргөтгөлийн ажлыг эхлүүлнэ. 2019 онд төсөвт 1.5 тэрбум төгрөг батлагдсан. Инженер технологийн дээд боловсрол төслөөр МУИС, ШУТИС-ийн судалгааны лабораториудын тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулж 34 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтыг хийнэ. Мөн шинжлэх ухааны нэгдсэн лабораторийн барилгыг ашиглалтад оруулж, салбар дундын нээлттэй лабораториуд ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллана.

-Гадаадын шинжлэх ухааны байгууллагууд “мөнгө олж” болоод байхад манайх яагаад болохгүй, зөвхөн төсвөөс татаас аваад суудаг юм бэ?

-Саяын зөвлөгөөнөөр яг наад асуудлыг чинь хөндөж ярилцлаа. Шинжлэх ухааны байгууллагууд, судалгааны хүрээлэн, төвүүдийн өөрийн үйл ажиллагаа, судалгаа боловсруулалтын үр дүнгээс олсон орлогыг өөрсдөө зарцуулдаг байх боломж нөхцөлийг судалж шийдвэрлэх хэрэгтэй болжээ. Мөн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэргэдэх инкубатор төв, технологи дамжуулах төвүүдийн үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, гарааны компанийг бий болгож хөгжүүлэх, шинэ мэдлэг, инноваци бүтээх үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй байна. Ингэхийн тулд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани (start-up) байгуулах журмыг баталж хэрэгжүүлэх ажлыг судалж байна. Судалгааны үр дүнг хэлэлцэж, эрх зүйн орчныг нь сайтар шийдвэрлэвэл  ижил төстэй олон улсын байгууллагуудтай дүйцэхүйц боломж нөхцөл байдал бий болж, шинэ мэдлэг, шинэ технологийн үр дүнг шууд нэвтрүүлэх боломж нээгдэх болно.   

-Тэгвэл улс орны нүүр царай болсон соёлын салбарын хувьд хэрхэн ажиллахаар төлөвлөж байна?

-Нүүр царай гэхээсээ илүү монгол үндэстний оршихуйн дархлаа салбар гэдэг агуулгаар хандаж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар өнгөрсөн жил “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөнийг зохион байгуулж, тус зөвлөгөөнөөс Соёл, урлагийн үндэсний зөвлөл байгуулах шийдвэр гарсан. Энэ зөвлөл саяхан анхны хуралдаанаа хийж зорилгоо тодорхойлж, ажлаа ярьж хэлэлцлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй Монгол хүнийг хүмүүжүүлэх их үйлийг бид мартан цалгардуулах учиргүй. Олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуул” гэсэн үүргийг манай салбарт өгсөн. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Соёл, урлагийн үндэсний зөвлөлөөс “Монгол хүний үнэ цэнийг дээдлэх, нийтийн соёлын түвшинг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх” цогц арга хэмжээг улс орон даяар зохион байгуулна. Саяын зөвлөгөөнд Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч, Ерөнхий сайд “Илгээлт” ирүүлж, манай салбарынханд тавьсан зорилтуудаа хэрэгжүүлж,   амжилт гаргахыг хүссэнд бид талархаж байна.   

Соёлын салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр “Соёлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Кино урлагийг дэмжих тухай хууль”, “Музейн тухай хууль”-ийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж, “Номын сангийн тухай хууль”, “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж ажиллана. “Соёл, урлагаар дамжуулан бүх нийтийг соён гэгээрүүлэх” ажлын хүрээнд “Музейтэй Монгол”, “Хүүхэд, залуусын уншлагыг дэмжих”, “Монгол наадгай” аяныг зохион байгуулж, “Урлаг, хүүхэд, боловсрол” хүүхдийн үзвэрийн жилийг зарлан, олон нийт болон хүүхэд залууст хүргэх ажлыг жилийн туршид хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Энэ жил ямар томоохон арга хэмжээнүүд болох вэ?

-“Азийн аварга шалгаруулах ардын урлагийн их наадам”-ыг зургадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулна. Бүх ард түмний урлагийн их наадам болно. Олон улсын театрын "Прагийн Квадреналь" буюу "PQ-19" сценографийн их наадам, Венецийн 58 дугаар биеннальд Монгол Улс албан ёсоор оролцоно.

Мөн Халх голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх, Монгол улс БНХАУлстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн  ойн хүрээнд зохиогдох арга хэмжээнүүдийн талаар хоёр хөршийнхээ холбогдох газруудтай хамтран ажиллаж байна.  Энэ ажлуудын талаар хоёр хөршийн элчин сайдуудтай уулзахдаа ярилцаж тохирсон ажлыг удахгүй эхлүүхээр бэлтгэж байна.

Нэмж хэлэхэд соёлын салбарын үйлчилгээний хүртээмж харилцан адилгүй байна. Зөвхөн зориулалтын байр сууцны талаас нь харахад орон нутаг харьцангуй хангалттай байхад нийслэлийн хувьд театр, музей, номын сан, үзвэр, үйлчилгээний томоохон байгууламжууд ихээхэн учир дутагдалтай байгааг харж, тиймээс яавал илүү боломжтой болох нөхцөлийг судалж байна.

-Спортын салбарт ямар ажил хийгдэх вэ?

-Хүн төрөлхтөний энх тайвны бэлэг тэмдэг болсон “Токио 2020” олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны төлөвлөгөөт ажлыг эрчимжүүлэх, үндэсний шигшээ багийн тамирчдыг олон улсын тэмцээн болон хамтарсан бэлтгэлд оролцоход дэмжлэг үзүүлж бэлтгэлийг хангах нь салбарын чухал зорилтын нэг юм. Тиймээс Олимпийн наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн ирэх онд манай улсад зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд-2020” олон улсын спортын наадмын бэлтгэл ажлыг хангаж, наадамтай холбоотой бэлтгэл ажил, шаардлагатай барилга байгууламжийг барих талаар онцгой анхаарч, холбогдох газруудтай хамтран ажиллаж  байна.

-2019 оныг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгон зарласны шалтгаан юу вэ?

-Монгол Улсын Засгийн газраас төрийн албаны шударга байдал, иргэдээ дээдэлсэн төрийн үйлчилгээ, сахилга хариуцлагыг бэхжүүлэх нь хөгжлийн нэг тулгуур гэж тодорхойлсон. Тийм учраас Засгийн газар 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ээр зарласан байгаа. Энэ хүрээнд манай яам 2019 оныг “Иргэний ёс зүйн боловсролын жил” болгохоор шийдсэн юм.

“Иргэний ёс зүйн боловсролын жил” гэдэг бол иргэний боловсрол юм уу, ёсзүйн хичээл, сургалтын тухай яриа биш юм аа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын нийт ажилтан, албан хаагчдын зүгээс иргэнээ дээдэлсэн төрийн үйлчилгээг үзүүлэх нэн тэргүүний зорилт юм. Энгийн жишээ татъя л даа. Бидний багад, хэрвээ багшийн хүүхэд алдаа гаргавал, “Чи багшийн хүүхэд байж яагаад ингэж байгаа юм бэ” гэдэг байлаа. Багшийн хүүхэд алдах эрхгүй, үлгэр жишээ байсан шүү дээ. Манай ард түмэн багш болгоныг “ардын багш” хэмээн нэрлэж, хүндлэн биширдэг. Сайн багшаас сайн шавь төрж, сайн шавь нар нь сайхан нийгмийг бүтээнэ. Тэгэхээр гэрэл гэгээтэй, сайхан нийгмийн төлөө үзүүлж буй бүхий л үйлчилгээгээ “нэр төртэй, ёс зүйтэй, хатуу чанд сахилга баттай, зарчимч, шударга, үлгэр дуурайлалтай ажил хэрэгчээр явуулах” нь бидний үүрэг юм. Манай салбараас ард иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ чанартай, хүртээмжтэй байхаас гадна иргэдийнхээ ёс зүйн боловсролыг улам төгөлдөржүүлэхэд түүчээ нь болох болно. Салбарын удирдах ажилтнууд мэдлэг, ур чадвар, ёс зүйгээр хамт олон, салбараа манлайлан үлгэр жишээчээр, сэтгэл зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэж байна. Бид ёс зүйг өөрсдөөсөө эхэлснээр бусдад түгээх боломж, нөхцөл улам илүү бүрдэх болно.  

Т.САЙХАНАА

Эх сурвалж: Өдрийн сонин”

2019.03.11 №050 (6151)