Ё.Баатарбилэг: Хичээл сургалтын үйл ажиллагаа түр завсарлаж буйгаас үүдэн зуны амралтыг хойшлуулахгүй
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн агуулгад тохирсон цахим болон теле хичээлийн хуваарийг хэлэлцлээ.
Хичээл сургалтын үйл ажиллагааг түр завсарлуулах хугацаанд нэвтрүүлэх теле хичээлтэй холбоотой асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын зуны амралт цаг хугацаандаа эхэлнэ. Хичээл сургалтын үйл ажиллагаа түр завсарлаж буйгаас үүдэн зуны амралтыг хойшлуулахгүй.
Гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоног болгон багасгана. Мөн гуравдугаар сараас дөрөвдүгээр сарын эхэн хүртэл таван долоо хоногийн турш Бямба гарагт нөхөж хичээллэнэ. Үүнд цэцэрлэг хамаарахгүй.
Нийт 18 телевизээр теле хичээлийг нэвтрүүлнэ. Өргөн нэвтрүүлгийн 12 телевизээр 1-12-р ангийг хичээлийг явуулж, үлдсэн зургаан телевиз нь цагийг нь зөрүүлж нэвтрүүлнэ.
Түүнчлэн зөвхөн теле хичээлүүдийг нөхөж үзэх боломжтой болгосон тул зарим ухрааж үзэх боломжгүй телевиз байсан ч хичээлүүдийг бол үзэх боломжтой.
402 удаагийн 6,357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг 10-20 минут үргэлжлэхээр агуулга, хуваарийг баталсан.
Гуравдугаар сарын 2-н хүртэл багш нар заавал сургууль дээрээ очих шаардлагагүй бөгөөд байгаа газраасаа сурагчидтайгаа утсаар, цахим шуудангаар гэх мэтчилэн боломжтой харилцаа холбоогоороо холбогдон хичээлтэй холбоотой зөвлөгөөг өгч, сургуулийнхаа дотоод зохион байгуулалтаар ажилласан цагаа тооцуулах юм. Энэ хугацаанд багш нарын цалинг бүтэн олгоно. Харин илүү цаг тооцохгүй" гэсэн мэдээллийг өгч байна.
Мөн "Энэ бол хөл хорио тогтоосон хугацаа. Сурагчдын амралт биш. Тиймээс хүүхдүүдээ асарч хамгаалах нь эцэг, эхийн хариуцлагын асуудал. Хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх ёстой. Мөн багш нарыг амраагаагүй тул байгаа газраасаа ажлаа хийх учиртай" гэсэн юм.
№ |
Анги |
Нэвтрүүлэх телевиз |
---|---|---|
1. |
1-р анги |
25-р суваг телевиз |
2. |
2-р анги |
С1 телевиз |
3. |
3-р анги |
Эх орон телевиз |
4. |
4-р анги |
UBS телевиз |
5. |
5-р анги |
ETV телевиз |
6. |
6-р анги |
TV5 телевиз |
7. |
7-р анги |
Боловсрол телевиз |
8. |
8-р анги |
TV8 телевиз |
9. |
9-р анги |
TV9 телевиз |
10. |
10-р анги |
SBN телевиз |
11. |
11-р анги |
Eagle телевиз |
12. |
12-р анги |
Монгол HD телевиз |
13. |
Цэцэрлэг |
NTV телевиз |
Гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд цэцэрлэг, сургуульд хувьсах зардлыг олгохоор болсон байна. Харин хоолны мөнгө олгохгүй аж.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллийнхээ үеэр хөл хорио тогтоосон хугацаанд цахим болон теле хичээл заах тухай Засгийн газрын шийдвэрийн "цахимаар харилцах" гэдгийг олон нийтийн сүлжээ гэж ойлгож болохгүй. Үүгээр далимдуулж, хүүхдүүдийг фейсбүүк хаяг нээхийг уриалж болохгүй бөгөөд энэ нь цахим шуудангаар харилцах гэж ойлгоно хэмээв.