ОХУ-д Эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр суралцана
2019.09.27

ОХУ-д Эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр суралцана

Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 13-г нь  эх орондоо эмчилдэг болсон.

Энэ хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ОХУ-д суралцахаар явах гэж буй эмч нартай уулзлаа.  Энэхүү үйл ажиллагаа нь Монгол, Оросын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээгээр хийгдэж байгаа тул бүх зардал ОХУ-аас гарч байгаа.

Эх орондоо эмчлэгдэхгүй байгаа өвчнийг эмчилдэг болох боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор  энэхүү сургалтын санхүүжилтийг зориулж байгаа гэдгийг уулзалтын эхэнд  онцолоод сургалтад хамрагдсан эмч нар өөрийн мэдлэг, туршлагыг улам батжуулж, шинэ мэдлэг, туршлага, мэдээллийг олж авах, сайн туршлагаас харилцан суралцаж, бусдад түгээн, өөрийн байгууллага дээр тодорхой өөрчлөлт хийж, шинэ санаа санаачилга нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Дашрамд дуулгахад эх барих эмэгтэйчүүдийн болон хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа эмч, сувилагчдыг сургах чиглэлд онцгойлон анхаарч байгаа. Өнгөрсөн хугацаанд Москва хотын эх хүүхдийн үндэсний хүрээлэнд 65 мэргэжилтэн сураад ирсэн.
Сургалтын гол онцлог нь манай улсын эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нотолгоонд суурилсан үр дүнтэй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд оршиж байгаа юм.