УИХ-ын дарга Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцов
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшеттигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав нарын зэрэг төлөөлөгчид багтан ажиллаж байна.
Айлчлалын үеэр хоёр орны хууль тогтоох байгууллагын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, манай төлөөлөгчид Швейцарийн парламентын хуралдааны дэгийн туршлагатай танилцахаас гадна УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Төрийн зөвлөлийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Ханс Штөкли болон Гадаад хэрэг, Сангийн яамны өндөр албан тушаалтнуудтай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар ярилцах юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар айлчлалын эхний өдрөө Монгол-Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо.
Энэхүү арга хэмжээг Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн нээж, хоёр улсын парламентын тэргүүн нар харилцан үг хэлэв.
Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти хэлсэн үгэндээ дипломат харилцааны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцож байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн тэмдэглээд, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар анхны гадаад айлчлалаа Швейцарийн Холбооны Улсаас эхэлж буйд баяртай байна гэв.
Тэрбээр 7000 гаруй км алс зайд, хоёр өөр тивд оршдог, түүх соёл, ёс заншлын хувьд өөрийн гэсэн онцлогтой манай хоёр үндэстнийг өнгөц харахад нэлээд ялгаатай мэт харагдах ч нийт газар нутгийн гуравны нэг нь уулархаг, үзэсгэлэнт байгальтай, ард түмэн нь эх болсон нутаг газраа чин сэтгэлээсээ хайрладаг, өв соёлоо дээдэлдэг гээд олон зүйлээр бид ижил төстэй билээ.
Миний хувьд ирэх 6 дугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийх болно. Энэ үеэр сэтгэлийг минь татсаар байгаа Монгол оронтой илүү ойр танилцах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн харилцаагаа илүү өндөр түвшинд хөгжүүлэхэд айлчлал маань чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна хэмээн онцоллоо.
Хатагтай Марина Кароббио Гүшетти хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд бидний зүгээс техникийн туслалцаа үзүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна туршлага мэдлэгээ харилцан хуваалцах нь ойрын үеийн чухал зорилт байх болно. Түүнчлэн монгол иргэдийн амьжиргааг дээшлүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн зэрэг салбарт хамтран ажиллахыг бид сонирхож байна гэв.
Тэрбээр аялал жуулчлал бидний хувьд ихээхэн ирээдүйтэй салбар гэдгийг Монголд айлчилж буй швейцарь жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж буйгаас харж болно гэдгийг тэмдэглэлээ.
“Бид тавин таван жилийн турш найрсаг харилцаатай явж иржээ. Өнөөдөр бид ойг нь тэмдэглэж байна. Энэ бол эцсийн цэг биш. Үүнээс цааш цоо шинэ шатанд гарах ёстой. Энэ нь хоёр ард түмний эрх ашигт бүрнээ нийцнэ” гэж тэрбээр онцолсон юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар үгийнхээ эхэнд ойн арга хэмжээнд оролцож буй бүх хүмүүст баярын мэнд дэвшүүлж, Монгол Улсын парламентын төлөөлөгчдийг элэгсэг дотноор хүлээн авч буйд нь хатагтай Марина Кароббио Гүшетти болон Швейцарийн Засгийн газарт талархал илэрхийлэв.
“Зуун жилийн өмнө манай өвөг дээдэс эх орныхоо бүрэн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг эхлүүлж байх үедээ Монгол Улс Швейцарь лугаа хөгжих замыг сонгох нь зүйтэй гэж үзэж байсан түүх бий. Энэ нь дэлхийн хүчирхэг гүрнүүдийн дунд оршдог, далайд гарцгүй, харьцангуй цөөн хүн амтай зэрэг Монгол, Швейцарийн ижил төстэй зүйлийг анзаарч байсан төдийгүй улс гүрнүүдтэй эрх тэгш зэрэгцэн орших замаар улсынхаа хөгжлийг тэтгэж ирсэн Швейцарь Улсын загварыг бидэнд тохирно гэж бодож байсны илрэл болов уу” гэлээ.
Тэрбээр өнгөрсөн 55 жилд хоёр орон ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, дэлхий дахинд энх тайвныг бэхжүүлэх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан итгэмжит харилцааг хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд ч үр бүтээлтэй хамтран ажиллаж ирснийг онцолсон юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс Швейцарийн Холбооны Улстай тогтоосон харилцаагаа боломжтой бүхий л салбарт хөгжүүлж, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тухайлбал, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын харилцааг шинэ түвшинд хүргэж, Швейцарийн дэвшилт технологийг нэвтрүүлэх нь чухал гэж үзэж байна хэмээн тэмдэглэлээ.
Тэрбээр үгийнхээ төгсгөлд “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж монголчууд хэлэлцдэг. Монгол Улс нэг намын тогтолцоо, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг халж, ардчилал, хүний эрх, хууль ёсыг дээдэлсэн нийгэм байгуулах, зах зээлийн харилцаанд шилжих томоохон өөрчлөлт хийхэд Швейцарийн Холбооны Улс эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд бид талархдаг. Тиймээс энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс Швейцарийн Холбооны Улсын парламент, Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар ойн арга хэмжээнд оролцсон, гадаад улс орнуудаас Швейцарьт суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай уулзан санал солилцож, хамтын ажиллагааны сэдвээр яриа хөөрөө өрнүүллээ.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Швейцарийн Холбооны Улс. Берн хот. 2019.03.12