2020.01.06

Тэтгэврийн зээлийг тэглэхийг АН-ын зөвлөл дэмжинэ

УИХ дахь АН-ын зөвлөл иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн зөвлөмжийг өнөөдөр хэлэлцэж, дэмжжээ.

Иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэхдээ инфляцийг өсөлтөөс эхлээд бусад учирч болох бусад эрсдлийг нарийн тооцох хэрэгтэй гэдгийг тус зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэллээ.

Мөн өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд АН-аас нийт иргэдийн өрийг тэглэхэд анхаарч ажиллах захиас хүргүүлж байсныг онцлов. Уг захиаст, “Иргэдийн авсан тэтгэврийн, цалингийн, оюутны сургалтын төлбөрын болон малчны зээлийг байгалийн баялгаас иргэдэд хүртээх өгөөж болон хувьцааны ногдол ашгаар төлүүлэх” гэсэн байна. Тиймээс эрх зүйн орчноо шинэчлэн нийт стратегийн ордуудыг нэгтгэх Төрийн, нийтийн өмчийн компани байгуулах асуудлыг ярих хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэллээ.

Тэрбээр, “Нийгмийн хамгийн эмзэг бүлэг болох ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэхийг бүрэн дэмжиж байгаа. Цаашдаа нийт иргэдийг өрийн дарамтаас ангижруулах асуудлыг нийт стратегийн ордын үр өгөөжөөс шийдвэрлэх нь чухал юм. Тиймээс УИХ-ын гишүүн З.Нарантуяа Төрийн, нийтийн зориулалтын өмчийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд өмчлүүлэх, ашиглуулах тухай хуулийн төслийг боловсруулсан” гэлээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа, “Миний бие Төрийн, нийтийн зориулалтын өмчийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд өмчлүүлэх, ашиглуулах тухай хуулийн төслийг боловсруулаад хоёр жил болж байна. Энэ хуулийн төсөлд “Эрдэнэс Таван толгой”, “Эрдэнэт үйлдвэр”-ээс эхлээд бүх стратегийн ордоос тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлж, жил бүр ногдол ашиг олгодог байх зохицуулалтыг тусгасан юм. Ингэснээр иргэд цалингаас гадуур тогтвортой орлоготой болох боломж бүрдэнэ. Уг хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байгаа” хэмээв.