Өнөөдөр бол Монголын Уурхайчдын баярын өдөр
УИХ-ын гишүүн, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ойн баярын мэндийг нийт салбарынхандаа хүргэлээ.
Тэрээр мэндчилгээндээ уул уурхайн салбар улсын төсөвт оруулсан татвар хураамжын тоон мэдээллээр тухайн салбарын өсөлт, хөгжил, ололт амжилтыг илэрхийлэн харуулжээ. 2019 оны эхний 11 сарын байдлаар уул уурхайн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамжын орлого 2.4 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 518.6 тэрбум төгрөгөөр буюу 26.7 хувиар өссөн сайхан үзүүлэлттэй 97 жилийн ойгоо угтаж байна. Улсынхаа эдийн засаг, гадаад худалдааг нуруундаа үүрч яваа үе үеийн уурхайчдаараа бахархаж байгаагаа тэрээр онцоллоо.
1922 оны 12 дугаар сарын 25-нд шинэ тулгар Ардын Засгаас Налайхын нүүрсний уурхайг улсын болгох шийдвэр гаргаснаар манай улсад уул уурхайн салбар үүсч хөгжих суурь тавигдсан гэж үздэг бөгөөд энэ өдрийг "Уурхайчдын баярын өдөр” болгон тэмдэглэж ирсэн түүхтэй билээ.
Энэ бол Монгол Улсын уул уурхайн салбарын үүсэл хөгжлийн эх суурийг тавьсан түүхэн шийдвэр байсан бөгөөд салбарын хамт олон маань 97 жилийн ойгоо амжилт, бүтээлээр дүүрэн угтаж байна. Монгол Улсын уул уурхайн салбар цаг үеийн олон янзын хямрал, зах зээлийн хүндрэл, шалгуурыг даван туулж, Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болтлоо хөгжиж ирсэн 97 жилийн түүхэн улбаагаараа тасралтгүй өөдлөн дэвжиж, урагшлан хөгжих болтугай!