УИХ-ын ээлжит бус чуулганы ирц бүрдэхгүй байна
2019.08.27

УИХ-ын ээлжит бус чуулганы ирц бүрдэхгүй байна

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.27/ өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх байсан боловч гишүүдийн ирц бүрдсэнгүй.

Хуралдаанд 52 гишүүн оролцож байгаагаас УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нар одоогоор чуулганы хуралдаандаа хүрэлцэн ирээгүй тул УИХ-ын дарга тэдний нэрсийг зарлалаа. Нийт 57 гишүүн нэгдсэн хуралдаанд оролцож байж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх учиртай юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орж буй зарим заалтуудыг ард түмнээсээ асуухыг шаардаж, мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг улс төрийн тохиролцоо наймааны хэрэгсэл байлгахаа зогсоо гэж УИХ-ын чуулганы танхимын үүдэнд самбар байрлуулжээ. Тухайлбал,

  • УИХ-ын гишүүдийн тоог 99 болгож нэмэх эсэх,
  • Сонгуулийн тогтолцоог холимог системээр явуулах нь зөв эсэх,
  • Шүүхийн хараат бус байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийг УИХ болон Ерөнхийлөгчийн оролцоотойгоор бүрдүүлэх нь зөв эсэх,
  • УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жилээр болгох эсэх,
  • Байгалийн баялгийн стратегийн ач холбогдол бүхий 51 хувь дээр түшиглэн баялгийн сан бүрдүүлэх нь зөв эсэхийг ард түмнээсээ асуухыг шаардаж байгаа юм.

УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүдийн хувьд чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.