Л.Элдэв-Очир: Гишүүдийн тоог ч, сонгуулийн тогтолцоог ч өөрчлөх шаардлагагүй
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очиртой ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар талууд зөвшилцөлд хүрч, УИХ-ын гишүүдийг тоог 99 болгож, таван жилээр сонгодог байх саналд тогтож байх шиг байна. Ер нь 99, 108 хоёрын гол ялгаа нь юундаа байгаа юм бэ?
-УИХ-ын гишүүдийн тоо 99 байх, эсвэл 108 байхын хооронд ямар ч чанарын ялгаа байхгүй. Би хувьдаа 76 хэвээрээ байсан нь хавьгүй дээр гэж бодож байгаа. Ер нь гишүүдийн тоогоор оролдох зарчмын хувьд байж болохгүй асуудал л даа. Гишүүдийн тоог нэмсэн үндэслэлийг хүн амын тоотой холбон тайлбарлаж байна. Хүн амын тоогоор болдог бол Хятад улс өнөөдөр 6.5 сая их хурлын төлөөлөгчтэй байх ёстой.
Гэтэл Хятадын их хурал 3000 хүнтэй л байна. Тэгэхээр тоо асуудал биш. Би үүнийг сонгуулийн пропорционал тогтолцоог оруулж ирэхийн тулд хийж байгаа асуудал гэж харж байгаа. Тэр нь ил болоод ирэхлээр сонгуулийн том, жижиг мажоритар гэсэн зүйл гаргаж ирж байна. Тоог оролдох ямар ч шаардлага байхгүй юм. Тооны асуудлыг гишүүдийн хариуцлагагүй байдалтай холбож тайлбарлаж байна. Гишүүд хариуцлагагүй байсан уу гэвэл байсан. Хурлын ирц, баталсан хуулийн тоо зэргээс харахад хамгийн хариуцлагатай Их хурал 2016 онд сонгогдсон энэ Их хурал. Үе үеийн парламентын хариуцлагагүй байдлыг засах гээд Дэгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж, хурууны хээгээр саналаа хураадаг боллоо.
Тэгэхээр хариуцлага сахилга, бат маш их сайжирсан. Хуулийг цөөхөн хүн баталж байна гэж байна. Тэгвэл байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд саналаа гуравны хоёроор шийдчих ёстой. Гуравны хоёр нь байж санал өгнө, гуравны хоёр нь байж хууль батална. Гишүүдийн хариуцлагын асуудлыг бол ердөө Дэгийн хуулиараа л зохицуулчих ёстой. Х.Нямбаатар гишүүний санаачилсан Дэгийн тухай хуулийг би маш сайн хуулийн төсөл болсон гэж хардаг. Тэр хууль бол гишүүдийг жинхэнэ барихаар хууль. 108 юмуу 99 болгочихвол дүлийдээ найдаад унгараг гэдэг шиг л юм болох байх. Чуулганы хуралдаандаа суух ч хүн олдохгүй болов уу.
-Ер нь тэдэн хүн тутамд нэг парламентын гишүүн байх ёстой гэсэн стандарт, олон улсын жишиг байдаг уу?
-Байхгүй. Улс бүрийн онцлогоос л хамаарна. Монгол Улс бол биеэ даасан, маш өргөн уудам нутагтай, өвөрмөц онцлогтой, хүн ам цөөтэй улс. Тэгэхээр Монголд Монголын хөрсөнд буусан хууль л хэрэгтэй. Түүнээс биш бусад оронтой харьцуулах нь өрөөсгөл асуудал гэж бодож байна. Би гишүүдийн тоог өөрчлөх шаардлагагүй гэдэг хатуу байр суурьтай байгаа.
-99 гишүүнийг таван жилээр сонгодог байхыг Байнгын хороо дэмжсэн. Танай намын бүлэг ч бас дэмжиж байгаа шүү дээ?
-Яах вэ олонхийнхоо саналыг намын бүлгийн гишүүн дэмжих ёстой л доо. Түүнээс биш би Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхэлсэн өдрөөс л энэ асуудалд хатуу байр суурьтай байсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд ч гэсэн гишүүдийн тоог нэмэхийн эсрэг санал өгнө.
-Зөвшилцөх үйл явц удааширсан шалтгааны нэг нь сонгуулийн тогтолцооны асуудал гэж яригдаж байна. Сонгуулийн тогтолцооны талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд янз бүрийн санаа, үзэл бодол орж ирж байгаа. Түүний дотор хувийн шинжтэй саналууд ч яваад байна уу гэж харж байна. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөл бол нэлээд чамбай төсөл болсон гэж боддог. Үүн дээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл орж ирсэн. Зөвшилцлийн ажлын хэсэг энэ хоёр төсөл дээр маш сайн зөвшилцсөн. Олон ч хоног хуралдлаа. Асуудлуудыг үндсэндээ 90 хувьтай болгочихсон.
Би бол пропорционал элемент оруулж ирж огт болохгүй гэдэг байр суурьтай байгаа. Яагаад гэвэл манай улс хүн ам, газар нутгийнхаа байршлаар жижиг мажоритараар буюу эх орны өнцөг булан бүрт байгаа иргэдийн саналыг очиж авч байж, тэндээс сонгогдсон гишүүд нь эргэх холбоотой байна. Тэгж байж Монгол Улсын хил хязгаар, хөдөө нутаг бүрэн бүтэн хамгаалагдаж үлдэнэ. Тэгэхгүй бол бүх бодлого нэг газар төвлөрвөл хөдөө орон нутаг эзгүйрнэ биз дээ.
Эзгүй болно гэдэг хамгаалалтгүй болж байна гэсэн үг. Бид өмнөх алдаанаасаа харах хэрэгтэй. Өмнөх пропорционал системээр сонгууль явуулахад хэчнээн хүн орж ирэв. Бүгд будлиантуулсан шүү дээ. Одоо эхнээсээ гэмт хэрэгтэн болоод явж байна. Ингэж намын нэрийн ард хүн орж ирдэг юм. Тэгэхээр сонгуулийг одоо байгаагаар нь ард түмэн төлөөллөө шууд сонгодог байх л чухал.
-Таны яриад байгаа хөдөө орон нутгийг эзэнтэй байлгах, улсын нэгдсэн бодлоготой байх асуудлын аль алиныг нь шийдэх хувилбар нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүнтэй байх хувилбар юм биш үү. Жижиг тойргоос сонгогдсон 54 нь хөдөө орон нутгаа, пропорционалаар сонгогдсон 54 нь улсын нэгдсэн бодлогоо зангидаад явах боломжтой гэж үзэж байгаа?
-Би бол тэгж бодохгүй байна. Пропорционал элементийг ерөөсөө оруулж болохгүй. Үүнийг оруулж ирэхийн тулд л ийм заалт оруулж ирээд байна гэж хардаж байгаа. 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд ч энэ тал дээр алдаа гарсан. Энэ төслийн 21 дүгээр зүйлд “сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гэсэн заалтыг “сонгуулийн журам, тогтолцоог” гээд оруулаад ирсэн.
Үүний алдаа нь тогтолцоогоо эрх барьж байгаа нам сонгуулийн өмнөхөн өөрчлөөд байх боломжтой болчихож байгаа юм. Ард түмний толгойг эргүүлсэн 100 хувь пропорционал, улс нэг тойрог, холимог, одоо бүр жижиг мажоритар, том мажоритар гэж ярьж байна. Ийм асуудал ярьж ард түмнийг төөрөгдүүлж болохгүй. Тиймээс намын бүлэг дээр ярьж байгаад тогтолцоо гэдэг үгийг нь аваад хаячихсан юм. Ер нь сонгуулийн тогтолцоог хуульчилж оролдож болохгүй юм байна гэж үзсэн.
-Хамгийн их маргаан дагуулдаг тогтолцооны асуудлаа харин ч хуульчлаад, нэг мөр хөдөлгөөнгүй болгочихвол сонгуулийн өмнө өөрчлөх асуудал байхгүй болох юм биш үү?
-Тийм. Тийм учраас л сонгуулийн тогтолцоогоо жижиг мажоритар хэлбэрээр оруулах хэрэгтэй. Одоо байгаа хуульд мажоритар гэж бичээгүй боловч яг энэ жижиг мажоритар тогтолцоог сонгоод хуульчилчихсан юм. Тэгэхээр үүгээрээ л явах хэрэгтэй. Гишүүдийн тоог ч, тогтолцоог ч өөрчлөх шаардлагагүй. Үүнээс болоод л гацчихаад байна шүү дээ.
-Шүүхийн асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг гацаагаад байгаа гэх мэдээлэл байна. Чуулган яагаад хуралдахгүй байгаа юм бэ?
-Шүүхээс болж гацсан юм байхгүй байх. Шүүхийн хараат бус байдал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол асуудлын нэг. Манай хуульч гишүүд энэ талаар маш сайн ажиллаж байгаа. Шүүхийг томилдог байгууллага нь тусдаа, огцруулдаг байгууллага нь тусдаа байлгах асуудал л яригдаж байгаа.
Гол нь шүүхийн байгууллагыг нэг институциэс ангид байлгая гэсэн санаа л явж байгаа юм. Энэ бол нэг их гацаа үүсгээд, маргаан дагуулаад байх асуудал биш. Өчигдөр ч, өнөөдөр ч чуулганы ирц хүрсэнгүй. Үүнийг би хувьдаа зориуд зохион байгуулалттай ажил яваад байна уу гэж харж байгаа. Тийм зүйл анзаарагдаж байна.
-Танай намын бүлэг нэгдмэл байр суурьт хүрч чадахгүй гацаагаад байна гэх мэдээлэл байна?
-Бүлгийн гишүүд айхавтар хуваагдчихаад байгаа юм бол байхгүй. Өмнөх шиг 32, 33-ын бүлэг гэж байхгүй шүү дээ. Гишүүд өөр өөрсдийн итгэл үнэмшлээр л хандаж байгаа. У.Хүрэлсүх дарга бол гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр, өөрт оногдсон үүргээ л хариуцлагатай биелүүлэх ёстой гэсэн чиглэл өгч байгаа.
Гишүүд өөр өөрсдийнхөөрөө л байгаа. Яах вэ зарим нэг гишүүдийг энд тэндээс дарамталдаг, үүнийг заавал батлуул гэдэг асуудал байгаа байх. Зарим нь хэт амиа бодсон гишүүд ч байх шиг байна. гэхдээ эцсийн дүндээ ард түмний эрх ашиг л нэгдүгээрт байх ёстой.
Ялангуяа эцэг хуулийн өөрчлөлтөд гишүүн бүр яг энэ үзэл бодлоор л хандах ёстой. Намын бүлэг талцаад, гацаад байгаа зүйл бол байхгүй. Миний хэлж байгаа хамгийн гол асуудал хуулийн хамгийн сүүлийн шийдвэрийг ард түмэн гаргах ёстой. Тэгэхгүй бол хуулиа баталсны маргаашнаас л өөрчлөх гээд оролдоод эхэлнэ.
-АН-ын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хэд хэдэн саналыг хүргүүлсэн. Үүний дотор Еранхийлөгчийг парламентаас сонгодог байх уу эсвэл ард түмэн сонгох уу гэдэг асуудал байсныг хүлээж аваагүй. Таныхаар аль хувилбар нь манайд илүү тохирох вэ?
-АН-ын энэ томъёолол уг нь их зөв орж ирж байгаа юм. Ер нь парламентын засаглалыг нэгэнт сонгосон бол түүнийгээ бэхжүүлэх л хэрэгтэй. Ерөнхийлөгчийг сонгодог утгаар нь сонгох асуудал парламентад байх ёстой.
Гэхдээ энэ томъёоллыг анх хууль өргөн барихдаа хөндөөгүй учраас саналыг нь хүлээж авах боломжгүй байгаа юм. Анх өргөн барьсан төсөлдөө энэ асуудлыг хөндөж оруулж ирсэн бол Ерөнхийлөгчийг ард түмэн сонгох уу, парламент сонгох уу гэдгийг хэлэлцээд явах боломжтой.
-Яагаад энэ асуудлыг хөндөөгүй юм бэ?
-Үндсэн хуулийн маш олон заалт бий. Тэр болгоныг яривал хэцүү. Тэгэхээр өөрчлөх зайлшгүй шаардлагатай гол залтаа л оруулж, хэлэлцэнэ.
-Үндсэн хуулийг өөрчлөх гол шалтгаан таныхаар юу байсан бэ. Зайлшгүй өөрчлөх шаардлага байсан уу?
-Хэрвээ энэ хууль батлагдахгүй гацаанд орвол яах вэ гэж хэвлэлийнхэн их асууж байна. Одоо байгаа Үндсэн хууль бол муу хууль биш шүү. Ер нь манайд нэг буруу жишиг тогтчихоод байгаа юм. Албан тушаалтнууд, улс төрчид ямар нэг алдаатай зүйл хийхдээ бурууг нь хуулиас хайдаг. Тэгээд энэ органик хуулиудыг маш олон удаа өөрчилсөн шүү дээ. Салбарын сайд хариуцлага алдлаа гэхэд нэг хуулиа бариад авдаг. Энэ хуульд л зохицуулалт хийхгүй бол болохгүй нь гэдэг. Тэгээд тэр хуулиа өөрчилж байх явцад хариуцлагаас мултраад явчихдаг. Төрийн эрх мэдэлд гарсан хүмүүс нь ноён нуруутай, жудагтай зөв хүмүүс байх үед одоо байгаа Үндсэн хууль үйлчиллээ бүрэн хангаад, улс орон хөгжиж байсан.
Ард түмний амьдрал дээшилж байсан. Гэтэл энэ хууль руу яагаад дайраад эхэлсэн бэ гэхээр төрийн эрхэнд баахан луйварчид гараад ирчихдэг болсон. Тэгээд баахан юм идэж уучихаад, болохоо болиод ирэхээр шүүх тогтолцоо болохоо байсан байна гэдэг. Хууль болохгүй болохоор л буруу, зөрүү зүйлс болоод байна гэдэг. Энэ л Үндсэн хууль руу дайрах гол шалтгаан нь. Гэхдээ шүүх тогтолцоонд алдаа байсан гэдэг нь харагдлаа шүү дээ.
Энэ утгаараа өөрчлөх боломж байж магадгүй. Өөрчлөхгүй гэвэл ноён нуруутай, жудагтай хүмүүс энэ хуулиараа явбал Монгол Улс хөгждөгөөрөө хөгжөөд явах боломжтой. Хуулийн ганц нэг зүйл заалтын гацаанаас болж улс орон хохироод сүйд болохгүй. Тиймээс энэ хууль дэмжигдэхгүй гацаанд орсон хэвээр явбал, Үндсэн хуулиа баталж чадаагүй УИХ тарах хэрэгтэй. Дараагийн хүмүүстээ зай тавьж өгөөд мөр мөрөө хөөсөн дээр.