2019.03.25
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Эрдэнэт, Дархан хотод ажиллалаа
Шударга ёсны төлөө хамтдаа тэмцсэн 5 гишүүнээ төлөөлөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Эрдэнэт, Дархан хотын иргэдтэй амралтын өдрүүдээр уулзалт хийж, нээлттэй ярилцлага өрнүүлсэн байна.
Энэ үеэр,
- Эрдэнэт үйлдвэр үүсгэн байгуулагдсанаас хойшхи 45 жилийн түүхэнд анх удаа Монгол төрийн 100 хувийн өмчид орсныг баталсан Эрдэнэт үйлдвэрийн гэрчилгээ, тамгыг хүлээлгэн өглөө,
- Эрдэнэт үйлдвэрт Засгийн газраас тогтоосон онц байдлыг мушгин гуйвуулж, буруу ойлголт төрүүлэх аргаар Үйлдвэрчний эвлэлүүдийг хагаралдуулж, өөрсдийн эрх ашгийг гүйцэлдүүлэх гэсэн нам дамжсан этгээдүүдийн явуургүй үйлдлүүдийг эрдэнэтчүүдийн хамтаар илчилж, цорын ганц зөв ойлголт дээр иргэдтэйгээ байр сууриа нэгтгэж чадлаа. Эрдэнэт үйлдвэр дээр болж бүтэхгүй байгаа аливаа асуудлуудыг шийдээд, засаад явахыг нэр бүхий 5 гишүүн шаардах болно,
- Эрдэнэтийн зэсийн хүдрийн овоолгоор дамжин эрдэнэтчүүдийг хохироосон аливаа үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулж, иргэдийн хохирлыг барагдуулах ажлыг яаравчлахыг, "Ачит Ихт" ХХК-ийн эзэмшлийн 51 хувийг төрд яаралтай авч, баялгийн санд, ард түмний мэдэлд шилжүүлэхийг таван гишүүн шахна гэдгийг мэдэгдэв,
- С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дахин шалгахаар Засгийн газар, ҮАБЗ-ийн хурлаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдлээ,
- Бүх стратегийн ордуудыг төрийн өмчид авч, иргэддээ хувьцаа байдлаар эзэмшүүлэх зорилгын хүрээнд Дарханы төмөрлөгийн ордыг ард иргэдийн өмч болгож, Төмөрлөгийн үйлдвэрийг Дархан хотдоо аж үйлдвэрийг ажилд нь оруулж аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажилд ханцуй шамлан орно,
- Эрдэнэт, дарханчуудын нийгмийн олон асуудлууд ялгаагүй монголчуудын өмнө тулгамдсан асуудал бөгөөд иргэдийн хүсэлтийн дагуу шаардлагатай нийгмийн халамжийн хуулиудыг өргөн барина гэдгээ илэрхийллээ,
- Дарханд, төдийгүй Эрдэнэтэд, бүх монголчуудын өмнө тулгамдсан асуудлуудын нэг нь газрын асуудал гэдгийг энэ уулзалтуудаар дахин сонслоо. Монгол Улсад байгаа аливаа газрын эрхийг ард иргэдэд өгөх, нийт иргэд газартай, өмчтэй байх, газрын асуудлыг хөгжлийн түвшинд авч үзсэн хуулийн төслийг өргөн барина гэдгээ илэрхийллээ,
- Хөгжлийн гурван тулгуур, аж үйлдвэрийн алтан гурвалжин Дархан, Эрдэнэт хотыг үйлдвэржүүлэх, иргэдийг нь газрын эрхтэй, баялгийн эзэн, чинээлэг хангалуун амьдрахын төлөө гишүүд тэмцлээ тууштай үргэлжүүлэхийг тус тус мэдэгдлээ.
Уулзалтууд нээлттэй, харилцан санал бодол солилцсон, ажил хэрэгч өрнөсөн бөгөөд олон иргэд Л.Болд, Ж.Батзандан гишүүдээс шинээр үүсгэн байгуулж байгаа улс төрийн намд гишүүнээр, элсэхээ, тууштай дэмжихээ илэрхийлсэн байна.