ШИНЭ намын зөвлөл Ноолуурын салбарт тулгарах эрсдэлээс сэргийлэх ажлын хэсэг байгууллаа
УИХ дахь ШИНЭ намын зөвлөл ээлжит хурлаа хийж, дараах асуудлуудыг хэлэлцлээ. Хуралдаанаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай холбоотой зарим асуудал, Иргэдэд олгогдох ногдол ашгийг татвараас чөлөөлөх тухай, ОУ-ын Хөрөнгийн бирж дээр хувьцаа борлуулах шийдвэрийн эрхзүйн үндэслэл мөн эдийн засгийн ач холбогдлын тухай, Малчдын орлого, ноос ноолуурын салбарт учирч болох эрсдэл, зайлшгүй авах арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг авч хэлэлцлээ.
Иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг нэг удаа татвараас чөлөөлөх болоод ногдол ашиг тараах журмын тухай хуулийн төслийг тус намын Ерөнхий зөвлөлийн гишүүн, эдийн засагч Х.Батсуурь танилцууллаа.
Уг хуулийн зорилго нь Монгол Улсын иргэд “Эрдэнэс-Таван толгой” ХК-д эзэмшиж буй 1072 хувьцаагаараа ногдол ашгаа анх удаагаа хүртэх гэж байгаатай холбогдуулан, 2019 оны ногдол ашгийг Хувь хүний орлогын албан татварын хуулиар тогтоосон ногдол ашгаас авах 10 хувийн татвараас чөлөөлөх болоод хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг бүтэн дүнгээр нь хүртээхэд чиглэж байна.
Төсөлд тусгаснаар ногдол ашгийг тараахдаа ҮЦТХТ-ийн бүртгэл дээр тулгуурлах бөгөөд ямар нэгэн хөндлөнгийн зуучлалгүйгээр арилжааны банкных нь дансанд шууд шилжүүлнэ. Брокерын компанид данстай иргэд брокерын дансаараа ногдол ашгаа авч болох бөгөөд ингэхдээ хувьцааны ашгаа брокерын компаниар дамжуулан авах хүсэлтээ ҮЦТХТ-д гаргана. Хүсэлт гаргаагүй тохиолдолд ҮЦТХТ-өөс ногдол ашгийг хувьцаа эзэмшигчийн дансанд шууд шилжүүлнэ. Харин насанд хүрээгүй хүүхэд болоод арилжааны банкны дансгүй иргэдийн ногдол ашгийг эцэг, эх, асран хамгаалагч нь хариуцна.
2019 оны ногдол ашгийг нэгж хувьцаанд 90 төгрөг байхаар тогтоосон бөгөөд үүн дээр ногдол ашгийн татвар, үнэт цаасны компанийн зуучлалын хураамж, шимтгэлийг тооцвол хувьцаа эзэмшигч ногдол ашгийнхаа 52-77 хувийг л гар дээрээ авахаар байгаа юм. Иймд ногдол ашгийг тараах журам гаргаж хуулиар зохицуулснаар шаардлагагүй дундын зуучлалыг зогсоож, ногдол ашгийг иргэдэд аль болох бүрэн бүтнээр нь, хүндрэлгүйгээр шууд хүртээх ач холбогдолтой юм гэж ШИНЭ намын зөвлөл үзлээ.
ШИНЭ намын хурал дээр гавьяат эдийн засагч, доктор Н.Дашзэвэгийн тавьсан ноос, ноолуурын салбарт учирч болох эрсдэлийн талаар илтгэлийг сонсож, хэлэлцлээ. Тэрээр:
3-р сарын 15-аас нүүрс зөөж, 20-30 мянган жолооч, газрын тос зөөж өдөрт 60 орчим жолооч хилээр гарч, орно. Мөн газрын тосны компаниудын хятад удирдлага, ажилчид орж ирнэ. Эдгээр дээр нэмж, ялангуяа ноолуур худалдан авагч хятадуудыг оруулах хэрэггүй. Тэд ноолуурын ченжид, ченжүүд малчдад, малчид хотонд вирус дамжуулж болзошгүй. Энэ сүлжээнд нэг л вирустэй хүн илэрвэл сум, аймгаар нь ноолуур бэлтгэлийн ажлыг зогсоож, хөл хорио тогтоох эрсдэл байна. Иймд корона вирус хурдацтай тархаж буй энэ цаг үед вирусын голомт болсон Хятадаас ноолуур худалдан авагчдыг Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ жилдээ оруулахгүй гэдгээ Улсын Онцгой комисс яаралтай зарламаар байна гэдгийг онцоллоо.
Эдийн засагч Н.Дашзэвэг цааш хэлэхдээ, Монголын ноос ноолуурын холбоо, томоохон үйлдвэрлэгчид, холбогдох яамд, агентлагуудын төлөөлөл, эдийн засагч эрдэмтэд оролцсон Ноолуурын зөвлөлийг Яамны дэргэд сайдаар ахлуулан байгуулж, 7 хоног бүр нээлттэй хуралддаг болгож, төлөвлөгөө гаргаж ажиллах шаардлагатай.
Уг зөвлөлөөс ноолуурын доод үнийг, талуудын сонирхлыг уялдуулах замаар тогтоож, жилийн турш баримтлах, гадагшаа гаргах угаасан ноолуурын үнийг ахиу байлгах, экспортыг дэмжих зорилгоор “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 500 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг төр бэлдсэн байх үүрэгтэй гэв.
Түүнчлэн боловсруулах үйлдвэрлэлийг хөдөө орон нутагт байгуулах, техник, технологийн хөрөнгө оруулалтын бага хүүтэй зээл бий болгох, тоног төхөөрөмжийг гааль, НӨТ-ийн татвараас чөлөөлөх, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгөөс ноолуурын үйлдвэрүүдийг дэмжих шаардлагатай байгааг дурдав.
Хэрэв Хөдөө аж ахуйн бирж хятадын болон европын үйлдвэрүүдээс угааж, самнасан ноолуур авах захиалга авч, урьдчилгаа төлбөр авах арга хэмжээ зохион байгуулбал төрөөс гаргах зээлийн хэмжээг бууруулна гэлээ.
ШИНЭ намын зөвлөл Ноолуурын салбарт тулгарах эрсдэлээс сэргийлэх ажлын хэсэг байгуулахаар боллоо.