2019.03.12

“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 92-р цэцэрлэгт засвар хийнэ

Сонгинохайрхан дүүрэг 1999 оноос эхлэн Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж эхэлсэн түүхтэй. Энэ онд хамтын ажиллагаа эхлүүлсний 20 жилийн ой тохиож байна.

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс”, “Жайка”, “Хүүхдийг ивээх сан”-гийн төслийн хүрээнд нийгэмд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээнүүд хийгдэж байна. Тухайлбал “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 1999 онд эмнэлгийг сайжруулах төсөл, 2013 онд 74 дүгээр сургуулийн дотуур байрны их засвар, 2017 онд 117 дугаар цэцэрлэгийн засварын төсөл зэрэг томоохон хөрөнгө оруулалтын 7 ажил хийгдэж, 20 жилийн хугацаанд 470.563 ам.доллар зарцуулсан байна.

Харин өнөөдөр “Өвсний үндэс” төслийн хөрөнгө оруулалтаар 92 дугаар цэцэрлэгийн засварыг хийх гэрээ байгуулж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Засаг даргын орлогч Д.Ундармаа нар гарын үсэг зурлаа.

Уг арга хэмжээ нь 11 мянга гаруй хүн амтай хорооны 0-5 насны 1589 хүүхдийн сургуулийн өмнөх боловсрол эзэмших, хүмүүжих орчны эрүүл, аюулгүй байдлыг хангаж, сургалтын таатай нөхцлийг бүрдүүлж байгаа ач холбогдолтой арга хэмжээ болж байна.