"Голланд өвчин" гэж юу вэ?
Монголчууд бид өнөөдөр газар эхийн хайрласан эрдэс баялаг болох ашигт малтмалаа хэрхэн олборлож, яаж хувиарлах тухай хэлцэж, хэрэлдэж янз бүрээр л арга зам хайж б
айна.
Хэрхэн олборлолт хийх, түүнээс үүдэн гарах эдийн засгийн үр ашиг, нийгэмд үзүүлэх сөрөг, эерэг үр дагаврууд гээд бүх л талаас нь судалж, бусад улс орны туршлагаас харж “долоо хэмжиж нэг огтлох” шаардлага зайлшгүй байна. Тиймээс манай сайт энэ удаад сонирхолтой улс төр буландаа “Голланд өвчин” хэмээн олон улсад нэрлэгдэх ашигт малтмал олборлолтоос хамаарч эдийн засагт үүсдэг сөрөг үр дагаврын талаар сонирхуулж байна.
Гэрээ хэлцэл хийгдээд ашигт малтмалаас мөнгө орж эхлэх үеэс дараагийн асуудлууд босож ирдэг байна. Ийм асуудлууд 1970-аад онд Голланд улсад тулгарчээ. Голландын Хойд тэнгист байгалийн хий олдсоноос хойш энэ улсын үйлдвэрлэх салбар нь урьдчилан төлөвлөж байснаасаа огцом мууджээ. Үүнээс хойш байгалийн баялаг ихтэй улс орнуудад олборлолт эхлэхээс өмнө хэвийн байсан дотоодын салбаруудын үйл ажиллагаа доройтох явдлыг “Голланд өвчин" гэж нэрлэдэг болсон байна.
Энэхүү "Өвчний" үндсэн шинж тэмдэг нь маш энгийн. Тайлбарлавал, ашигт малтмалыг олборлож эхэлснээр байгалийн баялгийн экспортын үнэ өртөг огцом өсдөгөөс валютын ханш нэмэгддэг. Ингэснээр байгалийн бус бараа бүтээгдэхүүнийг гадагшаа экспортлоход бэрхшээлтэй болж гаднаас орж ирж байгаа импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадварыг бараг үгүй болгодог.
Байгалийн баялгаас олсон гадаад валютыг олон улсын зах зээлээс бараа бүтээгдэхүүн авахад зарцуулснаас болж дотоодын үйлдвэрлэгчид хохирно. Үүнтэй зэрэгцээд дотоодын ажиллах хүч, бараа материал ашигт малтмалын салбар руу шилжинэ. Үүнийг дагаад дотоодын зах зээл дээр ашигт малтмалын үнэ нэмэгдэж бусад салбарын үйлдвэрлэгчдийн зардлыг нэмэгдүүлдэг.
Энэ бүхний үр дүнд байгалийн баялгийн олборлолт нь дотоодын үйлдвэрлэлийн хоёр л салбарын хөгжилд хүчтэй түлхэц өгч давамгайлах байдалтай болгодог. Энэ нь:
- Ашигт малтмал
- Барилгын үйлдвэрлэл юм.
Харин уламжлалт гадагшаа экспортын бүтээгдхүүн гаргадаг салбарууд хохирдог байна.
Голландын хувьд үйлдвэрлэлийн салбар нь хохирсон бол хөгжиж буй орнуудын хувьд хөдөө, аж ахуй нь хохирох хандлага илүүтэй байдаг. Ийм үйл явц ашигт малтмал олборлодог бусад ихэнх улсуудад ажиглагдсан байдаг байна. жишээ нь, 19-р зуунд Австралид болсон алт олборлолтын оргил үе, 1970-аад оны Колумбийн кофены наймааны огцом идэвхжил, 16-р зуунд Испани, Португалийн империалистууд Латин Америкийн алт, мөнгийг маш ихээр зөөсөн зэрэг бүгд адил үр дагавар авч ирсэн гэдэг.
Үүнээс гадна “Голланд өвчин"-өөс болж бусад сөрөг нөлөөллүүд гарч ирдэг. Үйлдвэрлэлийн салбар нь шинэ технологийг байнга бий болгож, хүний нөөцийг улам боловсронгуй болгодог учраас урт хугацааны өсөлтийн эх булаг болдог гэж үзвэл энэ салбарын доройтол нь улс орны өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлнө.
Бас нэг хэлбэр нь орлогын хуваарилалтад нөлөөлөх явдал бөгөөд хөдөө аж ахуй, үйлдвэрлэл зэрэг салбарын экспортын орлого нь байгалийн баялгийн орлоготой харьцуулахад илүү тэгш хуваарилагддаг гэж үзвэл салбарын бүтцийн өөрчлөлт нь тэгш бус байдлыг даамжруулахад нөлөөлнө.
Ямар ч байсан “Голланд өвчин" хэтдээ улам их бэрхшээл авч ирдэг, учир нь байгалийн баялаг шавхагдах цагт бусад салбарууд дахин сэргэх гэж маш их зовлон туулдаг гэнэ.
Ашигт матмалын хууль батлагдаж, олборлолт эхлэх цаг ойртож байгаа энэ цаг мөчид эрх баригчид минь улс орноо “Голланд өвчин”-өөс сэргийлэхээ мартуузай!.