Монгол улс анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр
2019.11.26

Монгол улс анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр

Арваннэгдүгээр сарын 26. Энэ өдөранхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхэн өдөр.

Энэ өдрийн түүхэн ач холбогдлын талаар Улсын Их Хурлын Тамгын газраас бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.


Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж, халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталж, Бүгд Найрамдах улсаа дэлхий дахинд зарлан тунхагласан түүхтэй билээ.

Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Анхдугаар Үндсэн хуулийн эх бичгийн сүүлийн хуудаст

“Монгол Улсын 14 дүгээр оны 10 сарын 30 бөгөөд аргын улирлын 11 сарын 26-ны өдрийн үдийн хойт 4 цаг 17 минутад энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав. Хурлын дарга Жадамба, дэд дарга Бадрах, нарийн бичгийн дарга Гэлэгсэнгэ, Дугаржанцан” хэмээжээ.

image

Энэхүү Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтын талаар судлаачдын дунд янз бүрийн маргаан байдаг ч гэлэээнэхүү Үндсэн хууль нь Монголын түүхнээ анх удаа хаант ёсыг эрх зүйн хэм хэмжээгээр тайван замаар халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн байгууламжийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, төр улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхагласан түүхэн ачхолбогдолтой чухал баримт бичиг мөн болохыг бүх нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.

Түүнчлэн Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарлаж, Азид анх удаа сонгох, сонгогдох эрхийг хуульчлан өрнө, дорно дахинаас анх түрүүн эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн адил тэгш эрхийг олгосон нь Монголд төдийгүй олон улсын улс төрийн амьдрал, нийгмийг ардчилах үйлсэд цоо шинэ үзэгдэл болсныг түүхч, судлаачид онцлон тэмдэглэсэн байдаг.

Анхдугаар Үндсэн хуулиар анх удаа төрийн эрх мэдлийн хувираалилтыг ардчилсан зарчмаар дэлхий нийтийн жишигт нийцүүлэн зохистойгоор бүрдүүлэх үүднээс төрийн эрх барих дээд байгууллагыг хоёр танхимтай хууль тогтоох байгууллагын тогтолцоонд шилжүүлж, гүйцэтгэн захирамжлах байгууллагыг байгуулан, тэдгээрийн эрх хэмжээг тодорхойлсон байдаг. Үүгээрээ Улсын Их Хурал, Улсын Бага Хурал, түүний Тэргүүлэгчид болон Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагуудын эрх хэмжээ, харилцан хамаарлын эрх зүйн үндсийг анхлан томьёолсны зэрэгцээ төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд ард иргэдийн сонгуулийн эрхийн оролцоог хүйсийн ялгаваргүйгээр хуульчлан Бүгд Найрамдах засаглалын хэлбэржилтийг бодитойгоор илэрхийлэх оролдлогыг хийснээрээ түүхэн чухал ач холбогдолтой баримт бичиг юм.

Анхдугаар Үндсэн хууль нь:
  • Улсын тусгаар тогтнолыг бататган, иргэдийн эрх, эрх чөлөөг бэхжүүлсэн,
  • Хамжлагат ёс, сэтгэлгээг халж, иргэн ба төр гэсэн харьяат хамаарлын эрх зүйн үндсийг анх удаа тодорхойлсон,
  • Энгийн ардад хувийн болон улс төрийн эрх, эрх чөлөөг олгож, ардын эрхт шинэ дэглэмийг хуульчилсан,
  • Нийгэм, төрийн байгуулал, эдийн засгийн үндэс, гадаад, дотоод бодлогын чиглэлийг тодорхойлсон,
  • Итгэл үнэмшилтэй байх, шүтэн бишрэх, эвлэлдэн нэгдэх, соён гэгээрэх зэрэг хүний заяамал эрхийг хүлээн зөвшөөрсөн,
  • Төрийн байгууллын зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоож, ард иргэдийн оролцоотойгоор төрөө байгуулан, хяналт тавих, тэдгээр байгууллагууд нь иргэдийн өмнөажлаа тайлагнаж байх төлөөллийн ардчиллын үндсэн зарчмыг хуульчилсан зэрэг нь тухайн үедээ эрх зүйн цоо шинэ сэтгэлгээ, үнэт зүйлс агуулсан байлаа.

Баримт дурдахад,

тус Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлээр улсаа ардын эрхт Бүгд Найрамдах Улсаар тунхаглан, улсын дээд эрхийг ард иргэдэд эдлүүлж, улсын аливаа хэргийг тэдний төлөөллөөр байгуулагдсан Улсын Их Хурал, түүнээс томилсон Засгийн газар гүйцэтгэж байхаар тусгагдсан нь ардчиллын язгуур амин сүнсийг агуулж, цааш цаашдын Үндсэн хууль, хууль тогтоомжийн үндсэн суурь үзэл санаа болж, улам боловсронгуй болсоор өнөө цаг үетэй золгон, шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал болж, биеллээ олж иржээ.

image

Анхдугаар Үндсэн хуулиар төрийн байгууллыг Улсын Их Хурал, Улсын Бага Хурал, түүний Тэргүүлэгчид, Засгийн газар, төв ба нутгийн захиргааны байгуулага гэсэн ерөнхий тогтолцоотойгоор хуульчилж, төрийн эрх мэдлийн хуваарилалт, эрх хэмжээг тогтоосон байна.

Энэ нь улсын дээд эрх мэдлийн байгууллагын хүрээнд аймаг, сум, хот, ардын цэргийн тойргууд шат дараалан хурал зохион байгуулах ба түүнээс сонгогдсон төлөөлөгчид тухайн орон нутгийн хүн амын тооноос шалтгаан Улсын Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, жил бүр хуралдаж байхаар тогтоосон бөгөөд Улсын Их Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг нь шаардсан тохиолдолд Улсын Онц Их Хурлыг зарлан хуралдуулж байхаар хуульчилжээ.

image

Харин Улсын Их Хурал нь 30 гишүүнийг сонгож Улсын Бага Хурлыг байгуулах бөгөөд Улсын Бага Хурлын эрх хэмжээ нь Засгийн газрыг байгуулах, гишүүдийг томилох, чөлөөлөх, хянан шалгах, үүрэг чиглэл өгөх, хууль, дүрэм, тогтоол, тушаал гаргах, Улсын Их Хурал болон Засгийн газрын хуралдааныг зарлан хуралдуулах өргөн эрх хэмжээтэй хамтын удирдлагын тогтолцоотой байгуулага юм.

Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид нь улсын дээд эрхийг Улсын Их Хурлын чөлөө цагт бүрэн хэрэгжүүлж, тэд хууль санаачлах ганц субьектийн эрхийг эдлэхээс гадна Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын эрх хэмжээнд шууд оролцох, хянах, Засгийн газар, түүний байгууллагууд хоорондын болон тэдгээрээс шалтгаалан гаргасан иргэдийн гомдлыг шалган эцэслэн барагдуулах, зарим үед шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж, өршөөл уучлалүзүүлэх, ялыг хөнгөтгөх шийдвэр гаргахаар заажээ. Түүнчлэн Улсын Бага Хурал нь жилд хоёр удаа хуралдах бөгөөд өөрийн үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнадаг байхаар хуульчлан тогтоосон байна.

image

Тэгвэл Засгийн газар нь Улсын Их Хурал, Улсын Бага Хурлаас батлан гаргасан хууль, дүрмээр олгогдсон эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулахаар тогтоожээ.

Нутгийн захиргааны ерөнхий тогтолцоог аймаг, сум, баг, арван гэрийн нэгжид хувааж, тус бүр өөрийн удирдлагын хуралтай, гүйцэтгэх захиргааны газар, даргатай байхаар заасан бөгөөд Засгийн газрын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулахаас гадна улсын төрийн мөнгө, санхүүгийн бодлогыг эрхлэн гүйцэтгэх эрх хэмжээг тогтоож өгсөн байдаг нь нийгмийн шинэ харилцаанд шилжин, засаглалын байгууллагын эрх хэмжээ, уядаа холбоог ардчилсан зарчмаар зохицуулах гэсэн анхны оролдлого байсныг судлаачид онцолсон байдаг.

Анхдугаар Үндсэн хууль нь Монгол Улсын түүхэнд Үндсэн хуульт ёсыг тогтоож бэхжүүлсэн, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан, манай эрх зүйн тогтолцоонд европын эрх зүйн соёлыг нэвтрүүлж хөгжлийн шинэ шатанд гаргасан анхдагч эх сурвалж болсноороо онцгой ач холбогдолтой юм. Нөгөө талаар энэхүү Үндсэн хууль нь дараа дараагийн Үндсэн хуулиудыг боловсруулан баталж гаргахад онол, арга, зүй, практикийн асар их ач тус бүхий тулгуур суурь болж, өнөөгийн шинэ нийгмийн байгууламжийн үзэл санааны эхлэл болсон билээ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газар