Хувьцааны данс нээлгээгүй бол ногдол ашиг авахгүй
Нэг их наяд төгрөгийн орлоготой ажилласан “Эрдэнэс Тавантолгой” ХК тавдугаар сарын 1-нээс 2.5 сая хувьцаа эзэмшигчдээ ногдол ашгаа тараахаар болсон. Нэг ширхэг хувьцааг 90 төгрөгөөр үнэлснээр 1072 ширхэг хувьцаатай иргэн 96.480 төгрөгийн ногдол ашиг авахаар байгаа. Харин хувьцаагаа төрд зарсан иргэд 750 хувьцаатай байгаа бөгөөд 67500 төгрөгийн ноогдол ашиг авна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дөрөвдүгээр сарын 8-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Иргэдэд хувьцааны ногдол ашиг олгох ажлыг богино хугацаанд зохион байгуулах үүднээс НӨАТ-ын буцаан олголт өгдөг И-баримтын системээр дамжуулан олгохоор ажиллаж байна хэмээн мэдээлсэн. Тэгвэл Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс хувьцааны ногдол ашиг авах 2 сая 511 мянган иргэн байгаагаас 1 сая 850 мянга орчим нь эхний гурван сарын байдлаар хувьцааны данс нээлгэсэн гэв.
Хувьцааны дансыг заавал нээлгэсний дараа ногдол ашиг авах боломжтой гэх мэдээллийг иргэдэд тарааж ирсэн бөгөөд хувьцааны данс нь банкны данстай холбогдож байж хувьцааны дансны бүртгэлээр ногдол ашиг нь ордог учраас заавал ннээлгэх ёстой гэнэ. Тодруулбал, дээрх хоёр дансыг хооронд нь холбож байж хувьцааны дансны бүртгэл нь баталгаажиж, ногдол ашиг нь орно гэсэн үг аж. И-баримтын дансаар олгосон ч хувьцааны данс заавал нээсэн байх ёстой бөгөөд хувьцааны дансгүй бол ногдол ашиг авах эрх нь үүсэхгүй юм байна.