Шударга ёсны “Шүгэл үлээгч”
Vip76.mn сайтын редакцаас эрхлэн гаргадаг Vip Expert сэтгүүлийн энэ удаагийн тусгай дугаар "Монгол төрийн түшээ" хэмээх нэр хүнд, үүрэг хариуцлага, ёс зүй, мэдлэг, туршлага агуулсан сэдвийн хүрээнд бэлтгэн эрхэм уншигч таны өмнө дэлгэж байна. Төр нийгмийн зүтгэлтэн, салбартаа төдийгүй ард иргэдийн хүндлэлийг хүлээсэн эрхэмүүд, эрдэмтэн судлаачид “Монгол Төрийн Түшээ” хүн ямар шинж, төлөвийг цогцлоон бүрдүүлсэн байх ёстойг хэрхэн тодорхойлсоныг уг сэтгүүлээс унших боломжтой бөгөөд өнөөгийн парламентын гишүүдэд олон нийтийн зүгээс өгч буй үнэлгээ, хамгийн өндөр үнэлгээ авсан гишүүд, тэдний хийсэн ажлыг танилцуулж байна.
Өнөөдрийн онцолж буй түшээ бол Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Хишгээгийн Нямбаатар.
2016 оны УИХ-ын сонгуулиар хамгийн өндөр санал авсан гишүүдийн нэг бол Хишгээгийн Нямбаатар. Тэрээр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, 12280 хүний санал авсан нь сонгогч олон түүнд дуу нэгтэйгээр итгэл хүлээлгэснийг илтгэнэ. Одоогийн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлээд 3 жилийг үдэхэд хуралдааны танхимд шударга ёс, хүний эрх, хууль шүүхийн байгууллагын ялгавартай шийдвэрийн эсрэг чангахан дуугарч, эрх зүйн орчныг чамбайруулан ажилласан хүн бол Х.Нямбаатар. Парламентын гишүүд нийгмийн эмх замбараагүй байдал, хүний эрхийн зөрчил, авлига хээл хахууль, эрх мэдлийн төлөөх улайрсан тэмцэл, популизм хийж олон нийтийн тархийг угаах зэргээр дотроосоо бугласан идээ бээрийг шахан гаргахын төлөө тэрээр УИХ-ын гишүүн болсон цагаасаа эхлэн тэмцэж, ажилласан нь түүнийг яван чангарсан залуу улс төрч болохыг харуулж байна.
Гэхдээ тэр улс төрд гаднаас нь гэнэт үсрээд орчихоогүй. Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөхөөс эхлээд хэлтсийн дарга, Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга хийж хороо, дүүргийн жижиг нэгжид иргэд хэрхэн амьдарч, төрийн үйлчилгээ ямар замаар хүрч байгааг нүдээр харж, мэдэрч, шийдэж явсан туршлагатай.
“Эрдэм мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ ахуй амьдралын асуудлаа шийдсэн хойноо улс төрд хүч үзээсэй гэж боддог. Түүнээс биш улс төрд орж мөнгөтэй болно гэх ойлголтыг бүр мөсөн үгүй хийхийн төлөө ажиллана.”
гэж тэрээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө хэлж байсан нь учиртай. Даргын цүнх барьж, лифтэнд суусан мэт албан тушаал ахиж, авлига авч хөлждөг хүмүүсийн жишгийг тэр давтаагүй. Харин ч төрийн ажилд садаа болж, хувийн эрх ашгийг хайсан нөхдүүдтэй ширүүхэн үзэж, 60 тэрбумын хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийн асуудал, МАНАН дэглэмийн эсрэг тэмцэж эхэлсэн нь үр дүнд хүрсэн. Түүнд Хууль зүйн салбарыг гүйцэтгэх засаглалд удирдан, сайд болох боломж байсан ч “Би сайд болохгүй ээ” гээд л даруухан хэлээд сууж байсан хүн. Харин ч УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны даргаа хийгээд батлагдан гарах хууль тогтоомжуудыг чамбайруулах ажилдаа анхаарч байгаагаа хэлж байсан.
Эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэгч
Х.Нямбаатар гишүүн мэргэжлийн хуульч, өмгөөлөгч хүн. Тэрээр эрхзүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй хуулиуд дээр мэдлэг боловсролоо шавхаж ажиллахаар зорьсон нь ажил болж парламентын гишүүн болсон 3 жилийн хугацаанд хууль тогтоомжийн тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Нотариатын тухай хууль зэрэг 10 гаруй хуулийг санаачлан, ажлын хэсгийг ахлан ажиллаж батлуулаад байна. Энэ бол Монголын хууль эрх зүй, эрүүгийн салбарт нэн шаардлагатай байсан зохицуулалт болж чадсаныг салбарынхан дуу нэгтэй хэлдэг.
Энэ удаагийн УИХ-ыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан түүхэн парламент гэж тодотгож байна. Ингэж хэлүүлэхэд Х.Нямбаатарын эзэмшсэн мэргэжил, туршлага, чадвар жин дарна. “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад 3 том уриа лоозонг дэвшүүлж өнөөдрийг хүртэл явж байгаа. Хариуцлага, хяналт тэмцэл, тогтвортой байдал гэсэн зорилгын хүрээнд нэмэлт өөрчлөлт хийгдэж байна.” гэж тэрээр хэлсэн нь өнөөгийн нийгмийн хүсэмжлэлтэй огтлолцож байгааг онцлох хэрэгтэй.
С.Зоригийн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн, зарим ноцтой гэмт хэргүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хаасан, шүүгчдийн дансанд нэг сая ам.доллар байдаг, шүүх засаглалын шударга бус ажиллагаа зэргийг ил гаргаж, тод дуугарч нийгмийн анхааралд аваачсан хүн бол Х.Нямбаатар. Энэ бол түүнийг нийгмийн шаардлагыг ухамсарласан хүн гэдгийг улам баталж өгсөн.
“Монголын заяа их ээ. Бид агуу их түүхтэй улс орны эзэд. Бахархах зүйл бидэнд их бий. Хожмын үеийнхэндээ амар тайван амьдралтай сайхан ирээдүй бүтээхийн төлөө зүтгэнэ ээ”
гэж тэр хэлсэн. Хэлсэндээ ч хүрэхээр зүтгэж явна.
Ц.Соёлмаа