Дэлхийн хүн амын 17 хувь нь чөлөөт хэвлэлтэй оронд амьдарч байна
2009.05.04

Дэлхийн хүн амын 17 хувь нь чөлөөт хэвлэлтэй оронд амьдарч байна

Дэлхийн 195 оронд хэвлэлийн эрх чөлөөний байдал ямаршуу буй тухай илтгэлээ олон улсын Preedom House байгууллага танилцуулав.


Эднийх уламжлалт судалгаагаа жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэдэг Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн босгон дээр олны мэлмийд толилуулжээ.

Бүтэн жил тойроход энэхүү салбарт байдал дордсоныг судлаачид тэмдэглэв. Тухайлбал, чөлөөт олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй /ОНМХ/ орны бүлгээс "хагас чөлөөт" бүлэг рүү ухарсан Израиль, Итали, Хонконг байна. Чөлөөт ОНМХ-тэй орнуудад манай гаригийн хүн амын дөнгөж 17 хувь нь амьдарч буй аж. Чансаанд Мьянма, Туркмен, БНАСАУ баян ходоод боллоо. Харин хэвлэлийн эрх чөлөөний байдлаараа хамгийн өндөр үнэлгээ авсан улсууд нь Исланд, Финланд, Норвеги. 2008 онтой харьцуулбал, эл салбарт ялангуяа Зүүн Азид уналт, зогсонги байдал нэмэгдсэн бол, Өмнөд Ази, Африкийн зарим хэсэгт дэвшил ажиглагдаж байна. Гэвч энэхүү ололтыг хуучин Зөвлөлтийн улсууд, Ойрхи Дорнод, Хойд Африкт чөлөөт хэвлэлийг айлган сүрдүүлж буй компани харлуулж байна хэмээн Preedom House тэмдэглэлээ. Мэдэгдхүйц амжилт олсон жишээнд Мальдивыг оруулж. Үг хэлэх эрх чөлөөг хамгаалсан шинэ Үндсэн хуулиа баталж, бүх насаараа шоронд хоригдох ял авсан сэтгүүлчийг сулласан гавьяагаараа Мальдив "хагас чөлөөт" ангилал руу суга үсэрчээ.

Өнөө жилийн судалгаанд хамрагдсан 195 орон, нутаг дэвсгэрээс:

  1. "Чөлөөт" бүлэгт 70 улс /36 хувь/
  2. "Хагас чөлөөт" бүлэгт 61 улс /31хувь/
  3. "Чөлөөт бус" бүлэгт 64 улс /33 хувь/ багтлаа.

Тэгвэл жилийн өмнө эдгээр бүлэгт багтсан орнууд 72:59:64 харьцаатай байжээ.

Ази, Номхон далайн бүсийн орнуудын хувьд Камбож "чөлөөт бус" ангилалд шилжжээ. Тус улсад сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл өссөн нь базаахгүй үнэлгээ авахад хүргэсэн аж. Бээжин ОНМХ-д үзүүлэх нөлөөллөө тэлэх замаар зорилгодоо хүрэхийг эрмэлзэх болсон нь Хонконгийг "хагас чөлөөт" бүлэг рүү түлхжээ. Өмнөд хөршид ОНМХ-ийн орчин хөшүүн царцанги хэвээр байна гэж зохиогчид үзлээ. Тайваньд ОНМХ-ийг чиглэсэн гэнэтийн халдлага, Засгийн газрын зүгээс дарамт шахалт нэмэгдсээр байна гэв. Тэгвэл эл бүс нутагт багтдаг Монгол Улс "хагас чөлөөт" ангилалд 86 дугаар байранд оржээ. Манайх Буркина-Фасо, Мозамбиктай дөрөө харшуулав.

ОХУ өмнөх оныхоос дөрвөн байраар ухарч 174-т бичигдэн, ОНМХ-д хамгийн халтай орнуудын нэг хэвээр үлджээ. Хойд хөршид сэтгүүлчид нь урьдын адил олон сэдвийг чөлөөтэй хөндөж чадахгүй байгаа. Ялангуяа маргаантай асуудалд хүрч чадахгүй, зүрхэлж хүрсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд өртөж, энэ нь эргээд сэтгүүлчдийн амыг үдэж, үзгийг нь тушиж байна хэмээн Preedom House дүгнэлээ.

"Оросын эрх баригчид төрийн мэдлийн хэвлэлийн вант улсаар дамжуулан ОНМХ-д хүчтэй нөлөөлсөөр байна. Засгийн газар нь тус улсын өдөр тутмын 14 сониноос хоёрыг нь, муж, орон нутгийн 45000 сониноос 60 гаруй хувийг нь эзэмшдэг. Үүний зэрэгцээ үндэсний зургаан телесуваг, үндэсний хоёр радиостанцыг бүхэлд нь болон хэсэгчлэн хянаж байна. Төр хувьдаа ийм хэмжээний ОНМХ өмчилнө гэдэг хэвлэлийг Кремлийн суртал ухуулгаар дүүргэх боломж олгож байна" хэмээн хэвлэлийн эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тэмдэглэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.