ЭТТ: 1072 хувьцааны ногдол ашгийг олгохдоо иргэдийг бөөгнөрүүлэхгүй
2020.04.06

ЭТТ: 1072 хувьцааны ногдол ашгийг олгохдоо иргэдийг бөөгнөрүүлэхгүй

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр /2020.04.06/ ногдол ашигтай холбоотой асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурлаа цахимаар хийлээ.

Тус компани ногдол 1072 хувьцааны ногдол ашгаа тавдугаар сарын 1-ны өдрөөс олгож эхлэхээр болсон. Энэ удаагийн ногдол ашгийг өндөржүүлсэн бэлэн байдлын үед бэлэн мөнгөөр олгох юм байна. Иймд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх талаас ноогдол ашгийг олгох ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг компанийн ажилтнууд гүйцэтгэж байгаа аж.

Гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 03-ныг хүртэл 1800- 1072 шууд утсаар 1840 хүн холбогдож, мэдээллийн төв дээр  280 иргэн ирж мэдээ, мэдээлэл авч үйлчлүүлжээ.

Иргэдийн зүгээс хувьцаагаа зарж, худалдаалах нээлттэй эрхийг нь нээгээч гэх хүсэлтийг 1072 хувьцааны мэдээллийн төвд  ирүүлдэг байна. Үүний тулд иргэд хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголтоо дээшлүүлэх хэрэгтэй гэдгийг компанийн зүгээс  зөвлөв.

Судалгаагаар иргэдийн олонх нь хувьцаагаа зарвал хувьцааны үнэ буурах эрсдэлтэй гэдгийг тодотголоо. Харин ногдол ашиг олгохоор болсонтой холбоотойгоор 1072 хувьцааг зарна, худалдан авна гэх зар, мэдээлэл түгээмэл болсныг цагдаагийн байгууллагаас шалгажээ. Хяналт шалгалтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны нэрийг ашигласан хуурамч групп  фэйж хуудсууд худал мэдээлэл түгээж байсныг тогтоожээ.

ЗАСГИЙН ГАЗАР  826 ТЭРБУМЫН ӨГӨӨЖИЙГ ИРГЭДЭД ӨГЧЭЭ

“Эрдэнэс-Тавантолгой “ХК  ногдол ашиг олгохтой холбогдуулан  2011, 2012 онд хувьцаагаа сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалд суутгаж байсан мэдээллийг нягтлах ажлыг хийж байгаа юм байна.

Эрүүл мэндийн даатгал, оюутны сургалтын төлбөрт  дараах иргэд хувьцаагаа суутгуулсан байна. Тухайлбал,

  • 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгахаар 615000 иргэн 4.8 тэрбум төгрөгийн өгөөж авчээ. 2011,2012 онд 278258 оюутан 500 мянга, нэг сая төгрөгийг сургалтын төлбөртөө суутгахад нийтдээ 137 тэрбум төгрөгийн зарцуулжээ.
  • 2011-2012 онд нийт 322 мянган ахмад настанд 321 мянган тэрбум төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй 1751 иргэн 1,7 тэрбум төгрөгийн   өгөөжийг авч Засгийн газарт хувьцаагаа зарсан байна.
  • 2016 онд 322 ширхэг хувьцаагаа Засгийн газарт зарж 300 мянган төгрөгийг авсан. Нийтдээ Засгийн газар 360 тэрбум төгрөгийн хувьцаа худалдаж авсан байна. Үүнээс үзэхэд 2011-2016 оны хооронд 826 тэрбум төгрөгийн өгөөжийг ард иргэдэд олгожээ. 

Энэ оны ногдол ашиг бол “Эрдэнэс-Тавантолгой” ХК анхны цэвэр ашгаас олгох гэж байгаа ногдол ашиг байна. Ногдол ашгийн нийт хэмжээ 200 тэрбум төгрөг иргэдийн гарт очих нь. Энэ удаагийн ногдол ашиг өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийн гар дээр очсон нь дотооддоо үлдэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зэрэг сайн талууд байгааг компанийнхан онцолж байв.