АН-аас Засгийн газарт эдийн засгийг хамгаалах тусгай хөтөлбөр боловсруулах шаардлага хүргүүллээ
АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар оролцлоо.
Хурлын эхэнд Д.Эрдэнэбат "Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 4 зүйл бүхий шаардлага хүргүүлж байна. Коронавирусийн нөхцөл болоод УОК-ын ажиллаж байгаа нөхцөл байдал тийм ч таатай бус байгаа гэдгийг бид мэдэж байна. Өнөөдөр улс орны хэмжээнд улс төр биш иргэдийн эрүүл мэнд чухал байгаа учраас бид хаана хаанаа ойлголцож ажиллаж байж энэ хүнд байдлаас гарах ёстой.
Хоёрдугаарт, иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах, эдийн засгийн эрсдэлээс үүдэлтэй бухимдал үүсгэхгүй байхын тулд нөхцөл байдлаа бодьтой дүгнэх нөхцөл үүссэн. Тэр дундаа эдийн засгийн нөхцлийг бодитоор дүгнэх ёстой. Коронавирусийн дэгдэлт цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан улс орнууд маш шуурхай арга хэмжээг авч байна. Монгол ч гэсэн анхааралдаа зайлшгүй авах ёстой.
Зарим нэгийг нь би дурьдая. Тухайлбал, АНУ 1.2 их наяд ам.долларын төсөв бүхий тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна. БНСУ 11.7 их наяд вон буюу 9.4 тэрбум ам.долларын хэмжээтэй тусгай төсөв баталсан. Франц 355 тэрбум ам.долларын хөрөнгө гаргаж, аж ахуйн нэгжүүдээ дэмжихээр болж. Мөн Засгийн газрынхаа хэмжээнд иргэдийг татвар, нийгмийн даатгалаас чөлөөлж эхэлсэн байна.
Япон гэхэд 12 их наяд иений үнэт цаасыг гаргаж, жижиг, дунд үйлдвэрүүдээ дэмжихээр болж. Гэх мэтээр улсууд бодит ажил хийж байна. Бид Засгийн газарт санал хүргүүлсэн боловч дорвитой арга хэмжээ авахгүй байгаад шүүмжлэлтэй хандахаас өөр арга байхгүй. УОК хэдийгээр ажиллаж байгаа ч хууль эрх зүйн хүрээнд ажиллах боломж хумигдмал байна уу гэж харж байгаа. Ерөнхий сайд ажлаа хийж эхлэх хэрэгтэй. Өнөөдөр гамшгийн тухай хууль хэрэгжиж байна гэж бид ойлгож байгаа. Тиймээс Гамшгийн эрсдэлээс хамгаалах үндэсний зөвлөлийг яаралтай байгуулах шаардлага хүргүүлж байна.
Төсөвт үүссэн хүндрэлийн талаар би тодорхой тоо хэлье. Төсөв тодотгож, яаралтай арга хэмжээ авахгүй энэ чигээрээ явбал 200 мянган ажлын байраа алдах магадлал өндөр боллоо. Улсын төсвийн нийт орлогын хэмжээ зөвхөн хоёрдугаар сарын гүйцэтгэлгээр харахад, 9.6 тэрбум төгрөг буюу 11.7 хувиар тасалдах эрсдэл үүссэн байна.
Нийт зарлага эргэн төлөгдөх зээлийн хэмжээ 253.9 тэрбум төгрөг буюу 42.7 хувиар өссөн байна. Гадаад худалдааны хувьд нийт бараа эргэлт 410.4 сая ам.доллар болж, 21.3 сая ам.доллараар тасалдах нөхцөл үүссэн. Өнгөрсөн хоёрдугаар сарын байдлаар экспорт 322 тэрбум төгрөг буюу 29.5 сая ам.доллараар, импорт 87.5 сая ам.доллар буюу 10.4 хувиар буурчээ. Энэ бүх тоо төсөвт бодит байдлаар хандах цаг болжээ гэдгийг харуулж байна. Тэгэхээр УИХ ээлжит бус чуулган зарлаж, төсөв тодотгох хэрэгтэй. Хоёр сарын тоон үзүүлэлтээс харахад л төсөвт ийм тасалдал үүсэж байгаа юм чинь бүтэн жилээр тооцвол 1 их наядаар буурах бодит нөхцөл үүссэн байна. Тийм учраас АН-ын зөвлөлөөс дараах шаардлагыг хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн" хэмээлээ.
АН-аас Засгийн газарт дараахи 4 шаардлагыг хүргүүлэв
- “Covid-19” короновирусын үед улсын эдийн засгийг хамгаалах тусгай хөтөлбөр боловсруулах,
- Төсвийн алдагдал бодитоор үүссэн энэ үед нэн яаралтай Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, зэс, нүүрсний үнийг бодитоор тооцож, биет байдлаар хичнээн хэмжээний нүүрс гаргаж чадахаа тооцоолж төсвийн орлого, зарлагыг дахин тооцох, гадаад худалдааны тооцоог дахин хийх, коронавирусын дэгдэлттэй холбоотой 2020 оны төсвөөс 1-1.5 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүний алдагдлыг тооцох, эдийн засгийн бусад макро үзүүлэлтүүдийг үүссэн нөхцөл байдалд уялдуулан батлах, шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг яаралтай царцаах, дор хаяад 1 их наяд төгрөгийн эрсдэлийн сан байгуулах,
- Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг нэн яаралтай бууруулж, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах,
- Засгийн газар Монголбанк хамтран хүн амын орлого болон хэрэглээний багцын хумилтын эсрэг авах арга хэмжээний талаарх саналыг боловсруулж Улсын Их Хуралд яаралтай оруулах