Түүхэн аялал жуулчлалын авто замын ажил эхлэхэд бэлэн болжээ
2019.05.06

Түүхэн аялал жуулчлалын авто замын ажил эхлэхэд бэлэн болжээ

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Чингис хот-Бэрхийн түүхэн аялал жуулчлалын авто замын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Чингис хот- Бэрхийн авто замын гүйцэтгэгчээр “Анандын зам”, “Наранбулаг-Хан” компанийн түншлэл шалгарсан бөгөөд өнөөдрөөс ажлаа эхлэх юм. Авто замын бүтээн байгуулалтыг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх тул энэ оны 11 дүгээр сарын 01-нд ашиглалтад оруулах боломжтой гэдгийг гүйцэтгэгч компаниудын удирдлагууд онцолж байв.

Энэ үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, "Засгийн газраас Их эзэн Чингис хааны өлгий нутгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс энэ зам үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын чухал хэсэг. Ирэх жил Хэнтий аймагт “Өндөрхаан”, “Дадал” нисэх буудлыг ашиглалтад оруулна. Түүнчлэн хэд хэдэн сумын нутагт томоохон цогцолбор ашиглалтад оруулах юм. Ингэснээр гадаад, дотоодын аялагч, жуулчдын урсгал нэмэгдэж, түүхэн газруудад хүрэх хатуу хучилттай авто замын шаардлага их болно. Хоёр жилийн бороонд эвдрэх зам тавьсан жишээ Монголд цөөнгүй бий. Үүний улмаас иргэдэд "Монгол компаниуд чанаргүй бүтээн байгуулалт хийдэг. Харин гадаадууд сайн" гэдэг ойлголт төрүүлэх гол шалтгаан болдог учраас та бүхэн замын чанарт онцгой анхаарч, товлосон хугацаандаа замаа ашиглалтад оруулах хэрэгтэй" гэлээ.