УОК: Сургалтын төвүүдийг үе шаттай нээхээр боллоо
2020.05.04

УОК: Сургалтын төвүүдийг үе шаттай нээхээр боллоо

Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газрын 139-р тогтоолд өөрчлөлт оруулах санал гаргасан байна. Ингэснээр сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр боллоо.

Одоогоор 1088 сургалтын төв үйл ажиллагаа явуулж байгааг үндэслэн ажлын байр болон эдийн засгаа дэмжих зорилгоор эрүүл мэндийн яамнаас зөвлөмж өгч шат дараатай нээнэ. Үүнээс анхан шатны ур чадвар олгох сургалтын 414 төв, гадаад хэлний сургалтын 255 төв, жолоо болон мэргэшсэн жолооны 419 сургалтын төв үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байдаг аж.

Гэхдээ сургалтын төвүүд дараах шаардлагуудыг биелүүлсэн байх шаардлагатай юм байна. Шаардлагад,

  • Биеийн халуун үзэх
  • Амны хаалт зүүх
  • Аль болох цахим сургалт хийх
  • Ширээг 1-1,5 метрийн зайтай байрлуулах
  • Нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх
  • Анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
  • Хоёр цаг тутамд агаар сэлгэх
  • Ном дэвтэр, бал, флаш зэрэг эд зүйлийг дамжуулж хэрэглэхгүй байх
  • Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх
  • Анги танхимд хувцас сэгсрэхгүй, өлгөхгүй байх
  • Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ, агаар сэлгэлт хийх
  • Хүн хоорондын зай барих/1-1,5 метр/
  • Анги танхимд хооллохгүй байх
  • Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
  • Ариун цэврийн өрөөнд гарын саван байршуулах
  • Курс дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн онцлогт тохирсон зөвлөмж хэрэгжүүлэх зэрэг шаардлагыг хангасан байх аж.

СУРГАЛТЫН ТӨВҮҮДИЙГ НЭЭХ АСУУДЛААР УОК ХУРАЛДАНА

Улсын онцгой комисс өнөөдөр 16.00 цагаас хуралдана. Хуралдаанаар COVID 19 халдварын талаарх нөхцөл байдлын мэдээлэл, мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг нээх эсэх асуудал болон зарим асуудлыг хэлэлцэнэ гэж Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээлэв.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы зүгээс сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх саналаа Улсын онцгой комисст хүргүүлээд байгаа юм.