ХХААХҮ-ийн Сайдын зөвлөлийн ээлжит хурал боллоо
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Сайдын зөвлөл өнөөдөр хуралдаж “Монгол малчин” хөтөлбөрийн төлөвлөгөөний төсөл, Чихрийн манжин тариалж, элсэн чихэр үйлдвэрлэх цогцолборын төслийг хэлэлцлээ. Энэхүү хуралдаанд ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, Дэд сайд Ж.Сауле, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ахлах референт Д.Энхмаа, гишүүд оролцлоо.
Төлөвлөгөөний төсөлд Малчдын мэдлэг, туршлага, чадавхыг сайжруулах, хөгжүүлэх, малчдын залуу халааг бэлтгэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоонд чанарын үнэлэмж бий болгох, нэмүү өртгийн сүлжээнд малчдын оролцоог идэвхжүүлэх, малчдыг тогтмол орлого, хуримтлалтай болгох зорилгоор мал, мах бэлтгэн нийлүүлэх арга хэмжээг идэвхжүүлэхээр тусгасан байна. Мөн Малчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдах ажлыг идэвхжүүлэх, ипотекийн болон арилжааны банкны хөтөлбөрт хамруулах, малчдад банк, санхүүгийн, зээлийн батлан даалтын болон даатгалын үйлчилгээг малчдад үзүүлэх боломжийг бүрдүүлэх, “Шинэ хөдөө”, “Залуу малчин”, “Сарлаг”, “Тэмээ” төсөл, дэд хөтөлбөрийг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлж, малчдын орлого, ашгийг нэмэгдүүлэхээр төлөвлөгөөнд тусгажээ.
ХХААХҮ-ийн Сайдын зөвлөлийн гишүүдээс “Монгол малчин” хөтөлбөрийн төлөвлөгөөний төсөл нь “Монгол мал” хөтөлбөрийн төлөвлөгөөнөөс ялгагдах онцлог, малчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах, арьс шир хадлан тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх, мал сүргээ эрүүлжүүлэх чиглэлээр малчдыг үүрэгжүүлэх, хариуцлагажуулах санлыг уламжилсан юм.
“Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг “Монгол мал” үндэсний хөтөлбөртэй уялдуулан, нарийвчлан төлөвлөж, дахин хэлэлцэхээр тогтлоо.
“Чихрийн манжин тариалж, элсэн чихэр үйлдвэрлэх цогцолбор”-ын төслийг Монголын Хөдөө аж ахуйн техник технологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч доктор, профессор Ж.Түмэн танилцуулсан юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол орны хүн амын хэрэгцээт элсэн чихрийн импортын 30 хүртэлх хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, зах зээлийн үнээс хоёр дахин бага өртөгтэй элсэн чихэр хэрэглэх боломжтой гэж үзэж байна.
Урьдчилсан судалгаа, тооцоогоор 6,0 мянган га эргэлтийн талбай нь жил бүр 1500 га талбайд чихрийн манжинг усалгаатай тариалж, доод тал нь 45,0 мянган тонн элсэн чихрийн түүхий эд манжинг үйлдвэрлэнэ. Үүнийг 3 сард боловсруулахад хоногт 500 тн чихрийн манжин боловсруулж, 75-80 тн, 3 сард 6,75-7,2 мянган тонн элсэн чихэр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр шаардлагатай болно. Хэрэв 60000 тонн манжин үйлдвэрлэвэл, үйлдвэр нь 120 хоног ажиллаж, 10 мянган тонн элсэн чихэр үйлдвэрлэнэ. Тэгэхээр элсэн чихрийн үйлдвэрийн бүтээгдэхүүн нь манжингийн ургацаас хамаарах юм.
Чихрийн манжинг сэлгээнд тариалснаар малын тэжээлийн арвин нөөцтэй болж, хөрсний эрүүл ахуй, үржил шим дээд зэргээр сайжрах нөхцөл бүрдэнэ. Сэлгээнд овъёос, царгас оруулснаар хөрс бүрэн эрүүлжиж, атар газар шиг болох боломж бүрдэж, эрт болцын төмс нь хүнсний ногоо ховордох мөчид шинэ ургацын төмсөөр хангах бололцоог нээх юм.Сэлгээнд орж буй төмс, чихрийн манжингийн навч, 2 дахь жилийн царгасыг ногоон бордуур болгон хэрэглэснээр таримлуудын ургац дээшилж, хөрсний ялзмаг нэмэгдэнэ. Ингэснээр Монголын газар тариаланд шинэ дэвшил гарна гэж тооцоолж байна.
ХХААХҮ-ийн Сайдын зөвлөлийн гишүүдээс чихрийн манжингийн тариалалттай зэрэгцээд боловсруулах үйлдвэр барих, боловсон хүчний хангалт, мэргэжлийн баг бий болгох, услалтын асуудлыг шийдвэрлэх, түүхий эд бэлтгэл хангамж, үйлдвэрлэгдэх элсэн чихрийн зориулалтын тооцоо, нэмүү өртгийн сүлжээ, бизнес төлөвлөгөөг нарийвчлан төлөвлөх асуудлыг хөндсөн юм.
ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан “Манай яам зохион байгуулах, гардан хариуцах ажлыг хариуцмаар байна. Судалгаа шинжилгээний үндсэн дээр эрдэмтэд нотолчихлоо. Одоо үүнийг бодиттой ажил болгомоор байна. Төслийн хүрээнд тариалалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгээд, төсөл хөтөлбөрт хамруулж болох юм. Бүтэц гаргаж, мэргэшүүлээд, зөвлөхүүдээ ажлуулан, цагаан будаа элсэн чихэр гэсэн сектор гаргах нь зүйтэй юм. Бүтэц зохион байгуулалт хийж ажилъя” гэсэн юм.