Иргэний андгай өргөх ёслол болов
2019.11.26

Иргэний андгай өргөх ёслол болов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Иргэний андгай өргөх ёслол 17 дахь жилдээ Төрийн ордны Их танхимд болов.

Монгол Улсын Ерөнхий сайд иргэний андгай өргөж, Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй 800 гаруй залуус, сурагчдад хандан үг хэлэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолд ирсэн хүндэт зочид, багш нар, сурагчид, эцэг эхчүүд та бүхэнд Монгол Улс Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаас тунхагласны түүхт 95 жилийн ойн мэнд дэвшүүлье.

 Монгол Улс 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Анхдугаар их хурлаа хуралдуулж анхны Үндсэн хуулиа баталж Хаант засаглалаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн Монгол Улсын Үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бататган бэхжүүлсэн түүхт 95 жилийн ой болж байна.

Даяарчлал эрчимтэй хөгжиж байгаа энэ үед, түүх соёл, уламжлалаа дээдэлж, эх орноо гэсэн сэтгэл, зүтгэлтэй иргэний эх орондоо оруулах хувь нэмэр асар их юм. Иймд эх оронч үзэлтэй ёс уламжлал, зан заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархдаг, бүтээлч хөдөлмөрч залуу үеийг төлөвшүүлэхэд энэ ёслолын арга хэмжээ нэн чухал гэж үздэг учир зохион байгуулдаг билээ.  Монгол Улсын ИРГЭН хэмээн дуудуулж явах эрхэм дүү нартаа Монгол Улсын Ерөнхий  сайд, эгэл жирийн эцэг хүний хувьд захиж хэлэх зүйл байна.

Энэ бол манай ард түмний эв нэгдэл юм. Анд найз нар, айл гэрийн, ард түмэн, улс үндэстний эв нэгдэл гэж бий. Иймд та бүхэн эв нэгдлийг нүдний цөцгий мэт эрхэмлэн хайрлаж хамгаалж явах нь Монгол Улсын Тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой гэдгийг ямагт санаж, эв нэгдлийг үргэлжид хангаж явахыг захья

Монголчууд биднйи ялалт амжилт, өөрчлөлт шинэчлэлт бүхэн эв нэгдлийн үр дүн байсныг өвөг дээдсийн маань түүх, үйл хэрэг бидэнд харуулсан. Монголчууд эвтэй,хүчтэй байх үедээ дэлхийн талыг эзэлж байсан ард түмэн. Тйимээс Монгол Улс цаашид мандан бадрая, хүчтэй улс байя гэвэл улс үндэстнийхээ эв нэгдлийг хангаж, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж явах ёстой юм.

Мөн хүн төрлөхтний түүхээс үзэхэд аль ч цаг үед чин сэтгэл нөр их хөдөлмөр хүчин чармайлтгүйгээр амжилтад хүрэх боломжгүй гэдэг нь тодорхой харагддаг. Тиймээс хүүхдүүд, залуучууд та бүхэн хөдөлмөрч, зүтгэлтэй, сэтгэлтэй байх ёстой. Аливаа зүйлийг томоор мөрөөдөж хүчин зүтгэж хичээж байх ёстой. Чиний хүсэл мөрөөдөл хэзээ нэг цагт заавал биелэдэг юм.

Ихийг мөрөөдөж, түүнийгээ биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх ёстой. Хүн бүрт боломж байдаг. Аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийх, гүйцээх хандлагыг өөртөө төлөвшүүлсэн, үүрэг хариуцлагаа ухамсарласан өрсөлдөх чадвартай мэдлэгтэй, орчин үеийн хөгжилд хөл нийлүүлэн алхах бүхий л чадварыг эзэмшсэн эх оронч хүн болоорой тан нараас хичээнгүйлэн хүсье. Та бүхний нуруун дээр улс орны чинь ирээдүй буйг үеийн үед санаж хичээн суралцаж хөдөлмөрлөөрэй. Монгол Улс үүрд мандан бадраг.