1072 ширхэг хувьцааны талаар мэдээлэл өгөх сургалт зохион байгуулав
Дархан–Уул \МОНЦАМЭ\. Энгийнээр хувьцаа нь хуваасан цаас гэж тодорхойлогддог. Тэгвэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас иргэн бүр хувьцаа, хөрөнгийн зах, зээлийн мэдээлэлтэй байж өөрийн хувьцаагаа хянаж, хөрөнгийн зах зээлд оролцоход нь туслах зорилгоор “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд иргэдэд тэр дундаа хувьцаа эзэмшигч иргэдэд зориулж сургалт, судалгаа, хувьцааны хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох, сургалтыг энэ сарын 29, 30-ны өдөр Дархан суманд зохион байгуулах аж.
21 аймагт хүрч ажиллах энэхүү уулзалт сургалтаар хувьцааны зөв ойлголт мэдээллийг хүргэж 1072 ширхэг хувьцааг иргэд зарах биш өвлүүлдэг, цаашлаад ногдол ашиг хүртдэг, хувьцааны талаарх үнэ цэнийг мэдэхэд чиглэгдсэн аян юм.
Хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаарх анхан шатны мэдлэг өгөх сургалт, судалгаанаас гадна брокер дилерийн компаниудтай хамтран үнэт цаасны данс нээх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эхний өдрийн сургалтыг найман хэсэгт зохион байгуулсан юм. Тодруулбал төрийн албан хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, иргэд, оюутан залуучуудад мэдээлэл өгсөн. Тэдгээр иргэдээр дамжуулан гэр бүл, найз нөхөд нь хувьцааны талаар үнэн бодит, зөв мэдээллийг авах боломжтой гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм.
Энэ нь Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг хоёрдахь зах зээлд гаргах, бүртгэлийг дуусгах чиглэлийн дагуу хийж буй ажил ажээ. Мөн ажлынхаа үр дүнг 12 дугаар сарын эхэнд Засгийн газарт танилцуулна гэж "Эрдэнэс Тавантолгой" ХК -ийн Хууль зүйн газар хариуцсан дэд захирал Ц.Амартүвшин мэдээлэв.
Харин Орон нутгийн иргэд, хувьцаа эзэмшигчид энэ сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх аянд хэрхэн оролцох тухай мэдээллийг 1800-1072 дугаарт холбогдон авч болох аж.