Дундговь аймгаас сонгогдсон гишүүд сонгогчидтойгоо онлайнаар ярилцлаа
Өнөөдрийн онлайн ярилцлагыг Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болох Р.Раш, Х.Наранхүү нар оролцож, аймгийн удирдлагууд болон иргэний нийгмийн төлөөлөлтэй шууд холбогдон санал бодлоо солилцож, тэдний асуултад хариуллаа.
Уулзалтыг нээж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга Б.Золбаяр үг хэлсэн бөгөөд аймгийнхаа нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлыг танилцуулна уу гэж аймгийн Засаг даргыг микрофоны өмнө урилаа. Аймгийн Засаг дарга Ш.Төрбат гишүүдтэйгээ онлайнаар холбогдож байгаадаа талархал илэрхийлээд, тус аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа талаар тоо баримт дурдан танилцуулав.
Дундговь аймгийн нутгийн 20 хувь нь зуншлага сайтай, 40 хувь нь гандуу, 40 хувь нь гантай байсан учир энэ өвлийн хувьд бусад аймгийн нутагт отроор өвөлжүүлэх малчин өрх болон малын тоо толгой төлөвлөснөөс их байх төлөвтэй байгаа аж. Зөвхөн өнөөдрийн байдлаар гэхэд тус аймагт 6-12 удаа цас орж, нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтож, хүйтний эрч эрс чангарч байгаагийн зэрэгцээ өвсний гарц сайнгүй байгаа нь дээрх байдлыг улам бүр хүндрүүлж байгааг Засаг дарга ярилаа. Түүний ярьж байгаагаар, Төв, Сүхбаатар, Хэнтий, Булган аймгийн нутагт нэмж 300 мянган мал отроор өвөлжүүлэхээс өөр аргагүй болоод байгаа ажээ. Мөн 500 мянган малыг мах бэлтгэлд зориулах бодолтой байгаа, түүнчлэн мал, мах борлуулах хэрэгцээ өндөр байгаа талаар тэрбээр дурдаж байв. Тус аймгийн хувьд энэ жилээс эхлэн сум бүрт хөргөлтийн систем бүхий 40 тоннын контейнерт мах нөөцлөхөөр төлөвлөн эхний шатны ажлуудыг хийгээд байгаагаа мөн танилцууллаа. Үүний зэрэгцээ ямаа худалдаж авдаг японы компанитай холбоо тогтоох сонирхол малчдад их байгааг уламжлав.
Дараа нь УИХ-ын гишүүд сонгогчиддоо хандан үг хэллээ. Р.Раш гишүүний хувьд дэлхийн эдийн засгийн хямрал Монгол орныг тойроогүй болохыг сонгогчиддоо анхааруулж, төсвийн хөрөнгө оруулалтын талаар тодорхой мэдээлэл өгсөн бөгөөд 50 гаруй сая толгой малтай монголчууд ядуурч байгаагийн нэг гол шалтгаан нь малаа эрүүлжүүлээгүйтэй холбоотой гээд удахгүй Ерөнхий сайд өөрийн биеэр очиж отрын байдалтай танилцана гэв.
Х.Наранхүү гишүүний хувьд хийхээр төлөвлөж буй зарим ажлууд, тухайлбал отрын штабын хувьд хөрөнгө мөнгө их шаардагдах учир энэ талын асуудлаа эртхэн шийдүүлэхээр хөөцөлдөх хэрэгтэйг онцлон анхааруулаад орон нутгаас тодорхой санаачлага гаргаж эхэлснийг дэмжиж байна гээд аливаа төсөл төлөвлөгөө хийхдээ техник, эдийн засгийн үндэслэлийг бодитой гаргахад онцгой анхаарахыг сануулж байв.
Дараа нь асуулт, хариулт өрнөж, төсвийн хөрөнгө оруулалтаар авто замын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа, боловсрол, эрүүл мэндийн салбарт ямар хөрөнгө оруулалт хийгдэх боломжтой, мөн худаг, бэлчээр, хог хаягдлын менежмент, хот хоорондын тээвэр, техник оношлогооны төв, агропарк, ахмад дайчдын байрны асуудал, эх орны хишгийг хэзээнээс өгөх зэрэг сэдвээр ярилцсаны дотор хуурайшилт, цөлжилт, худаг усны асуудлыг онцгойлон авч үзэж байв. Уулзалт ярилцлага өндөрлөхөд Дундговь аймгаас сонгогдсон гишүүд цаг зав, төсөв зардал хэмнэсэн зөв ажил байна гээд онлайн ярилцлагаар тойрогтойгоо хоёр сард нэг удаа холбогдож байвал зүгээр юм байна гэж байв.
Онлайн ярилцлагад Дундговь аймгийн удирдлагууд, иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн референт Ж.Чимгээ, холбогдох бусад ажилтнууд оролцож, орон нутгийн болон үндэсний хэмжээний телевиз, сонины сурвалжлагчид сурвалжлав.
УИХ-ын Тамгын газраас нийт дүнгээрээ 11 дэх удаагаа зохион байгуулсан онлайн ярилцлага ажил хэрэгч болж, тойргийн тулгамдсан асуудлыг гишүүдэд нь цаг алдалгүй мэдээлэх боломжийг бүрдүүлж чадлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.