Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Неюнгүү Парк-тай уулзав
2019.03.15

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Неюнгүү Парк-тай уулзав

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 2019 оны 3 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийх үеэр тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Неюнгүү Парк-тай уулзлаа.
Уулзалтын эхэнд Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Неюнгүү Парк хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа , хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэн хэлээд хоёр улсын эрүүл мэндийн Дэд сайд нараар ахлуулсан “Сөүл төсөл”-ийн хэрэгжилтийг ханган ажиллах Зөвлөлдөх ажлын хэсгийн хуралдаан жил бүр Улаанбаатар, Сөүл хотод ээлжлэн амжилттай зохион байгуулагдаж байгаа нь хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаагийн тод илрэл болохыг хэллээ.

Үүний дараагаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаатай санал нэг байгаагаа илэрхийлээд ялангуяа “Сөүл төсөл”-ийн хүрээнд жил бүр 20 орчим эмч мэргэжилтнүүд Солонгосын эмнэлгүүдэд зохион байгуулагддаг эмнэл зүйн сургалтад хамрагдаж байгаад талархал илэрхийлэв. Энэхүү төсөл нь эрүүл мэнд, анагаах ухааны салбарын хөгжил, эмнэлгийн байгууллагуудын соёл, үйлчилгээг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, Монгол Улсад оношилж эмчлэгддэггүй өвчний тоог цөөрүүлэх, гадагш өндөр үнэ өртөгтэй оношилгоо, эмчилгээ хийлгэх иргэдийн урсгалыг бууруулж, дэлхийн жишигт ойртсон чанартай тусламж үйлчилгээг эх орондоо авах боломжоор хангах үйлсэд хувь нэмрээ оруулж байгааг онцлон хэллээ.

Мөн хөрөнгө оруулалт, анагаах ухаан, эрүүл мэндийн шинэ дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлүүдээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа ба ялангуяа БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төсөл амжилттай хэрэгжиж, тун удахгүй төвийн барилга ашиглалтад орох гэж байгаад баяртай байгаагаа хэллээ. Түүнчлэн эрүүл мэнд, анагаах ухааны салбар хурдацтай хөгжиж байгаа боловч Солонгос Улсад оношилгоо, эмчилгээ хийлгэх иргэдийн тоо буурахгүй байгаагийн зэрэгцээ ард иргэдээс оношилгоо, эмчилгээ хүсэлтүүд ихээр ирж байгаа тул оношилгоо, эмчилгээний төлбөрийн тал дээр анхаарч өгөхийг хүслээ.
Уулзалтын явцад талууд дээрх болон бусад сонирхсон сэдвүүдээр дэлгэрэнгүй харилцан ярилцаж, цаашид эм, эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх, эмийн үнийг тогтвортой байлгах, эмийн хүртээмжийн асуудлаар хамтран ажиллахаар тохирлцлоо