С.Оюун гишүүний асуултанд Р. Амаржаргал гишүүн хариулжээ
2009.11.25

С.Оюун гишүүний асуултанд Р. Амаржаргал гишүүн хариулжээ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийн блог дэрээ энэ тухай бичжээ.

Хөдөлмөрийн зах зээлээ зөв залах замаар ядуурлыг бууруулах ёстой

Өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишүүн С.Оюун: “Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөөд байгаа хэдий ч ядуурал буурахгүй харин ч нэмэгдээд байх юм. Яагаад ийм байдаг юм бэ?” гэсэн энгийн асуулт тавьж сайд нараас ойлгомжтой хариулт авч чадаагүй юм.

Манайд ядуурлын түвшин 1998 онд 35.6 %, 2002/2003 онд 36.1%, 2006 онд 32%, 2007/2008 онд 35.2% гэж байгаа бөгөөд гурван хүний нэг нь ядуу гэсэн үзүүлэлт сүүлийн 10 жилд бараг өөрчлөгдөхгүй байгаа юм. Гэтэл нэрлэсэн үнээр ДНБ 2.7 триллион төгрөг 2005 онд, 2008 онд 6.1 триллион төгрөгт хүрсэн байна. Бараг 2 гаруй дахин өссөн байна. 2005 оны зэрэгцүүлэх үнээр тооцвол 1.3 дахин өссөн юм. Нэг хүнд ноогдох ДНБ – ээр бодвол 2.11 дахин өссөн байгаа юм. Энэ бүх өсөлт хайчив аа? Манай өсөлт ядуурал бууруулж чадахгүй байгаа нь ямар учиртай юм вэ? гэх зэрэг асуулт зүй ёсоор тавигдаж байгаа юм.
Эдийн засгийн өсөлт байхад ядуурал буурахгүй байгаа нь баян хоосны ялгарал улам тодорч байна гэсэн хэрэг. Статистик ч үүнийг нотлож байна. Дээрхийг илэрхийлдэг индекс 2002-2003 онд 0,329 байсан бол 2006 онд 0,38% болжээ. С.Оюуны асуултын нэг хариулт нь энэ.
Нөгөө нэг хариултын өмнө нэг зүйлийг анхааруулах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт болон ядуурал буурах нь шууд хамааралтай гэж олон улсын практик, онол судалгаа нотлож чадахгүй байгаа юм. Харин эдийн засгийн өсөлт нь ажил эрхлэлтээр дамжин ядуурлыг бууруулах бололцоотой гэж үздэг.
Хэрэв эдийн засгийн өсөлт нь ажлын байрыг нэмэгдүүлж чадаж байвал тэр нь ядуурлыг бууруулах суваг болдог юм. Гэхдээ бас учиртай. Шинээр буй болж байгаа ажлын байр нь “чанартай” байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрэгтэй газар нь, хэрэгтэй салбарт, хэрэгтэй цаг үед гэсэн шалгуур байх ёстой. Хамгийн гунигтай нь энэ механизм Монголд үйлчлэхгүй байна.

Ажилгүй хүмүүсийн дунд ядуурлын түвшин өндөр байгаа нь илүү их ажлын байр хэрэгтэй байгааг, ажилтай хүмүүсийн дунд ядуурал их байгаа нь илүү их “чанартай- ажлын байр” хэрэгтэйг харуулж байна.

Статистик мэдээгээр 2006 онд 32,9 мянган ажилгүйчүүд бүртгэгджээ. 2008 онд энэ тоо 29.8 мянга байгаа бөгөөд ажилгүйдлийн түвшин 2.8% байна. Энгийнээр бол сүүлийн 10 жил ажилгүйдлийн түвшин 2.8-3,6 хувьтай байгаа нь ажилгүйдэл манайд огт асуудал биш харагдаад байна. Гэтэл бодиттой ажилгүйдлийн түвшин хэд байгааг бид хэлж чадахгүй байна.

2000 оны хүн амын тооллогын дүнгээр ажилгүйдлийн түвшин 17%, 2002, 2003 онуудад хийсэн сэдэвчилсэн судалгаагаар 13,4 % гэж гарч байсан тоонууд нь бодит байдалд нэлээд ойр байх. Үүнээс гадна ажиллагсадын бараг 1/3 болдог малчдыг бид ажлын байртай ажил, эрхэлж байгаа хүмүүс гэж тооцож гаргадаг. Хөдөө ядуурлын түвшин бараг 40 гаруй хувьтай гэсэн статистик бий. Эдгээрийг нэгтгээд үзвэл ядуурлын түвшин бараг 50% болно.

Ажлын байр буй болохгүй биш шинээр бий болж байгаа. Жишээ нь, 2006 онд 41.6 мян, 2007 онд 14.2 мян, 2008 онд 17.6 мянган хүн шинээр ажлын байраар хангагдсан гэж мэдээлж байгаа. Сүүлийн гурван жилд буй болсон нийт ажлын байрны бараг 60 гаруй хувь нь Улаанбаатарт буй болсон.

Ажлын байр буй болгож байгаа гол 2 салбар бол хөдөө аж ахуй, бөөний болон жижиглэн худалдааны салбарууд юм. Энд шинээр буй болж байгаа нийт ажлын байрны 54,7 хувь ноогдож байна. Гэтэл эл хоёр салбарт орлогын өсөлт нь бусдаас хамгийн бага буюу 90 – 200 мянган төгрөг байна. Өөрөөр хэлбэл энд ажлын байр буй болсон ч ядуурлаас гарах хэмжээний орлого олж чадахгүй байгаа юм.

Энэ мэтчилэн нарийн задалж судалбал маш олон зүйл гарч ирнэ. Дүгнэвэл хөдөлмөрийн зах зээлээ зөв залах замаар ядуурлыг бууруулна гэсэн бодлого баримтлах ёстой. Эл бодлогын хүрээнд дараах 4 зүйлийг онцлон анхаарах ёстой.
Үүнд

  1. Шинээр бий болж байгаа ажлын байрны тоо нь хөдөлмөрийн зах зээлд шинээр орж ирж байгаа хүмүүсийг шингээхүйц, хөдөө орон нутгаас шилжин ирж буй иргэдэд ажлын байр олгох хэмжээний байх;
  2. Шинээр бий болж байгаа ажлын байр нь ядуурлаас гарахуйц хэмжээний найдвартай, тогтвортой орлого үүсгэдэг байх;
  3. Ажлын байр чухам шаардлагатай газар зүй, эдийн засгийн салбарт үүсэх ёстой гэсэн чанарын шалгуурыг хангасан байх;
  4. Ажиллах хүчний өөрийх нь чадавхийн асуудал. Тэд шаардлагтай мэргэжил, мэргэшил, ур чадвар эзэмшсэн эсэх, эрүүл мэндийн хувьд шаардлага хангасан эсэх.

Монгол Улсын Засгийн газар эдгээр асуудлыг бодлого боловсруулахдаа анхаарч төсвөөрөө дамжуулж хэрэгжүүлж чадвал ядуурлыг бууруулах ажилд үр дүн харагдах юм.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, 2009 оны 11 дүгээр сарын 18
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.