Булган аймгийн ахмадууд чууллаа
Булган аймагт ахмад настнуудад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, тэдний хөдөлмөр эрхлэх сонирхол хэрэгцээ, нийгмийн оролцоог дэмжиж, төр, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагаагаар үр дүнтэй бүтээлч ажлуудыг зохион байгуулах зорилгоор 2019 оныг “Ахмадын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд тус аймгаас УИХ-д сонгогдсон түшээ Ж.Бат-Эрдэнэ тойрогтоо ажиллаж, ахмадуудын чуулганд оролцлоо.
Тус аймгийн нийт хүн амын 12,9 хувийг ахмад настнууд эзэлж, хүн амын дундаж наслалт 2000 оноос хойш тасралтгүй өсөж, 2018 оны жилийн эцсийн байдлаар 73.3 болсон байна.
Хүн амын насжилт нэмэгдэхэд тэдгээрийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогын баталгаат байдлыг хангах, ээлтэй амьдрах орчин бүрдүүлэх, амьдралын чанарыг сайжруулахад олон асуудлуудыг шийдвэрлэх хэрэгцээг харгалзан “Ахмадын хөгжлийг дэмжих жил”-ийн ажил зохион байгуулахаар болсон юм.
Мөн тус аймагт ганц бие, харж асрах хүнгүй, өрх толгойлон амьдарч байгаа ахмадууд, орон гэргүй, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой ахмадууд нэлээд олон байна. Эдгээр ахмад настнуудад зориулж жил бүр түлээ, нүүрс болон бусад шаардлагатай эд материалаар ханган ажилладаг тухай аймгийн удирдлагууд хэлж байсан юм.