Х.Баттулга, Д.Ганбат нар батламжаа гардлаа
2012.06.05

Х.Баттулга, Д.Ганбат нар батламжаа гардлаа

УИХ-ын сонгууль гуравдугаар тойрог Баянхонгор аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Х.Баттулга, "Техник импорт" компанийн ТУЗ-ийн дарга Д.Ганбат нар өчигдөр морин цагт нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Гуравдугаар тойрог буюу Баянхонгор аймгийн Сонгуулийн хороо улс төрийн долоон намын 12 нэр дэвшигчийг хуулийн дагуу зөвшөөрч бүртгэж авчээ. Эдгээрийн хамгийн эхэнд АН-аас нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан юм. Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үеэр Баянхонгор аймгийн УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойргийн хорооны дарга Ч.Гомбодорж "Гуравдугаар тойргийн хороо долоон намын 12 нэр дэвшигчийг бүртгэж авсан. Тиймээс нэр дэвшигчид маань хуулиа дээдэлж шударга өрсөлдөнө гэдэгт итгэлтэй байна. Нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авснаар та бүхний сонгуулийн сурталчилгааны ажил албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн ажилд тань амжилт хүсье" гэв.

Үүний дараа нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг Баянхонгор аймгийн Төр захиргааны байрны өмнөх Баганат талбайд хийсэн юм. Сурталчилгааны нээлт эхлэхээс өмнө талбайд найман настай балчраас 80 настай буурлууд аль хэдийнэ цугласан байлаа. Тус аймгийн 19 сумын гишүүд дэмжигч, ардчилагчид аймгийн- төвийг нар зөв тойрч, төв талбайд орж ирсэн юм. Мөн Монгол Улсын ноён оргилуудын нэг Богдын оройд Ардчилсан төрийн далбааг ,нэр,,,:, дэвшигч Х.Баттулга, Д.Ганбат, аймгийн АН-ын дарга Д.Жаргалсайхан нар мандуулснаар сурталчилгааны нээлтийн үйл ажиллагаа Төрийн дууллаа эгшиглүүлэн эхэлсэн юм. Сурталчилгааг нээж тус аймгийн АН-ын дарга Д.Жаргалсайхан "Ардчилал ялаад 20 жил болж байна. Гэвч бид хангалуун сайхан амьдарч чадахгүй байна. Яагаад гэдгийг бид өөрсдөөсөө асуух ёстой. Хээл, хахууль хэрхэн "цэцэглэж" байгааг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа. Үүнийг таслан зогсооход бидний зөв сонголт л хэрэгтэй. Энэ сонгуульд АН ялах ёстой. Тиймээс энэ бол түүхэн сонгууль. Болохгүй бүтэхгүйг цэгцлэхээр хонгор нутгийн хоёр хүү иржээ. Баттулга гишүүнд Ганбат хэрэгтэй. Тиймээс хамтад нь ялуулах хэрэгтэй" гэв. Харин Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Уранчимэг, "Нэр дэвшигчид маань Билгийн тооллын Зуны эхэн сарын шинийн 15-нд сонгуулийн сурталчилгаагаа эхэллээ. Баянхонгорчууд бид түүхэн цаг үед нутгийнхаа хоёр хүүг ялуулах ёстой. Ингэхийн тулд сэтгэл зүрхээрээ Ардчилсан эмэгтэйчүүд бид дэмжих болно" гэв. Ер нь, Баянхонгорынхон энэ цаг үед түүхэн сонголт хийх нь зөв гэдэгтэй санал нэгдэж байлаа.

 

Түүгээр ч барахгүй шударга үнэний төлөө тэмцэж байгаа Х.Баттулга гишүүнд үнэнч анд, бат ар тал хэрэгтэй. Ингэж байж л түүний шударга үнэний төлөө тэмцэл үр дүнд хүрч эхлүүлсэн ажил нь ажил хэрэг болно гэв. Энэ үеэр 2008 оны сонгуулиар тухайн үеийн МАХН, одоогийн МАН-ынхны иргэдэд тараасан 1 сая 500 мянган төгрөгийн батламж барьсан иргэд, "Энэ батламжийг бид дөрвөн жил хадгаллаа. Гэвч одоо болтол өгсөнгүй. Бид ийм худалч, хуурамч хүмүүсээр өөрсдийгөө төлөөлүүлж яавч болохгүй. Одоо сайн цаг, шударга үнэн ялах цаг нь болсон" гэцгээж байлаа. Нэр дэвшигч Д.Ганбат сурталчилгааны нээлтийн үеэр "Бидний хонгор нутаг Улаанбаатар хотоос 600 км алслагдсан. Энэ бол тийм ч хол биш. Бусад аймагтай харьцуулахад хөгжилд харьцангуй ойрхон. Тиймээс бид улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр Баруун бүсийн  худалдааны төвийг барьж олон хүнийг ажлын байртай болгосон. Цаашлаад худалдаа наймаа эрхлэгчдийг тохилог байранд ажиллах боломжийг нь хангаж өгсөн. Мөн Баянхонгор аймгаа жишиг аймаг болгох ажлыг эхлүүлсэн.

Энэ ажлыг маань бусад аймаг хэрэгжүүлээд эхэлж. Гэхдээ талыг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Энэ бүхнийг цааш нь үргэлжлүүлж Монголоо улс шиг хөгжүүлж, Монголдоо хүн шиг амьдрах боломжийг нь бүрдүүлэх гэж УИХ-ын гишүүн Х.Баттулгатай нэг баг болж ирлээ" хэмээн Хонгор нутгийнхандаа хандав. УИХ-ын гишүүн Х.Баттулга "Би гурав дахь удаагаа нэр дэвшихээр нутагтаа ирлээ. Миний өмнө үг хэлсэн хүмүүс энэ сонгуулийг түүхэн гэж хэлээд байгаагийн учир бид олуулаа болох хэрэгтэй байна. Олон хүн юу хийж, олноороо хүний хийж байгаа ажлыг хэрхэн зогсоож болдгийг бид хангалттай харлаа. Өнгөрсөн гурван жилд Засгийн газарт сайдаар орж ажиллахад Шинэ сум төслөөс эхлээд маш олон ажил эхлүүлсэн. Гэвч АН хамтарсан Засгаас гарсны дараа бидний эхлүүлсэн ажлыг орхисон. Ийм байдлаар улс орон хөгждөггүй юм байна. Тиймээс бид олон болох хэрэгтэй" гэв. Ийн н сонгуулийн сурталчилгааны ажил албан ёсоор эхэлж, сум сумаас ирсэн ардчилагчид нутаг нутгийн зүг хүлгийн жолоо заллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.