Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Тог тасардаггүй системтэй болохыг зорьж байна
2019.05.01

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Тог тасардаггүй системтэй болохыг зорьж байна

Эрчим хүчний салбар өвлийг хэрхэн даван туулав гэдгээс яриагаа эхлэе.

Өвлийн оргил ачааллын үед цахилгааны хэрэглээ өнгөрсөн жилтэй харьцуулахад 70-90 МВт-аар өссөн дүнтэй гарлаа. Харьцангуй дулаахан өвөл болсон нь өвлийг хүндрэлгүй даван туулахад сайнаар нөлөөлсөн. Өмнөх өвөл хасах 40 хүрэхэд салхин станцууд зогсож системд дутагдал үүсэж байсан бол энэ өвөл иймэрхүү ноцтой хүндрэл гарсангүй. Эрчим хүчний импортын хэрэглээ 1.6 тэрбум квт цаг болж төлөвлөсөн хэмжээнээс буурсан.

Манай эрчим хүчний тоноглолууд хуучирч элэгдэлд орсон учраас санаа зовж л байлаа. Харин өвлийн эхэнд баруун бүсэд онц ноцтой салхи шуурга болж хоёр ч газар өндөр хүчдлийн тулгуурууд унаж ОХУ-аас авах эрчим хүч тасалдаж томоохон сорил болсон. Энэ байгалийн онц ноцтой үзэгдэл 10 жилийн давтамжтай 1998, 2008, 2018 онуудад гурван удаа давтагдлаа. Өмнөх авааруудад олон өдрөөр эрчим хүч тасалдсан бол энэ удаа харьцангуй богино хугацаанд 4 хоногт багтаан цахилгааны саатлыг арилгасан. Жишээ нь, 2008 онд аваарын нөхцөл байдлаас гарахын тулд бараг сарын хугацааг зарцуулсан байдаг. Мөн Улаанбаатар дэд станц дээр гарсан аваарыг эс тооцвол Төвийн бүсэд ноцтой хүндрэл саатал гарсангүй гэж хэлж болно.

Өмнө энэ дэд станц дээр 2015 онд ижил аваар гарахад улс орон даяараа тоггүй болж байсан энэ удаа зүүн бүс тасалдаад өнгөрсөн. Энэ нь өмнөх аваарын дараа холбогдох арга хэмжээг сайн авч хэрэгжүүлсэний үр дүн. Өвөл өнгөрсөн гээд манай салбарынхан тайвшираагүй. Хаврын болзошгүй салхи шуурганаас сэрэмжлэх зорилгоор системийн өндөр хүчдлийн шугмуудад үзлэг байнга хийж байна. Энэ хүрээнд жижиг сажиг зөрчил, гэмтлийг цаг алдалгүй засаж залруулж ажиллаж байна.

Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрийг өнгөрсөн намар ЗГ-аар баталсан. Ямар хугацаанд хэрэгжих хөтөлбөр үү. Шинэчлэх шаардлага юу байв?

Шаардлага талаас нь эхэлж хариулъя. Ажил авсны дараа, манай улсын эрчим хүчний хэрэглээнээс даруй 13 дахин их буюу 13000 МВт-ын хүчин чадал бүхий тусгай зөвшөөрөл олгосныг мэдээд гайхсан. Яагаад гэвэл эрчим хүчний үйлдвэрлэлийн онцлог бол байгаа хэрэглээндээ л тохирсон хэмжээгээр цахилгаан үйлдвэрлэж нийлүүлдэг. Тодруулбал, илүү үйлдвэрлээд түүнийг бараа бүтээгдэхүүн шиг склад, сав суулганд хадгална гэдэг ойлголт байдаггүй. Манай систем илүү үйлдвэрлэснээ ОХУ луу нийлүүлээд, дутбал авдаг. Ийм л зарчмаар зохицуулалтаа хийж ажилладаг. Өчигдөр жишээлбэл, 940 МВт хэрэглээ байсан учраас 830 МВт-ын цахилгааныг үйлдвэрлэж, 110 МВт-ыг ОХУ-аас импортоор авч системд нийлүүлсэн байна. Ойрын 10 жилд 13000 МВт-ын хэрэглээ бий болох магадлал маш бага. Гадагш экспортлох асуудал ч тодорхойгүй байна.  Мөрөөдлөө ч гэсэн баримжаатай байх ёстой. Тиймээс бодлого, төлөвлөлтгүй олгосон лицензийн асуудлыг цэгцлэх шаардлага гарч ирсэн. Ер нь хүрэн нүүрсний уурхай бүр дээр Дулааны цахилгаан станц барих зөвшөөрөл олгочихсон гэхэд хилсдэхгүй. Дээрээс нь ойрын 10 жилд хэрэгжүүлэх боломжгүй их хүчин чадлын нар, салхины лиценз олгочихсон. Одоогийн манай системийн боломж бол 250 МВт хүртэл хэмжээний хүчин чадлын нар, салхины станцыг багтааж, шингээх боломжтой. Түүнээс дээш бол нар жаргах, салхи намсах үед үүсэх чадлын дутагдлыг хаах эх үүсвэргүй, хэрэглэгчдийг хязгаарлах буюу “тог таслах” нөхцөл байдал үүснэ. Тйимээс нар, салхинаас үүсэж буй дутагдлыг ОХУ-аас авахаас өөр аргагүй байдал үүсгэдэг. Энэ нь импортын хэрэглээг нэмэгдүүлэх болсон.

Иймд цаашид салбарын хөгжлийг буруу явуулчихгүйн үүднээс дунд хугацааны хөтөлбөрийг тодотгож шинэчлэн баталсан. Хөгжил төлөвлөлтийг эрчим хүчний бодит хэрэглээ, хөгжлийн чиг хандлагатай нь уялдуулахыг эрмэлзлээ. Мөн Дэлхийн банктай хамтран Эрчим хүчний салбарын Мастер төлөвлөгөөг хамтран боловсруулж байна. Бид чинь бодлого, төлөвлөгөө баталчихаад түүнийгээ дагадаггүй нэг буруу зуршилтай. Тиймээс нэг талаар, Олон улсын байгууллагуудаар мониторинг хийлгэж шахуулж байя, нөгөө талаар санхүү, эх үүсвэр олдох магадлал талаас нь бодолцож Дэлхийн банктай хамтарч байгаа юм. Мөн манайхан чинь бизнесээ төлөвлөлтөд тусгаж, хэрэгжүүлэх гээд байдаг хүмүүс. Дэлхийн банкаар хийлгэвэл ийм зүйл гарахгүй гэдгийг ч давхар бодолцсон хэрэг. Хөтөлбөрийг 2018-2023 онуудад хэрэгжүүлнэ.

Таныг Оросын хоцрогдсон технологийг дэмжигч, хөгжлийн том төсөл ярьсангүй гэх нэгэн бас байна. Энэ талаар тодруулаач?

Багануур, Бөөрөлжүүдийн болон Таван толгойн гээд томоохон шинэ эх үүсвэрүүдийг төр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулахаар төлөвлөсөн байгаа. Гэхдээ энэ төслүүд чинь доод тал нь 4 жилийн дараа ашиглалтад орно. Одоо манай эрчим хүчний системийн суурилагдсан чадал  шинээр бий болж буй хэрэглээг нөхөж чадахгүйд хүрчхээд байна. Жилд 70-100 МВт-ын хэрэглээ өсөж, шинэ эх үүсвэр шаардлагатай болж байна. Тийм учраас цаг хожиж, бага зардлаар эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болъё гэвэл одоо байгаа дулааны станцуудын дэд бүтцээ ашиглаад шинэчилж, өргөтгөх нь илүү үр дүнтэй, цаг хожно. Энэ хүрээнд, Дөрөвдүгээр цахилгаан станцын 4 генераторыг шинэчилж 90 МВт, Гуравдугаар цахилгаан станцыг 75 МВт-аар хүчин чадлыг нэмэгдүүлж, 250 МВт-аар өргөтгөн, мөн Амгалангийн Дулааны станцыг 50 МВт-аар өргөтгөж чадвал, 465 МВт шинэ эх үүсвэрийг ойрын хугацаанд бий болгож чадна. Мөн Дулааны 2 дугаар цахилгаан станцыг 250-300 МВт болгож өргөтгөх ТЭЗҮ-ийг хийж дууслаа. Хөрөнгө оруулалтын тодорхой саналууд ирж байгаа. Үүнийг энэ жил эхлүүлж чадбал 3 жилийн дараа ашиглалтад орно. Саяын дурдсан өргөтгөл, шинэчлэлийн ажлуудыг хийж амжвал ойрын 5 жилдээ эх үүсвэрийн дутагдалд орохгүй. Наад хоцрогдсон технологи гээд байгаа нь шалтаг хайсан хүний л үг байх. Хэн юу гээд хэлчих бол гэж айгаад байвал юу ч хийгдэхгүй шүү дээ. Мэдээж шинэ техник, технологи нэвтрүүлэхийг л зорьж байна. Тиймээс эрчим хүчний салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх зорилгоор энэ жилийг “Ухаалаг эрчим хүчний жил” болгож зарласан. Цахилгаан станц болон дулаан, цахилгааны дэд станц, шугамуудад ухаалаг тоноглол, программуудыг ашиглана. Жишээ нь, нийслэлийн дулааны сүлжээний насос, тоолууруудыг ухаалаг болгож эхэлнэ. Ингэснээр хэмнэлт үр ашиг, аюулгүй байдалд томоохон дэвшил гарна. Наад зах нь нэг байр хэт халаад хажуугийн байр халахгүй байна гэдэг гомдол алга болно. Эрчим хүч бол улс орны гал голомт. Тйимээс Эрчим хүчний салбарын хөгжлийг зөв чиг хандлага луу нь оруулахын төлөө салбар толгойлж байгаа хугацаандаа өөрөөс хамаарах бүхнийг хийнэ гэж бодож байгаа. Наад зах нь 10 жилийн хөгжлийн чиг хандлагыг нь тодорхойлж, эхлүүлж өгчих бодол байна. Энэ бол сайд болсон мэргэжлийн хүний хувьд түүхэн хариуцлага, үүрэг байх.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний томоохон төслүүдийг хөдөлгөнө, одоо байгаа Дулааны цахилгаан станцуудаа шинэчлэж, өргөтгөнө гэж мэдэгдэж байсан. Төслүүд хэзээнээс ажил хэрэг болж урагшлах вэ?

Тйим, Засгийн газрын тэргүүний хувьд бие даасан эрчим хүчний системийг бүрдүүлнэ гэдгээ амалчихсан. Холбогдох шийдвэрүүдийг нь гаргаад өгчихсөн. Одоо хөрөнгө санхүүг нь босгож, эхлүүлэх ажил чухал байна. Дөрөвдүгээр цахилгаан станцын 4 генераторыг шинэчлэх төсөл хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Зарим төслүүдийн ТЭЗҮ хийгдэж байна. Мөн эх үүсвэр босгох ажил эхэлчихсэн. Таван толгойн цахилгаан станцыг барьж эхлүүлэх, энэ оноос Оюу толгойд цахилгаан эрчим хүч нийлүүлэх хэлэлцээрийг Рио тинтотой хийж, гэрээ байгуулсан. Мөн Багануурын цахилгаан станцыг манай системд тохирох 150МВт турбингенератортой болгож өөрчлөх, ажиллах боловсон хүчнийг сургаж, яваандаа үндэсний боловсон хүчнээр хангах талаар ярилцаж байгаа. Ховдын Эрдэнэ-бүрэнд УЦСтанц барих ТЭЗҮ хийгдэж байна. Энэ ондоо багтааж барилгын ажлын эхлүүлэхээр Засгийн газраас төлөвлөж байна. Энэ станц ашиглалтад орсноор эрчим хүчний системд удаан хугацаагаар тог тасарч “0” зогсож, хөлдөх аюул багасна. Мөн эрчим хүчний систем өөрийн тохируулгын нөөц эх үүсвэртэй болно. Маш чухал ач холбогдолтой төсөл юм. Экспортын том төслөөс гэвэл, Шивээ овоогийн эрчим хүчний цогцолборын ТЭЗҮ-г Хятадын талаас хүлээн аваад судлах, санал солилцох ажил хийгдэж байна. Зүүн хойд азийг чиглэсэн эрчим хүчний Азийн супер сүлжээ байгуулах олон улсын төсөлд идэвхитэй оролцож, холбогдох улс орнуудтай яриа хэлцэл өрнүүлж, сургалт семинар зохион байгуулж байгаа.

Та дээр сэргээгдэх эрчим хүчний хүндрэлийн талаар дурдсан. Бусад улс орнууд хөгжүүлээд байхад манайх яагаад болохгүй байгаа юм бэ?

Би өмнө нар жаргаж, салхины эрч сулрахаар чадлын дутагдалд орж, нөхөх эх үүсвэргүй учраас ОХУ-аас эрчим хүч импортолж нөхдөг талаар ярьсан. Харин бусад улс орнуудад ийм дутагдал үүсэхээр шууд л цахилгаан үйлдвэрлээд нөхдөг усны болон газын турбогенераторуудтай станцтай байдаг. Гэтэл манай нүүрсэн дээр ажилладаг станцын генераторууд 4-5 цаг болж байж цахилгаан үйлдвэрлэж системд нийлүүлдэг. Нар жаргахад үүсэх эрчим хүчний дутагдлыг тэр дор нь нөхөж чадахгүй гэсэн хэрэг л дээ. Сүүлийн үед өндөр хүчин чадлын батарей хуримтлуурыг ашигладаг болж байна. Манайд 100 МВт ийм хуримтлуур байгуулах асуудлыг АХБанкинд тавиад байна. Энэ асуудлаар тус банкинд Сангийн сайд зүгээс ч дэмжиж байгаагаа илэрхийлж, хандсан байгаа юм билээ. Мөн горимд хурдан шилждэг Эрдэнэбүрэн, Эгийн голын Усан цахилгаан станцууд ашиглалтад орвол сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломж нэмэгдэнэ. Түүнчлэн хийн турбин генетортай болох асуудлыг судалж, ТЭЗҮ боловсруулж байна. Эдгээр УЦСтанц, хийн турбин генератор, өндөр багтаамжтай батарей хуримтлуур гэсэн 3 асуудлыг шийдээгүй нөхцөлд системийн найдвартай ажиллагаа сайжрахгүй, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж хязгаарлагдмал хэвээр байх болно. Эдгээр асуудлыг шийдвэрлэж чадах юм бол “тог тасрана” гэдэг ойлголт байхгүй болно. Бүх салбарт мэдээллийн технологи, интернет ашиглах болсон өнөө цаг үед цахилгааны таслалт огт байж болохгүй. Эдийн засгийн асар том хохиролд хүргэж болзошгүй. Тиймээс “тог тасалдана” гэдэг ойлголтыг байхгүй болгохыг л зорьж байна. Өмнө төсвийн санхүүжилтэд төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоог нэвтрүүлж төсвийн санхүүжилт тасалдаж, цалин тэтгэвэр хугацаандаа тавигдах саатах гэдэг ойлголтыг түүх болгож байлаа. Ийм л үр дүнд хүрэхийн төлөө хамт олонтойгоо зүтгэж байна.

Та салбартаа олон жилийн эргэж ирлээ гэж байсан. Юу өөрчлөгдсөн байна?

Миний хувьд 30 жилийн дараа анх хөдөлмөрийн гараагаа эхэлж байсан салбартаа эргэж ирсэн. Ямар өөрчлөлт гарсан байна гэхээр хариуцлагагүй байдал хавтгайрч, мэргэжлийн ур чадвар дутагдах болсон байна. Тухайлбал, техник, технологийн салбарт ягштал мөрдөгдөх ёстой, хүний алтан амь, цусаар бичигдсэн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрмээ мөрдөхгүй болсон байна. Энэ л системийн хэмжээний дэс дараалсан хоёр том аваар гарах шалтгаан болсон.

Та хариуцлага суларсан талаар ярилаа. Танай салбарын төрийн өмчийн эрчим хүчний компаниуд нь саяхнаас яамандаа харьяалагдах болсон. Хариуцлагын чиглэлээр нааштай ахиц гарч байна уу?

Ахиц дэвшил гарч байна гэж ойлгож болно. Өнгөрсөн оны 10 сарын 31-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас Эрчим хүчний салбарын төрийн өмчийн компаниудын хувьцааны 70 хувийг яаманд нь эзэмшүүлэх шийдвэр гарсан. Компаний хоёрдмол удирдлагыг байхгүй болгож мэргэжлийн удирдлагаар хангах нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно. Энэ нь гаргасан шийдвэрийн гол ач холбогдол. Манай салбарынхан талархалтай байгаа. Нөгөө талаар хариуцлага хуваалцах өөр субъект, тодруулбал, Төрийн өмчийн хороо гэдэг субъект байхгүй болсон. Тиймээс манай салбарынхан дангаараа хариуцлагаа үүрэх цаг ирсэн. Үүнийгээ манайхан сайн ухамсарлаж байгаа. Шат шатандаа ажилдаа эзэн байх чиглэлд хяналт тавигдаж байна. Эхлээд итгэл өгч ажил хариуцуулна, муу ажиллавал хариуцлага тооцно. Харин  сайн ажиллавал дараагийн дэвшиж ажиллах нөхцөлөө хангана. Мэргэжлийн удирдлагаар хангах болон сул гарсан инженер, техникийн ажилтны орон тоонууд дээр салбарын мэргэжлийн хүн тавьсан байгаа. Ийм л зарчим үйлчилж байгаа. Техник аюулгүй байдлын чиглэлд алдаа зөрчил буурах хандлагатай ажиглагдаж байна.

Цаашид, хэдэн цагаар цахилгаан тасалдаж, хөлдөж мэдэх ноцтой аваар гарахгүй гэх баталгаа бий юу?

Чухал асуулт байна. Дээр дурдсан УЦСтанц, хийн турбин генератор, өндөр багтаамжтай батарей хуримтлуур гэсэн 3 асуудлыг шийдвэрлээгүй нөхцөлд ийм аваар гарах эрсдэл байсаар байна.

Танай 4 дүгээр цахилгаан станц нэг хэсэг барцадтай байсан. Тэнд буусан нүүрснээс нь хүртэл тэсрэх бодис гарсан гээд л. Энэ үнэн үү. Намайг огцруулах гээд байгаа бол станц дэлбэлж хэрэггүй гэсэн ч гэж сонссон...

Системд өнгөрсөн оны 10 сард тэг зогсолт болсноос 4 хоногийн дараа буюу 2018 оны 9 сарын 19-ны өдөр Дөрөвдүгээр цахилгаан станц дээр яг тэр өмнө аваар гарсан газраа газардуулгатай шугам дахин залгаж системийн хэмжээний аваар давтан гаргасан. Хэрэв азаар ДЦСтанц-4-ийн 2 машин зогсоогүй үлдээгүй бол дахин систем “0” суух байсан. Үүнээс яагаад өмнө гаргасан аваараа нэг газар, Үндэсний дамжуулах сүлжээ компани давтаад байгаа юм бэ?гэдэг асуулт гарсан. Үнэхээр хардахаар зүйл болсон. Холбогдох газрууд нь шалгасан байх.  Энэ бүхнээс бухимдаад тйим зүйл хэлсэн байх. Мөн манай салбарт эмх замбараагүй олгосон лицензүүдийг цэгцлэх, нар, салхийг хязгаарлалттай, технологийн дагуу хөгжүүлэх, Багануурын дулааны станцыг манай системд тохируулах шаардлагатай гээд мөн хариуцлага, зарчим яриад ирэхээр энэ бүхэн хэн нэгэнд таалагдахгүй байгаа нь мэдээж. Тэглээ гээд арай ч ийм арчаагүй зүйл хийчихгүй байх гэж бодож байна. Ер нь тэгээд зарчим, хариуцлага ярихад хүнд болсон цаг байна. Элдвээр оролдоно. “Мөнхийн сайд байхыг чинь харнаа” гэх бол наад захын үзэгдэл. За тийм дээ гээд л “хоноцын сэтгэлээр хандаад“ байх юм бол энэ салбарууд чинь унаад улс орон хямраад, эцэс сүүлдээ улс гэхэд хэцүү болчихно шүү дээ. Мөнгө, эрх ашгийн төлөө тэмцэл улс төрийн тэмцлээс “илүү хорлогон” юм байна. Би ч бас улс төрийн тэмцэл ямар хатуу байдгийг биеэрээ туулсан хүн шүү дээ. Түүнээс л адгийн гээд ойлгочихож болно. Тэсрэх бодис гарсан нь үнэн. Яагаад нүүрстэй ачигдаж ирснийг холбогдох газрууд нь шалгасан байх. Энэ бол маш аюултай зүйл. Гэтэл үүнийг аюулгүй болгох үүрэгтэй манай зарим нэг байгууллагын хүмүүс ирчхээд, аюулгүй ухааны юм яриад явчихсан байсан. Энэ чинь л хаа саагүй мэргэжлийн ур чадвар, мэдлэг дутагдах болсных. Тэсрэх бодис, тэслэгч шар утастайгаа байгааг мэдээгүй байсан. Бид мэргэжлийн хүнээр үзүүлсэн.  Нүүрсний тээрэм нунтагч луу орсон бол дэлбэрэх байсан юм билээ. Харин азаар урьдчилж тэсрэх бодисыг олж тогтоон, аюулгүй болгож Шивээ овоогоос ачигдсан нүүрсийг буцааж байсан.

Шивээ-овоо гэснээс, нүүрсний уурхайнууд өр төлбөрөө хийж шатахуунаа авч чадахгүйд хүрч зогсчих гээд байгаа юм биш үү. Нүүрсгүйгээр одоогийн цахилгаан станцууд эрчим хүч нийлүүлэх боломжгүй гэдэг?

Наадхи чинь их хүнд асуудал болоод байна. Ер нь манай нүүрсний уурхайнуудад тухайлбал, Багануур, Шивээ-одоогийн уурхайнуудад техникийн шинэчлэлт хийгдээгүй, хуучирснаас үүдэлтэй хүндрэлүүд их гарч байгаа. Мөн Засгийн газраас урт хугацаатай өр төлбөрийн асуудлыг нь шийдвэрлэх үүргийг Сангийн яам, манай яам хоёрт үүрэг болгосон. Үүнийг зайлшгүй шийдэж өгөхгүй бол техникийн шинэчлэлтээ хийж чадахгүй нэг л өдөр асуудал болно. Мөн Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцыг нүүрсээр хангах үүрэгтэй Шарын голын уурхайд зарим нэг хүндрэлтэй асуудал байгаа. Бид хамтраад үнэ тарифыг нь зохицуулах гэх мэт асуудлуудыг нь үе шаттай шийдээд явж байна. Зөвхөн үнэ тарифын зохицуулалтаар техникийн шинэчлэлтийг нь санхүүжүүлэх боломжгүй. Эрчим хүчний үйлдвэрлэлийн хувьд уурхай, станц хоёр бол нэг цогц бүтэц байдаг. Гэтэл өмнөх Засгийн газрын үед нүүрсний уурхайг нь салгаад Эрдэс Монгол ХК-д харъяалуулчихсан юм билээ. Энэ нь асуудлыг төр засагт ойлгуулж шийдвэрлүүлэхэд хүндрэлтэй юм байна. Зовлонгийг нь үүрч яваа хүмүүс л хүндрэлийг ойлгож, асуудал болгож тавина. Тодруулбал, станцаа зогсоочихгүйн тулд манай яам л асуудлыг барьж гүйнэ. Энэ нь эрх мэдэл булаацалдаад байна гэж харагддаг байх. Гэтэл асуудал нь шийдэгддэггүй.

"Оюутолгой” компанитай "Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-г цуцалж, Таван толгойг түшиглэн станц барих гэрээ байгуулсан. Ажил нь хир явж байна?

Өмнөх гэрээг цуцалснаар, Хөрөнгө оруулалтын гэрээний 4 жилийн дотор Монгол улсаас эрчим хүч авах үүргийг нь түдгэлзүүлсэн байсныг нь хүчингүй болгож, эрчим хүчээ манай улсаас авах үүргийг нь сэргээсэн. 2019 оноос эхэлж Монголоос эрчим хүчээ авах асуудлаар Рио тинто компанитай гэрээ байгуулсан. Өндөр хүчдэлийн шугамаа Оюу толгой руу татаж дуусаж байна. Мөн системийн эх үүсвэр, хүчин чадлаа нэмэгдүүлэх асуудлаа эхлүүлчихсэн байгаа. 2021 он гэхэд адаглаад  тус компаний эрчим хүчний хэрэглээний 50 хувийг нь дотоодоосоо хангая гэж төлөвлөж байна. 2023 он гэхэд станцаа барьж дууссан байх ёстой. Гэрээний хэрэгжилтийн явц байдлын талаар Рио тинто компаний холбогдох хүмүүстэй саяхан уулзсан. Ний нуугүй хэлэхэд тийм таатай мэдээлэл сонсоогүй. Бас л нэг Засгийн газар луу шалтагласан. Танай хувьд ногдох хөрөнгө оруулалт г.м зүйл хөндөж байх жишээтэй. Бид нэг зүйлийг шууд хэлж байгаа. Нэг удаа зээлээр биш хөрөнгө оруулалтаар өөрсдөө хариуцлагаа хүлээгээд ганц станц санхүүжүүлээд яваа. Манай улс дахин зээлийн өрөнд ормооргүй байна. Өмнө улс орныхоо эрх ашгийг хохироосон хүмүүс шалгагдаж байгааг та бүхэн сонсож байгаа байх. Хуулийн хүрээнд харилцан үр ашигтай бизнес эрхлэх нь “урт настай шүү” гэдгийг анхааруулсан.  Харж л байя.

Багануурын цахилгаан станцын бүтээн байгуулалтын талаар тодорхой мэдээлэл өгөөч. Эрчим хүчний асуудлаа гаднынханд атгууллаа гэсэн шүүмжлэл гарч байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

Багануурын цахилгаан станц байршил, техникийн шийдэл талаасаа асуудалтай харагддаг. Хэрэв би тухайн үед сайд байсан бол нийслэлийн цахилгаан, дулааны хангамжийг хамтад шийдэх талаасаа 5 дугаар цахилгаан станцын төслийг нь дэмжих байсан болов уу. Мөн генераторын хувьд манай системд хэт өндөр, тогтворжилтод сөрөг нөлөөлөл үзүүлж болох чадлынх байгаа. Ийм чадлын генераторт гэнэт саатал гарч зогсвол манай системийг бүхэлд нь татаж  унагах магадлалтай. Нөгөө талаасаа, манай зуны цахилгааны хэрэглээ бага 500-600 МВт орчим байдаг. Тйимээс зуны улиралд төслийн 2 генератор бүрэн чадлаараа зэрэгцээ ажиллавал манай бусад станцууд зогсоход хүрнэ биздээ. Генераторын чадлыг эргэж харж бууруулах саналыг хөрөнгө оруулагч компанид тавьсан. Хэлцэл явагдаж байгаа. Тухайн компаний зүгээс 160-350 МВт-ын хэлбэлзэлд ажиллах чадвартай генераторыг эхний жилүүдэд бага хүчин чадлаар нь ажиллуулаад хэрэглээний өсөлттэй уялдуулан чадлыг нь нэмэгдүүлэх саналыг ирүүлсэн байгаа. Манай Диспетчерийн үндэсний төвийнхөн дүгнэлтээ гаргаж өгсөн. Удахгүй шийдэл гарах байх.

Агаарын бохирдол, утааны асуудлыг шийдвэрлэх талаар юу хийж байна. Нийслэлийн гэр хорооллын айлуудын цахилгааны сүлжээг сайжруулах ажил тань юу болсон?

Түлшний асуудал манай яаманд харьяалагддаг. Тийм учраас агаарын бохирдлыг бууруулахад манай салбарын зүгээс цахилгаан халаагуур ашиглуулах, сайжруулсан шахмал түлшээр хангах чиглэлд хариуцлага хүлээн ажиллаж байна. Өнгөрсөн зуны хугацаанд утаа мартаж зүгээр суугаагүй. Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагаа эхлүүлсэн нэг жилийн хугацаанд нийслэлийн 42000 гаруй айл өрхийн цахилгааны хүчин чадлыг сайжруулж 4 квт халаагуур залгах боломжийг бүрдүүлээд байна. Мөн Дэлхийн банктай хамтран хуримтлууртай халаагуур нийлүүлэх төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон. Шөнийн тариф хөнгөлсөн үед хуримтлуулаад өдрийн цагаар ашиглах зориулалттай халаагуур юм. Хувийн хэвшлийнхэн маань сүүлийн үеийн технологийн чадал бага хэрэглэдэг халаагууруудыг нийлүүлж байгаа юм билээ. Утаа, агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд олон арга замуудыг хослуулан хэрэглэх нь үр дүнтэй. Цахилгаан халаагуураас гадна шахмал түлш, гэрийн дулаалга гээд олон аргуудыг хослуулан хэрэглэнэ.

Шахмал түлшний үйлдвэр өнгөрсөн онд ашиглалтанд ороод одоо бараг 40000 тонн шахмал түлшний нөөц бүрдүүлээд байна. Энэ 5 сарын 15-наас түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй болоход тасалдахгүй түлшээр хангах нөөц бүрдсэн гэсэн үг. Ирэх 10 сараас ч тасалдахгүй сайжруулсан түлшээр хангахаар төлөвлөн ажиллаж байна. Засгийн газраас ирэх өвөл агаарын бохирдлыг 50 хувь бууруулах зорилго тавиад түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө чармайн зүтгэж байна. Түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахыг хориглоно гэдэг хүнд бөгөөд зоримог шийдвэр. Амаргүй гэдгийг бид ойлгож байгаа. Гэхдээ өөр зам байхгүй. Хэдий болтол зунд нь мартаад өвөл нь улс төржөөд явах бэ дээ. Тэр тусмаа ард иргэдээ хордож байгааг мэдсэн атлаа  хариуцлагаас зайлсхийгээд явах нь утгагүй, хүн чанаргүй зүйл. Ийм л бодлоор Засгийн газар хандсан. Бүх боломжтой арга хэмжээг авна.

Эцэст нь эрчим хүчний үнэ тарифын талаар асуугаад ярилцлагаа өндөрлөе. Эрчим хүчний зохицуулах хороо: 2018 оны танай салбарын компаниудыг 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ өртгөөсөө бага үнээр цахилгаан, дулааныг борлуулж байгаатай холбоотой гэж мэдээлсэн. Цаашид цахилгааны үнэ өсөх үү?

Өртөг, борлуулалтын зөрүүнээс алдагдал үүсэж, өр төлбөр нэмэгдэх хандлагатай болсон нь үнэн. 2015 оноос хойш үнэ тарифт дорвитой өөрчлөлт ороогүй байгаа. Энэ хугацаанд валютын ханш их унасан. Энэ нь бас өртөг зардал нэмэгдэх нэг хүчин зүйл болж байна.

Харин салбарын зүгээс аль болох зардлаа бууруулж үнийг тогтвортой байлгах бодлого барьж байна. Гэвч Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад орохоор хуулиараа цахилгааны тариф шууд нэмэгддэг. Үүнийг нь одоо үйлчилж байгаа хуулиар иргэн аж ахуйн нэгж төлдөг. Одоо 60 гаруй тэрбум төгрөгийг тэд төлж байна. Энэ хэмжээ оны сүүлчээр 2 дахин өсөж 120 орчим тэрбум төгрөг болж өсөх төлөвтэй байна. Нарны станцуудыг хязгаарлах, үнэ өртгийг нь бууруулах зайлшгүй шаардлага байгаа нь үүнтэй бас холбоотой.