Санкт-Петербург хотод Монголын соёлын өдрүүд эхэллээ
ОХУ-ын Санкт-Петербург хотноо Монголын соёлын өдрүүдийг Оросын ууган театруудын нэг Капелла театрын концертын их танхимд 6 дугаар сарын 9-нд ёслол төгөлдөр нээжээ. Уг театр нь уран барилга, дуу, хөгжмийн төгс дуугаралт, хэв жаягийн хадгалалт, түүх алдраараа дэлхийд гайхагддаг билээ.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нээлтийн үеэр хэлэхдээ, гурван жилийн өмнө Санкт-Петебург хотод Улаанбаатар хотын Соёлын өдрүүдийг амжилттай зохион байгуулсныг дурдан “Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан. XX зууны түүхэн үйл явдлын нэг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн жилд өмнөх түвшинг ахиулж Монголын соёлын өдрүүдийг анх удаа зохион байгуулж буйг тэмдэглэхэд таатай байна.
Соёлын өдрүүдийн хүрээнд, эрдэм шинжилгээний хурал, гар бичмэл, гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт болно. “Гэгээн Петрийн хот” хэмээгдсэн, дэлхийн соёлын нийслэлийн нэг Санкт-Петербург хотод Монголын бэлгэ тэмдэг болсон Морин хуурын чуулгын бүрэн бүрэлдэхүүнд суурилсан энэхүү концертоор манай соёлын өдрүүд эхэлж буйд талархалтай байна" гэв.
Соёлын өдрүүдийн нээлт, хүндэтгэлийн концертын дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй албаныхан Рерихийн гэр бүлийн улсын музейд зочилж “Улаанбаатар хот ба Рерих нар” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхжээ.