Эмнэлгүүдэд угаар хэмжигч хүлээлгэн өгөв
Эрүүл мэндийн байгууллагуудад 4 төрлийн угаарын хий хэмжигч багажийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр хүлээлгэн өглөө.
Тэрбээр хэлэхдээ, “Монгол Улсын ЭМЯ Засгийн газарт угаарын хий хэмжигч багажийг эрүүл мэндийн байгууллагад тараах санал оруулсан. Засгийн газар шуурхай хуралдаж 330 сая төгрөгийг гаргаж өгсөн. Үүний үр дүнд эмнэлгийн байгууллагууд угаарын хий хэмжих багажтай болж байна. Энэхүү багаж нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас өөр эмнэлэгт байдаггүй.
Өнөөдрийг хүртэл 2087 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн байгууллагад хандсан байна. Өдөрт 10-20 хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хандаж зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэж байна. Тиймээс цаашид ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, ялангуяа угаарын хийн хордлогын улмаас монгол хүний амь нас хохирох ёсгүй” хэмээв.
Олон төрлийн хий хэмжих зөөврийн багаж, хүний биеийн цусан дахь угаарын хий хэмжих багаж, агаар дахь хорт хийн агууламжийг тодорхойлох багаж зэрэг 4 нэр төрлийн 330 сая төгрөгийн үнэ бүхий багажийг доорх эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн юм. Үүнд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хордлогийн яаралтай тусламжийн үндэсний төв, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв болон Нийслэлийн бусад дүүргийн эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө.