Сонгинохайрхан дүүрэг, Сэлэнгэ аймгийн зарим өрхөд хүнс, ариун цэврийн багц хүргүүүлэв
Европын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн Зөн ОУБ хамтран COVID19-ын нөлөөнд хамгийн их өртсөн хүүхдүүд, тэдний гэр бүлд сарын хүнсний хэрэглээ, ариун цэврийн болон боловсролын багцыг хүргэлээ.
Энэ тусламжийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7, 11, 12-р хороо болон Сэлэнгэ аймгийн эмзэг бүлгийн 250 өрх, 500 хүүхдэд хүргэж байгаа юм. Мөн “Хөөрхөн Зүрх” ТББ-aaс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сэргээн засал, хууль эрхзүй, эрүүл мэндийн гэх мэт шаардлагатай тусламжийг үзүүлэх юм.
“Европын Холбоо COVID19-ийн хямралд өртсөн хүн бүрийн төлөө байх болно. Яг энэ мөчид бид хэнийг ч орхих ёсгүй. Хамгийн их өртөж буй эмзэг бүлгийн хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхнийг дэмжих хэрэгтэй” хэмээн Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд ноён Траяан Христеа хэлсэн юм.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд ноён Траяан Христеа Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны өрхүүдэд тусламжийн багц тараах үйл ажиллагаанд оролцлоо. Энэ үеэр тэрээр тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, хорооны Засаг дарга Д.Хосбаяр нартай ярилцав.
“Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё” төслийг Европын Холбоо болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилтээр Дэлхийн Зөн ОУБ хэрэгжүүлж байна. Уг төсөл санхүүжилтээ дахин хуваарилах замаар #COVID19-ийн нөлөөнд өртсөн хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүд, тэдний гэр бүлд яаралтай тусламж үзүүлж байна.
“Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг зогсооё” төслийг Европын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилтээр Дэлхийн Зөн ОУБ хэрэгжүүлж байна. Энэ төсөл 2020 оноос эхэлжээ. Төслийн гол зорилго нь Монголын иргэний нийгмийн байгууллагуудын эмзэг бүлгийн хүүхдүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах чадвар олгох болон тэдгээр эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрхийг хамгаалах арга хэмжээг ур чадвар, хамтын ажиллагаа дээр суурилан бэхжүүлэхэд орших юм байна.