Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Харвардын Их сургуулийн Олон улсын хамтын ажиллагааны дэд захирал Марк Эллиотыг хүлээн авч уулзлаа.
2017-2018 оны хичээлийн жилд АНУ-ын Харвардын Анагаахын сургууль Т2Т (Training to Teachers) хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, тэдэнд сүүлийн үеийн клиник судалгааны ур чадвар, заах арга зүйн шинэлэг арга барил эзэмшүүлэх зорилготой тус хөтөлбөрт Монгол Улсаас 100 хүн хамрагдсан юм.
Ирэх хичээлийн жилд үүнтэй ижил төстэй хөтөлбөр болон богино хугацааны сургалтууд зохион байгуулах боломжтой талаар ноён Марк Эллиот танилцууллаа. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Анагаахын шинжлэх ухаан нь улс үндэстний аюулгүй байдал, иргэдийн амь нас эрүүл мэндийг сахин хамгаалдаг чухал салбар. Тиймээс энэ салбарт чадвартай хүний нөөц бүрдүүлэх нь манай улсын хөгжлийн бодлогод тусах нэг чухал зорилт байх болно. Үүний тулд багш нарын ур чадвар сайн байх хэрэгтэй. Ирээдүйн үр өгөөж өндөртэй учраас өмнөх хөтөлбөрийг үргэлжлүүлэн хамтран ажиллахыг хүсэж байна. Шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллах болно гэлээ.
Мөн Харвардын Их сургуульд Монгол судлалын төв 1956 онд байгуулагдаж байсан боловч одоо үйл ажиллагаа нь зогссон. Монгол судлалын чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар уулзалтын хүрээнд санал солилцлоо.