2009.05.01

Ж.Сүхбаатар: Ц.Элбэгдорж ард түмнээ жирийн иргэн, олигархи гэж нэрлэж, хагалан бутаргаж байгаад үнэхээр их харамсаж байна

-АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн ярьж байгаачлан "Монголд олигархиудад зориулсан хууль, жирийн иргэдэд зориулсан хууль" гэж тусдаа хуулиуд байж болох уу? Та хуульч хүний хувьд ямар бодолтой байна вэ?

-АН-ын нэр дэвшигч болон, түүний менежерүүд, нэг намын дэмжигч нар нь ийм зүйл ярьж байгааг сонссон. Яахав сонгуульд зориулж, хүний анхаарлыг татах гэж нэр дэвшигч ийм зүйл ярьж байгаа байх л даа. Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн ярьж байгаачлан Монголд олигархи, жирийн иргэнд зориулсан хууль гэж гаргаж болох уу, үгүй юу гэдэг асуудал өөрөө их өргөн хүрээтэй зүйл. Ядаж л олигархи гэж хэнийг хэлэх вэ? Жирийн иргэд нь олигархиасаа юугаараа ялгаатай юм бэ гэсэн асуулт гарч ирнэ.

-Ц.Элбэгдорж өөрөө "Олигархи гэж төрөөс төрсөн тэрбумтан, их гарын авлигачдыг хэлж байгаа юм" гээд байгаа шүү дээ?

-Төрд албан тушаал хашиж байх үедээ эрх мэдлээ ашиглаад авлига аваад, тэр мөнгөөрөө бизнесээ өргөжүүлж байгаа бол энэ хууль зөрчсөн үйлдэл. Энэ хүмүүст ямар хариуцлага оноох вэ гэсэн асуулт л байхаас бус, олигархид зориулсан хууль, олигархи бус хүнд зориулсан хууль гэж байж болохгүй. Яагаад гэхээр Үндсэн хуульд "Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй" гэсэн заалт байгаа.

Монгол Улсын иргэн бүр энэ улсдаа эрх зүйн нэг л субьект. Иргэний хуулиар ч эрүүгийн хуулиар ч хариуцлага хүлээхдээ нэг л хуулиар хариуцлага хүлээх учиртай. Гэмт этгээд 500 сая төгрөгний хохирол учруулсан уу, таван сая төгрөгний хохирол учруулсан уу гэдгээрээ ялгаг-даж, хуулийн хариуцлага хүлээхээс бус, тэр нь олигархи, энэ нь жирийн иргэн гэж ялгаж болохгүй. Иргэн Э 500 сая төгрөг хулгайлчихдаг, залилчихдаг, тэр хүн жирийн иргэн учраас бага ял сонсдог, төрийн албан тушаал хашиж байгаа хүн 5 сая төгрөгний асуудалд холбогддог, түүнийг олигархи гэж нэрлээд илүү хүнд ял оноодог байж болохгүй биз дээ.

-Тэгвэл таны бодлоор хэнийг олигархи гэж нэрлэх вэ?

-Ц.Элбэгдорж нэр дэвшигч өөрийнхөө өрсөлдөгчийг гутаах, нэр хүндийг нь унагах зорилгоор янз бүрийн нэр томъёо гаргаж ирж байгаа байх л даа. Хамгийн харамсалтай нь төрийн эрх мэдлээ ашиглаж хөрөнгө мөнгө цуглуулсан, том том үйлдвэр, үйлчилгээний газруудыг хувьчилж авсан хүмүүс нь АН дотор л байгаа шүү дээ.

1996-2000 онд "Ардчилсан холбоо" эвсэл Засгийн эрх барьсан. Энэ үед Монголын хамгийн том үйлдвэр, үйлчилгээний газрууд хувьчлагдсан. Мах, сүү, архины үйлдвэрүүд, банк, санхүүгийн байгууллагыг АН-ынхан л гартаа оруулчихсан байгаа. Төрийн албан тушаалаа ашиглах, хөрөнгө мөнгө цуглуулах гэмт хэрэг "Ардчилсан холбоо" эвслийг Засгийн эрх барьж байх үед л гаарсан. Энэ үед Монголын эдийн засгийн хямрал дээд цэгтээ тултал хямарсан. Цалин тэтгэврийн өр, зээл асар нэмэгдсэн. Хөрөнгө оруулалт ч олигтой хийгдэж чадаагүй. Засгийн газар байн байн огцорч, томоохон хувьчлалын будлианаас болж эрх баригчдын нэр хүнд шалдаа буутал унаж байсан шүү дээ. Тиймээс Ц.Элбэгдорж гишүүн олигархиудыг хамгийн түрүүнд өөрийнхөө намаас эрж хайж, тэдэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй болох байх л даа.

-Сүүлийн үед монголчууд нэгнийгээ олигархи гэж нэрлэдэг, хэнд ч хамаагүй энэ нэр хоч зүүж өгдөг болж байна?

-Миний сэтгэлийг хамгийн их зовоож байгаа зүйл бол энэ. Урьд нь иргэдэд нэр хоч өгдөг, түүгээрээ далимдуулан хэлмэгдүүлдэг, гутаан доромжилдог, бүр амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд нь халддаг байсан шүү дээ. Цагаантан, ногоонтон, эсэргүү, баруунтан, зүүнтэн, нударган гэх мэтээр нэр хоч өгч, хэлмэгдүүлж байсан гашуун түүхийг бид мартаагүй байна. Энэ бол хамгийн том аюул, иргэдийг хагалан бутаргах зүйл. Монголчууд бизнесээ арай гайгүй аваад явж байгаа нэгэндээ олигархи гэдэг нэр зүүж, эрх чөлөөнд нь халдаж, тэднийг үзэн ядаж, хөрөнгө мөнгө рүү нь дайраад эхэлбэл яах вэ, нийгэмд ямар эмх замбараагүй байдал үүсэх вэ гээд бодоод үзэх хэрэгтэй л дээ. Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх учир-тай хүн ийм зүйл ярьж, ард түмнээ хагалан бутаргаж байгаад үнэхээр их харамсаж байна. Сонгуульд ялахын тулд иргэдээ ялгаварлан гадуурхаж, нэр хоч өгч байна гэдэг төр самуурахын шинж. Энэ үг сонгуулийн дараа ч гэсэн иргэдийн дунд хүчтэй байсаар байх болно. "Би олигархи гэсэн энэ үгнээс цэрвэж байна" гээд хэлчхээд л "Олигархиудыг өмгөөлсөн хамгаалсан, тэдэнтэй нийлсэн гэм буруутан" болж хувирах байхгүй юу.

-Олигархиудад 1000 хүртэл жилийн ял оноодог, тэр ялнаас их хэмжээний мөнгө төлж, мултардаг байж болно гэж Ц.Элбэгдорж ярьж байгаа. Монголд ийм хууль үйлчлэх боломж бий юү?

-Энэ бол Ц.Элбэгдоржийн ч санаа биш. Манай зарим хуульчид, хуулийн сургуулийн оюутнууд энэ асуудлыг хөндөж гаргаж байсан. Манай нөхцөлд тохирох уу, үгүй юү гэдгийг ч зарим хүн судалж үзсэн байх. Хохирлыг нөхөн төлүүлэх асуудал л гол болохоос биш хэн нэгнийг олон зуун жилээр яллах нь чухал биш шүү дээ. Долдугаар сарын 1-ний үймээн болсны дараа Ц.Элбэгдорж гишүүн "Хэдэн тэрбумын үнэтэй байшин сав устах юу ч биш. Хүний алтан амь сүйдчихлээ" гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр хөрөнгө мөнгөтэй холбогдсон хүнийг хэдэн зуун жилээр яллана гэж ярьж байна. Монгол хүний дундаж наслалт дөнгөж 65. Мянган жилийн ял авсан хүн хэдхэн жил хоригдоод л нас барчихна. Энэ ял цаазын ялтай л адилхан хүнд байгаа. Тэгэхээр энэ хүний үзэл бодол, хэл яриа нэг л зөрчилдөөд байгаа биз.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.