Хан-Уул дүүргийн “Тарвасны хүлэмж” анхны ургацаа өгөв
Хан-Уул дүүрэг болон БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Хан-Уул Агро” паркад 50 метр урттай, найман ширхэг “Тарвасны хүлэмж”-ийг өнгөрсөн долдугаар сард солонгос технологиор мэргэжлийн баг хамт олон барьж байгуулсан.
БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумаас бэлэглэсэн тус хүлэмжид туршилтаар тарьж ургуулсан тарвасны анхны ургацын баяр 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Хан-Уул-Агро” паркад боллоо.
Анхны ургацын баярын өдөрлөгт Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын Засаг даргын орлогч Жу Үн Жэ болон холбогдох албаны удирдлагууд, Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нар оролцож, анхны ургацынхаа дээжийг хүлээн авлаа.
БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сум нь улсдаа ХАА-н чиглэлээр тэргүүлэгч сум бөгөөд, ялангуяа хүлэмжийн аж ахуйг дэлхийн жишигт нийцсэн технологиор хөгжүүлж буйгаараа Азидаа үлгэр жишээ загвар гэгддэг.
Монголын хөрсөнд, монгол хүлэмжид ургасан амтат тарвасыг нийслэлчүүд өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж эхэлснээр хөдөө аж ахуйн салбарт нэгэн шинэ хуудас нээгдэнэ хэмээн мэргэжилтнүүд олзуурхаж буй юм.
Түүнчлэн тус хүлэмжийг барьж байгуулан, монгол хөрсөнд нутагшуулахад Солонгосын агрономичид “Хан-Уул-Агро парк”-ын агрономичид туршлага судлан, цаашид Монголын тариаланчдад эзэмшүүлэх зорилт тавьсан ийнхүү амжилттай хэрэгжсэн төдийгүй шинэ ургацын тарвасны болцыг мэргэжлийн хэмжүүрээр хэмжихэд Солонгос технологиор тарьсан нь 12-13, Ховдын тарвасын болц нь мэргэжлийн хэмжүүрээр хэмжихэд 7,00 байгааг мэргэжилтнүүд танилцууллаа.
Ийнхүү эко дүүрэг болох зорилт тавьсан Хан-Уул дүүргийн тухайд энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр дүүрэг, нийслэлийн ногоон хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, Монголын тариаланчдад эзэмшүүлэхэд бодит ажлуудын нэг боллоо хэмээн өдөрлөгийн үеэр дүүргийн удирдлагууд онцолж байлаа.