Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийг хүсэлтийн нь дагуу гишүүнээс чөлөөлөхийг дэмжив
2020.04.15

Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийг хүсэлтийн нь дагуу гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

Улсын  Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2020.04.15) үдээс хойш цахимаар хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зохих заалтын дагуу Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гуравдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлжээ.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх танилцуулгыг Улсын Их Хурлын дэд дарга Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулахаар заасны дагуу гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулсан юм.

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Ингээд Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалтыг цахимаар, нууцаар явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90 хувь нь дэмжлээ.