Хятадын хөгжил дэвшил ард түмний тэсвэр хатуужил дээр тогтдог
Хэдхэн арван жилийн өмнө дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг байсан БНХАУ 60 жилийн дотор манай гарагийн хамгийн хүчирхэг эдийн засагтай, цөмийн гүрэн болсны баяраа удахгүй сүр хүчин төгөлдөр тэмдэглэлээ. Өнөөдөр дэлхий дээр энэ улсын оролцоогүйгээр нэг ч асуудал шийдэгдэхээ больсон гэхэд хилсдэхгүй. Зах хязгааргүй будаан талбай, бохир заваан пин амбаар, байшингуудын оронд олон түвшинтэй өргөн сайхан замууд, тэнгэр баганадсан хорооллууд сүндэрлэсний нууц юу вэ.
Түүхийн үүднээс авч үзэхэд асар богино хугацаанд дэлхийд нөлөөлөх хэмжээний эдийн засагтай болсон 1.5 тэрбум хүнтэй аварга гүрэн асар хурдтай хөгжиж байгааг дэлхий дахин сэтгэл түгшин ажиглаж буйг хуваалцахгүй байхын аргагүй. 142 сая хүнтэй ОХУ л гэхэд «Хятадын хойд нутгуудад 200 сая хүн амьдардаг, гэтэл хил залгаа манай Алс Дорнодод ердөө 10 сая хүн амьдардаг» хэмээн сандралдаж байх юм. Харин манайхан хэдүүлээ билээ дээ.
Манай агуу хөршийн талаар нэрт эдийн засагч Фридман «Бид удахгүй Хятадаас тоглоом бус цахилгаан машин, нарны зай, цахилгааны хэрэглээг хянах программ хангамж зэргийг худалдан авах болно» гэсэн нь үнэний ортой. Хятадын эдийн засгийн гайхамшгийн нууцыг тайлах гэж эрдэмтэд оролдож байна. Энэ улс иргэдийнхээ цалинг 100-120 долларт барьдаг, бас хүнсний бараа хямд учраас одоо хямд, чанартай барааг дэлхий дахинд нийлүүлдэг асар том фабрик болжээ. Иймээс л дэлхийн алдартай брэндүүд үйлдвэрлэлээ Хятад руу зөөж байгаа гэнэ. Мөн энд сайн чанарын, 3-4 түвшний, төлбөртэй сүлжээ авто замуудыг, хурдны замтай нь босгож, байшингуудыг голдуу 30-аас дээш давхарлах болсон билээ. 17 сая хүнтэй Шанхай хотод замын түгжрэл гэж байдаггүй гээд төсөөл дөө.
Хүчирхэг эдийн засаг мэдээж сайн боловсрол дээр тулгуурладаг. 15 жилийн өмнө Хятадын дээд сургуулийн талаар хэн ч сонсоогүй. Гэтэл өнөөдөр энэ улсын боловсрол Европын стандартад тэнцжээ. Тус улсын Засгийн газар боловсролд асар их хөрөнгө оруулалт хийж, энэ салбарт ажиллагсдын цалин хөлс, амьдрах нөхцөлд ихэд анхаарч, авьяаслаг хүүхдүүдээ онцгой халамжилж байна. Өнөөдөр АНУ, Английн техникийн коллежууд хтад оюутнуудаар дүүрснийг дурдахад хангалттай. Түүнчлэн «Төсөл 211»-ийг хэрэгжүүлсний дүнд Хятадын их, дээд сургуулиуд 2021 онд дэлхийд тэргүүлэх байр суурьтай болох гэнэ.
Хятадын эдийн засгийн гайхамшгийн нууцыг тайлахын тулд энэ улсын иргэдийн үгийг ч сонсох хэрэгтэй мэт. Вэнь хэмээх хятад эр «Манай ард түмэн итгэмээргүй борог баазхан улс. Хятад улс, түүний ард иргэдийн хувьд өөр гарц байхгүй. Хэрэв өөрчлөлт шинэчлэлийг дээрээс биш доороос явуулбал энх тайван ч хөгжлийн хүрээнээс хальж, цус урсана. Жаахан цус урссан ч энэ нь Хятадын асар олон хүн ам, үлэмж том газар нутгаар үржигдэх тул дэлхийн талыг сүйрүүлнэ. Хятадын тогтвортой байдал, сайхан амьдрал нь эдийн засгийн чөлөөт бүсүүд дээр бус харин манай ард түмний тэсвэр тэвчээр дээр тогтож байдаг. Бүх зүйл аль нь түрүүлж дуусахаас хамаарна, хүндрэл бэрхшээл эсвэл хятадуудын тэвчээр үү» гэж хэлсэн байдаг.
Эдийн засгийн тулаанд Европын Холбоо, АНУ-ыг ч ялсан Хятадын эдийн засгийн гайхамшгийн нууц тун энгийн. Тэд бараг бүх салбартаа өндөр технологи ашиглан, шинжлэх ухаааны хамгийн сүүлийн үеийн ололтуудыг ашиглаж байгаа. АНУ-ын дэвшилтэт технологи анх 1974 онд Ерөнхийлөгч Никсоныг Хятадад айлчилсны, дараахан урд хөршид маань орж иржээ. Араас нь хавсарга, тэгээд суурь шинжлэх ухаан ч хөгжжээ. Байгаль орчны
бохирдол, үйлдвэрлэлийн хаягдалдаа дарагдсан улаан Хятад ногоорох (байгаль хамгаалах бодлого) шийдвэр гаргасныг америкчууд үнэлэн «XXI зууны Хятадын эко бодлого нь ач холбогдлоороо ЗХУ дэлхийн анхны хиймэл дагуул нисгэсэнтэй дүйцнэ. Тухайн үед Ерөнхийлөгч Эйзенхауэр өөрийн орны хоцрогдлыг ойлгож, шинжлэх ухаан, боловсрол, дэд бүтэц, сүлжээний технологид хөрөнгө хаясан билээ» хэмээн дурсаж байна. Хятадууд нарны ба салхин эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, зай үйлдвэрлэхээс гадна эрчим хүчний технологи (ЭХТ) бүхий хамгийн том орон болох зорилт өмнөө тавьжээ.
Хятадын хотуудад оршин суух хүмүүсийн тоо ирэх 20 жилд 300 саяар нэмэгдэнэ. Бүх хаягдлаа боловсруулж чадахгүй нь ойлгомжтой тул тэд экологийн цэвэр хот төслүүдийг хэрэгжүүлэх аж. Зүүн хойд нутгийн 150 га газарт босох, 30 мянган оршин суугч тай Тяньзин хотыг 10 жилийн дотор барих ба дараа нь бусад бүс нутагт түүнийг «хувилах» гэнэ. Нийтдээ 30 ийм хот босгохоор төлөвлөжээ. Хятадууд барилга барихдаа экологийн шаардлагыг чанд сахиж, хог хаягдлын 60 хувийг дахин боловсруулах юм байна. Түүнчлэн дэлгүүр хоршоо, сургууль цэцэрлэг, эмнэлэг зэрэг үйлчилгээний газруудыг алхаад хүрэхээр тооцоолжээ. Мөн барилга бүрийн дэргэдүүр газар дээрх хөнгөн метро урсан өнгөрөх бөгөөд үүний дүнд авто машины хэрэглээ 90 хувиар багасах аж. Тэр бүү хэл нэг хүнд 12м2 талбай оногдохоор зүлэг, мод суулгах юм байх. Ганц дутагдалтай тал нь эко хотын нэг хүний усны хэрэглээг хоногт 120 литрээр хязгаарлах аж. Түүнчлэн усан сангийн талаас илүү хувийг борооны ба цэвэршүүлсэн усаар бүрдүүлэх гэнэ. Өөр нэг эко хот Дунтань 2020 онд ашиглалтад орох бөгөөд энд 500 мянган хүн амьдарна.
Манай хоёр том хөршийн харилцаа тогтвортой байгаа, бүр үлгэр жишээ гэхээр. ОХУ, БНХАУ нь дэлхийн хэмжээний олон асуудлаар адил байр суурьтай байна. Хятадууд мэдээж хөрш орнуудынхаа байгалийн баялгийг, харин оросууд, бас манайхан тэдний хямд барааг сонирхдог. Хятад өөрийн хувцас, гутал, тоног төхөөрөмж, өргөн хэрэглээний барааг экспортолдог бол хариуд нь оросууд мод, нефть, бордоо, төмрийн хүдэр, ган нийлүүлдэг. Ялангуяа нефть, эрчим хүч нь Хятад улсын хувьд чухал ач холбогдолтой. Гэхдээ оросууд «Бид байгалийн баялаг, түүхий эдээ экспортолсоор түүхий эдийн хавсарга улс болж магадгүй. Удаан хугацааны стратегийн хөгжлийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна. Манай бараа эргэлтэд өндөр технологигүй бүтээгдэхүүн давамгайлж байгаад дүгнэлт хийх ёстой» хэмээн өөрсдийгөө шүүмжилж байгаа.
Хятадын гадаад улс төрийн бодлого хаалттай байсан цаг өнгөрлөө. «Өнөөдөр Хятад улс эрчимтэй хөгжиж, дэлхийд нээлттэй байгаа. Иймээс дараагийн хийх алхмыг нь урьдчилан тааварлаж болохоор байна» гэж оросууд үзэж байна. Тус улсын Ерөнхийлөгч Д.Медведев Алс Дорнод, Сибирийг хөгжүүлэхэд оролцохыг Хятадад санал болгожээ. «Хятад бол геополитик, эдийн засаг, стратегийн зорилгоор хамтрахад хамгийн тохиромж-той түнш. Тэд манай ядуу бүс нутгуудад нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудыг нийлүүлэх чадвартай эдийн засгийн хүчтэй, найдвартай түнш» хэмээн ОХУ-ын мэргэжилтнүүд дүгнэжээ. Гэхдээ энгийн орос иргэд хятадуудыг мөлхөө бодлогоороо аажмаар эзлэн авах вий гэж болгоомжилдог аж.
Сүүлийн үед Хятадад дэлхийн хэмжээний амралтын газрууд баригдсан нь тус улсын аялал жуулчлалын салбарт их үсрэлт хийж, үйлчилгээний түвшин эрс сайжирч, менежментийн системд том өөрчлөлт гарчээ.
Хятадын талаар хэт нэг талыг барьсан сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд эндхийн жирийн иргэдийн амьдрал диваажин шиг сайхан биш, яг л манайхан шиг гэдгийг онцлох хэрэгтэй.