Ж.Бат-Эрдэнэ: Гишүүдийн тоог ярихаас илүү чанаржихад нь анхаарах ёстой
2019.08.26

Ж.Бат-Эрдэнэ: Гишүүдийн тоог ярихаас илүү чанаржихад нь анхаарах ёстой

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-МАН-ын бүлэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байр сууриа нэгтгэхээр хуралдсаар байгаа. Зөвшилцөлд хүрэх боломж харагдаж байна уу. Одоогоор яг ямар шийдэлд хүрээд байна вэ?

-Ерөнхийдөө гурван асуудал дээр л зөрөлдөөд байгаа юм. Нэгдүгээрт, шүүхийн асуудлыг ярих ёстой. Шүүх шударга байгаа эсэх талаарх асуудал маш их хөндөгдөх болсон. Тиймээс бид Үндсэн хуульдаа тухайн хүн ямар шийдвэр гаргах нь тухайн хүнээс хамаардаггүй, зарчмынхаа дагуу шийдвэрлэгддэг байхаар суулгаж өгөх ёстой.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох асуудал дээр зөрөлдөж байна. Мөн бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох, сонгуулийн тогтолцооны асуудлуудыг багагүй ярьж байна. Ерөнхийлөгч “Та бүхний санал болгосны дагуу 108 гишүүнтэй болгох, бүрэн эрхийн хугацааг сунгах зохицуулалтыг оруулж ирлээ” гэж бүлгийн хурал дээр хэлсэн.

Энэ санал маань эцэстээ бидний санал болж хувираад байгаа. Энэ санал хаана яригдаж байгаад Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал орчихов. Жишээ нь, УИХ-ын 62 гишүүний гарын үсэг зурсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тэрхүү зохицуулалт байхгүй. Ямартаа ч санал гаргасан Ерөнхийлөгч маань амарчихсан байгаа бололтой байна. Удахгүй ирээд энэ саналууд дээр ямар байр суурьтай байгаагаа илэрхийлэх байх.

-Хүн ам өсөхийн хэрээр гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэдэг юм билээ?

-Бидний зүгээс 108 гишүүнтэй байх саналыг зөвшөөрөхгүй гэсэн саналтай байгаа. Өнөөдөр гишүүдийн тоо 76 байгаа нь нийгэмд тийм ч онц дүн авахгүй байна. Орж ирж байгаа гишүүд хариуцлагагүй, буруу алхам хийгээд байгаад л гол учир байгаа болохоос тоондоо биш шүү дээ. Нэн тэргүүнд гишүүд шат дамжиж, босго давж орж ирдэг болмоор байгаа юм. Үүнд бид анхаарах хэрэгтэй.

Энэ хүрээнд Намуудын тухай хуульд анхаармаар байна. Зөв хүнээ сонгодог тогтолцоог бий болгох нь чухал байна. Тэр гишүүдийг оруулж ирэхдээ мөнгөөр нь биш, чадварыг нь харж сонгодог байх хэрэгтэй. Эрх мэдлийн хуваарилалт дээр ч тэр. Түүнчлэн сонгуульд дахин иргэдийнхээ эрхийг баталгаажуулаад орж ирэх процесс зөв явж байна уу, үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Энэ бүхнийг шийдсэний дараа л гишүүдийн тоог ярих ёстой. Яг энэ дотор нь байгаа хүний хувьд тоо ярихаасаа илүү бид өөрсдөө чанаржих хэрэгтэй л гэж бодож байна.

Бидний гаргаж байгаа бодлого ард иргэдэд хүрдэг баймаар байгаа юм. Жишээ нь, сул гишүүдээс маш олон санал гардаг л даа. Гэтэл засаглал бариад явж байгаа хэдэн хүний санаагаар л бодлого гардаг. Бид наана нь мянга зөв яриад ажил болохгүй байгаа юм.

-Таны хувьд ажлаа хийж чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлдэг. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр сонгуулийн тогтолцоогоо сайжруулахыг зорьж байна. Ажлаа хийж чаддаг УИХ бүрдэх боломж нөхцөлийг бүрдүүлж чадах болов уу?

-Ард түмэн дээрээ очих улаан нүүр байгаа юм бол буцаад гүйгээд очъё, Уи х таръя гэж би хэлж байсан л даа. хувь улстөрчийн хувьд иргэддээ өгсөн амлалтаа биелүүлж чадаж байна уу, үгүй гэдгээ мэдэхийн тулд Уи х тарсан нь дээр гэж хэд хэдэн удаа хэлсэн юм. хариуцлагын асуудал зайлшгүй байх ёстой. Олон улсад сонгуулийн тогтолцоогоо холимог байлгадаг жишгүүд байдаг.

Гэхдээ тэдгээрийн ихэнхэд нь улс төрийн намууд төлөвшчихсөн. харин манай нөхцөл байдалд аль нэг нам, нэрийн хуудасны ард хэн, ямар хүн орж ирэх нь таашгүй болчих нь. 54 хүний нэр жагсаачихсан хуудас байлаа гэхэд бидэнд танигдахгүй. Танигдах бололцоо ч алга байна. Тэгэхээр хүн хүссэн хүсээгүй эхний 10 нь л аятайхан, мундаг хүн байгаа байлгүй гэж бодох боломжтой. Дээр хэлсэнчлэн улаан нүүрээрээ ард иргэдтэйгээ тулгарахад тэд сайн, муу, сайхан, муухайг нь хэлээд л, үнэлээд л өгнө. Сонгуулийн үед сонгогчдод мөнгө төгрөг өгдөг гэх зэрэг янз бүрийн зүйл ярьдаг л даа.

Түүнтэй холбоод үзэх юм бол энэ мажоритор тогтолцоог халж болмооргүй байгаа юм. Нэг нэр дэвшлээ ч чадалгүй, хийсэн зүйлгүй нь дахин сонгогдож чадахгүй. Нэг нэр дэвшээд алга болж байгаа хүмүүс олон бий. Тиймээс баруун, зүүнээрээ итгэлээ хүлээлцдэг шударга л тогтолцоо гэж хардаг. Иймд үүн дээрээ гишүүдийн тоогоо айхавтар нэмэх шаардлагагүй. Харин үүнд тавих хяналтуудаа сайжруулах ёстой. Сонгуулийн үеэр мөнгө, төгрөгийн асуудал байдаг л гэлцдэг. Өнгөрсөн сонгуулиар л лав миний мэдэхээр тийм зүйл болоогүй. Хууль бол тун хатуу шүү дээ. Сонгууль цэгцтэй, тун хатуу болсон.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно гэж тусгасан. Сонгууль дөхмөгц эрх баригч нам өөрсдөдөө зориулж Сонгуулийн тухай хууль өөрчилдөг байдлыг халах зөв зохицуулалт боллоо гэж харж байгаа. Энэ тухайд?

-Мажоритор тогтолцоогоор явахаар дахиад хүмүүс сонгогддоггүй юм аа гээд байгаа юм. заавал унадаг гэдэг. Миний хувьд үүнийг хүн нь муу болохоор л уначихаад байх гэж ойлгодог. Асуудал хүндээ л байгаа хэрэг. үүнийг мажоритор тогтолцоогоор байна гээд л тусгачихсан юм бол гишүүд тойрогтоо очиж таалагдахын тулд их хичээнэ.

Муу тал нь тойрог руугаа эдийн засгаа хэт татчих гээд байж болох юм. үүнийг засах нэг арга бий. Бид Байнгын хорооны хурал дээр эдийн засгийн урт хугацааны бодлого бий болгоё гэж санал оруулсан. Гэхдээ дэмжигдэж өгөөгүй л дээ. хэрэв зээ мажоритор тогтолцоогоор явна гээд сонгочихвол зөрүүлээд эдийн засгийн бодлого бий болгох ёстой. Тэнд хэн нэгэн Ерөнхий сайд гарч ирэнгүүтээ бодлогыг өөрийнхөө бодлоор үгүйсгэдэг, мөн нэг сайд нь очингуутаа гэв гэнэт ухаантай амьтан болж асуудлыг өөрчлөөд явдаг байж болохгүй. Бүх зүйл эдийн засгийн бодлогынхоо хүрээнд л байх ёстой.

Дорж, Дондогийн аль нь ч сайд боллоо гэсэн том эдийн засгийнхаа урт хугацааны бодлогод нийцүүлэх учиртай юм. үүнийгээ л сайн биелүүлсэн бол онц сайд байх ёстой гэсэн үг. Түүнээс гайхалтай мундаг байх албагүй. Бодлогодоо нийцүүлж хэрэгжүүлэхийн тулд мэргэжлийн сайд нь ажиллах нь чухал. Мажоритор тогтолцоогоор тойрог, тойрог руугаа зулгаах гэхээс илүү том бодлого дотор баригдаж, Сангийн яам үүнийг хянаад явна. Үүн дээр урд хөршийн жишээг хэлж болно. БНхАУ-д хүч шинэтгэлийн хороо гэж байдаг. Тэрхүү хороо том бодлогыг нь барьж явдаг. Ямар ч сайд дураараа том толгойлж үг ярьж чаддаггүй. үүгээр л бид мажоритор тогтолцооны жижиг сул талыг хааж чадна.

-Сөрөг хүчний зүгээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх саналыг оруулсан. МАН-ын бүлгийн даргын мэдээллэж байгаагаар энэ саналыг хүлээж авах боломжгүй гэж байна. Та хувь гишүүний зүгээс юу гэж үзэж байгаа вэ?

-Сөрөг хүчнийх зөв санал байж магадгүй. үгүй бол бидний өнөөдрийн тогтолцоон дээр хэн Ерөнхийлөгч хийхээс үл хамаараад эрх мэдлээ булаацалдах нөхцөл байдал гарч ирээд байна. үүнд бид хатуу хаалт хийж чадахгүй байгаа. Өнөөдөр үАБз дээр ярьсан бодлого төрийн бодлого бол хувирах гээд байна.

Угтаа бол үАБз зөвлөмж гаргадаг шүү дээ. Тэрхүү зөвлөмжийг биелүүлэх ч албагүй. Төрийн бодлого зөв, буруу эсэхийг хөндлөнгөөс энэ гурван хүн хянаж байх л зарчимтай юм. энэ мэт шалтгаанаас улбаалаад Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь тийм ч буруу зүйл биш. эцсийн эцэст бид том толгойтойдоо л эдийн засгийн асуудлуудад алдаа гаргаж байгаа. Улс орноо авч явах боломж бололцоо байна гэж хүн бүр мэдэж байгаа мөртлөө бодлого гарч өгөхгүй байна.

Та бүхэн мэдэж байгаа байх. Би “Шинэ хөдөө” гэж их л ярьж байна. Миний барьж байгаа бодлого бол “иргэн болгон баяжигтун” л юм. Бид ажлын байрыг бий болгоё л гэцгээдэг. Төрийн албыг өргөтгөөд ажлын байр бий болгохгүй шүү дээ. Тэр ажлын байрыг аж ахуй нэгж, хувийн хэвшил л бий болгоно. үүнийг л хөгжүүлье гэж байгаа юм.

Харин үүнийг яагаад бодлого болгохгүй байна вэ гэдэг нь сонин. эцсийн эцэст хүн хийх ажилтай, санхүүгийн хараат бус бол үр хүүхдүүдээ хүмүүжүүлж, боловсролтой болгон, эрүүл мэндэд нь анхаарч чадна. Төр бүх зүйлийн урдуур ороод байх шаардлагагүй болно гэсэн үг. хувь хүний боловсрол, эдийн засгийн чадамжийг сайжруулах чинь л улс орны хөгжлийн түлхүүр болчихоод байна шүү дээ.

-Та сайд байсан хүний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөндөгдөж буй давхар дээлний асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Яг үнэндээ миний хувьд эргэлздэг болж байна. Анхандаа засгийн газар унагаах гэх асуудалтай нь холбож, тэр өнцгөөр нь энэ нөхцөл байдлыг харж байсан байх. хэтэрхий эрх мэдэл бүхий Ерөнхий сайд гарчих, тэр нь давхар дээлийг бий болгож, тэдгээр нь үгэнд орохгүй нөхцөл үүсгэнэ гэх зэргээр бодох болов уу. Тэгэхээр логик утгаараа яагаад хүлээн зөвшөөрсөн мөрийн хөтөлбөртэй нам нь эрхээ барьдаг юм бэ, эрх мэдлээ хуваарилж авдаг юм бэ. хэдэн хүн сууж байгаад улс орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөр зохиолоо гэж бодъё.

Түүнд нь олон ургалч үзэл гарна. Эцэст нь тэрхүү мөрийн хөтөлбөрөө боловсруулахад оролцсон нэгэндээ хэрэгжүүлэх үүрэг оноож, сайд болгодог. Мөрийн хөтөлбөрөө хэрхэн боловсруулсан, яаж хэрэгжүүлэх талаар тэрээр сонссон, мэдэж байгаа учраас тэр. Тэс хөндлөнгийн хүнийг сайдаар тавихаас илүү дотор нь байсан хүн илүүтэй мэднэ шүү дээ. Түүнтэй адилхан парламент дотроо маргалдаад л, хэлэлцээд, санал бодлоо хуваалцаад байна гэдэг бодлогоо олон ургалч үзлээр боловсруулаад л байгаа хэрэг. Түүнийгээ энэ дотор сууж байгаа хүн нь цааш аваад явахад илүү дөхөм юм. Тийм ч учраас 62 гишүүний өргөн барьсан төсөл дэх дөрвөн гишүүн нь давхар дээлтэй байх саналыг дэмжиж байгаа юм. Ядаж дөрөв нь парламентаасаа сонгогддог байх хэрэгтэй. Засгийн газрын гишүүд бүгд гаднаасаа байх юм бол ямар ч хяналтгүй болчих эрсдэлтэй. Бид нарын яриад байгаа зүйл тэнд хэрэгжихгүй байж мэднэ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангахтай холбоотой зохицуулалтууд орохоор яригдаж байна. харин ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл дэх шүүх засаглалтай холбоотой саналыг шүүмжлэх хүмүүс олон байна л даа.

-Шүүхийн зохицуулалтыг маш сайн харах хэрэгтэй. Хараат бус шүүх зайлшгүй байх хэрэгтэй. Тэгж байж толгойдоо тогшуулахгүй, хажуугаасаа ёвруулахгүй байж чадна. Энэ тохиолдолд Шүүх шударга, цэвэр ажиллана. Зарим зүйл дээр Үндсэн хууль ерөнхий байх ёстой гээд байна л даа. Бид ерөнхий зүйлээс болж дандаа л алдаж байгаа. Ядаж иргэдийн эрх ашгийг хамгаалж мөн хохироох нөхцөлийг бүрдүүлж чадах шүүхийн хараат бус байдалд гоц анхаарах ёстой юм.

-Засгийн газартай холбоотой асуудал хөндөгдөж, эрх баригч нам ждү, 60 тэрбумаараа дахин талцаж байна гэх зүйл яригдах болжээ. Ерөнхий сайдын ойрын үед хийж буй эрс шийдэмгий мэдэгдлүүдийг тэрхүү нөхцөл байдалтай холбож тайлбарлаж болох уу?

-20 гаруй гишүүн Засгийн газрын асуудлыг хөндөх нь гэх болж. Санаатайгаар ийм мэдээлэл явуулаад байна уу, ямар учиртай байдаг юм, үүнийхээ учрыг олоорой гэж бүлгийнхэндээ хэлсэн. Ийм цуурхал л яваад байна гэж харж байгаа.

Намын даргын шинэчлэл хийнэ гэж байгаатай би санал нэг байгаа. Энэ нийгэмд ийм зүйл зайлшгүй хэрэгтэй. Энэ бол зориг гаргаж хийж байгаа том ажил. Гэхдээ буруу яваад байгаа зүйл бий. Би төрд олон жил ажилласан болоод ч тэр үү асуудлыг тухай бүрт нь шийдээд явчихаар санагдаад байгаа юм. Жишээ нь, уул уурхайн лицензийг хууль бусаар өгсөн гэх асуудал гарч ирсэн бол лиценз өгсөн хүнд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Тэр хүн нь ямар учраас хууль бус лиценз өгсөн гэдгээ хэлнэ шүү дээ.

-Төр шүүхийн үүрэг гүйцэтгэж байгаа хэрэг биш үү?

-Харин журмаараа явж байгаа хэлбэр болно. Одоо шүүхийн үүрэг гүйцэтгээд байна шүү дээ. Хариуцлага алдсан хүнийг нь, гол цэгийг нь олж тогтоогоод л хариуцлага тооцчихно гэсэн үг. Ингэж чадвал тун амархан цэгцэрнэ.

-Засгийн газар унах асуудал хөндөгдөх эрсдэл байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ сонгууль ойртож байгаа энэ үед эрх баригч нам сандал, ширээнийхээ асуудлыг хойш тавьж, мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтэд анхаарах нь чухал биш үү?

-Ер нь төр, засаг солигдоход нөлөөлдөг хүчин зүйл нь уул уурхайн ашиг сонирхол байх гэж хардаг. Тиймээс төрийн алба, шүүх засаглал зэргийг ямар ч нам, засаг, даргад атгагдаад байхааргүй зохицуулалтыг энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийж өгөх ёстой. Ингэж гэмээнэ эрх мэдлийн төлөөх тэмцэл буурна. Үүний цаадах шиг сонирхол нь арилна.

Сэтгүүлч О.Ариунцэцэг