Мэдээлэл технологийн барилгын төслийг эрчимжүүлнэ
2019.03.12

Мэдээлэл технологийн барилгын төслийг эрчимжүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд М.П. Сингхийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банкны хооронд  2012 онд “Монгол Энэтхэгийн хамтарсан Мэдээлэл технологийн боловсрол, Аутсорсингийн төвийн барилга байгууламж” төслийн зээлийн гэрээг байгуулсан ч тодорхой шалтгаанаар олон жил зогсонги явж ирсэн. Энэ төслийн ажлыг эрчимжүүлэх талаар ярилцлаа.

Мөн багшийг хөгжүүлэх чиглэлээр Энэтхэг Улсад багш нарыг сургалтад хамруулдаг байсан хуучин уламжлалаа сэргээх боломжтой гэдгийг ноён Элчин сайд онцоллоо.   

2010 оноос хойш яригдсан Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулах асуудлыг энэ үеэр хөндлөө. 2016 оноос хойш Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийг Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль болгохоор шийдвэрлэж, Нийслэлийн Боловсролын газраас тус сургуулийн эзэмшил газарт өргөтгөл барих байдлаар 16 дугаар сургуулийн одоогийн хэв шинж, хамран суралцуулах тойргийг хэвээр хадгалж, олон улсын хөтөлбөртэй хамтарсан сургууль байгуулах санал гаргасан.

Сургуулийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Энэтхэгийн талаас видео уулзалт зохион байгуулах санал тавьсан. Энэхүү видео хурлыг ойрын үед зохион байгуулах, хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор хамтарсан ажлын хэсэг байгуулж, сард нэг удаа хуралдаж байхаар энэ үеэр тохиролцлоо.

Ирэх оны эхэнд Энэтхэг улсад Монголын соёлыг өдрийг зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.