Улс төрийн хүчирхийлэл үеэ өнгөрөөж байна
Өдгөөгийн дэлхий ертөнцөд улс төрийн хүрээнд хүч хэрэглэхгүй байхыг хичээх байдал зонхилж байна. Энэ нь улс төрийн амьдралын хэм хэмжээг бүрдүүлэх болов. Гэхдээ их, бага хүчирхийлэл оршсоор л байна. Хүчирхийлэл нь нийгэмд давамгайлсан ноёрхох байдлаа хадгалах, эсвэл түүнийг эргүүлэн олж авах зорилгоор албадлагын янз бүрийн арга хэлбэрийг улс төрийн удирдагчид, нийгмийн анги, бүлгүүд хэрэглэх явдлыг өөртөө агуулсаар иржээ. Энд эдүгээ хуучин системтэйгээ зууралдан тогтсон хэвээр байгаа Хойд Солонгос, Куба, Венесуэл зэрэг улсууд болон өнөөдөр хүч хэрэглэх байдал гарсаар байгаа Афганистан, Ирак, Чечень, хамгийн сүүлчийн жишээ гэхэд Тайланд, Киргизийг хэлж болно.
Улс төрийн хүчирхийлэл ямар аргаар илэрдэг вэ. Янз бүрийн хэлбэртэй байдаг аж. Тэдгээр нь өнөөдөр хэрэглэгдсээр байна. Улс төрийн хүчирхийлэл нь нэгд, дайн тулаан, халдлага, террор, улс төрийн болон зэвсэгт бослого зэрэг шууд байдлаар илэрхийлэн гарч байдаг. Хоёрт, эдийн засгийн хориг арга хэмжээ авах, улс төрийн талаар тухайн улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох зэрэг дам буюу оюун санаа, сэтгэл зүйн дарамтын янз бүрийн хэлбэрээр гардаг байна. Улс төрийн дарамт шахалт үзүүлэх, дипломат аргаар тулган шаардах, цаашлаад заналхийх гэх мэтээр илэрдэг. Ерөнхийд нь улс төрийн хүчирхийллийг бодит агуулга, обьектоор нь авч үзвэл улс төр-цэрэг-дайны, эдийн засаг, оюун санааны, засаг захиргааны гэх мэтээр ангилж болно. Улс төрд хүчирхийлэл гэдэг нь юуны өмнө нийгмийн янз бүрийн бүлгүүдийн ашиг сонирхол тохирохгүй болж ирэхийг хэлнэ. Эрх ашиг, сонирхол, үйл ажиллагаа нь хоорондоо нийцэхгүй болоод ирмэгц хүсэл зорилгоо хэрэгжүүлэхээс үүднээс албадлагын хэрэгсэлд ордог байна. Тиймээс хүчирхийллийг ардчилсан зарчмаар баталсан хууль эрх зүйн хүрээнд хатуу нийцүүлэн зохицуулахаас өөр аргагүй болдог байна.
Улс төрийн хүчирхийллийг эерэг үүрэг гүйцэтгэнэ гэдгээр зөвтгөж болох уу. Энд ганцхан утгатай хариулт өгч болдоггүй байна. Учир нь улс төрийн бүх зүйл түүхэн болон тухайн нөхцөл байдлаас хамаардаг. Улс төрийн хүчирхийллийг эсэргүүцэл, хүчний үйлдлээ хийх хуулийн боломж байхгүй үед дарангуйлагч дэглэмийн эсрэг улс төрийн тэмцэл хийхэд хүрсэн тийм тохиолдолд зөвтгөж болдог байна. Гаднаас зэвсэгт түрэмгийлэл өдөөгдөөгүй тохиолдолд ардчилсан төрийн байгууллыг түлхэн унагахад чиглэсэн хүчирхийллийн үйлдэл, зэвсэгт үймээнийг дарах үед хүчирхийлэл нь шударга ёсных болдог байна. Гэхдээ ямар ч тохиолдолд хүчирхийллийг хууль зүй, ёс суртахууны хатуу хүрээнд тавьсан байх ёстой байдаг. Нэг ёсондоо хүчирхийллийг ардчилсан зарчмаар баталсан хууль зүйтэй нийцүүлэн хэрэгжүүлэх учиртай байдаг аж.
Улс төрийн терроризм. Үүнийг өнөөгийн нөхцөлд хөндөхгүй байхын аргагүй болжээ.
Учир нь терроризм улс төрийн хүчирхийллийн нэг салшгүй хэсэг болж хувираад байгаа юм. Энд хамгийн сүүлийн жишээг хэлэхэд Москвагийн метронд амиа золиослогчид тэсрэх бөмбөг дэлбэлсэн хэрэг явдлыг хэлж болно. Латин хэлний “айдас” гэсэн утгатай үгнээс гаралтай террорийг бас улс төрийн хүчирхийллээс ангид ч ялган салгаж авч үздэг байна. Гэхдээ л ихэнх тохиолдолд яах аргагүй холбогдсоор иржээ. Энд Америкийн Ерөнхийлөгч Жон. Кеннидийг буудаж алсан хэрэг явдал, Энэтхэгийн И.Ганди, Р.Ганди, Францын Шарль Де Голль, мөн Энэтхэгийн Ж.Неру, Шведийн У.Пальме зэрэг улс төр, нийгмийн олон зүтгэлтний амь насыг бүрэлгэсэн үйлдлүүдийг хэлж болно. Мөн энд Италийн “Улаан бригад”-аас аваад Америкийн жүүдүүдийг (еврейчүүдийг) хамгаалах холбоо, Кубын сөрөг хүчнүүдийн “Омега-7”, Аргентины коммунистуудын эсрэг “Альянс”, Гватемалын “Мано Бланко”, Ирланд, Испанийн болон Шри Ланка, Филиппин, Тайландын салан тусгаарлагчдын арми-ууд зэрэг улс төрийн дайнч бүлэглэлүүдийг дурдахгүй өнгөрч болохгүй. Улс төрийн терроризм нийгмийн бүх салбар, давхаргыг хамардагаараа аюултай. Тэд эрүүгийн гэмт хэрэгтнүүдээс аваад жирийн иргэдийг ч хамруулж ашигладаг.
Террористууд тухайн нийгмийнхээ тогтолцоонд цохилт өгөхийг голлодог учраас нийгмийг бүхэлд нь хамарч айлган сүрдүүлж, нийгмийн байгуулал, улс орны дотоод, гадаад бодлого зэргийг өөрчлөхийг эрмэлзэцгээдэг бол нийгмийн бусад “үл бүтэх нөхөд” нийгмийн үндсийг хөнддөггүй, үүнийг нэг их чухалчлан анхаардаггүй, зөвхөн олз ашиг олохоо бодож, энэ үйл ажиллагаагаа хэрэгжүүлж чадах хүрээндээ гүйцэтгэдгээрээ улс төрийн хүчирхийллээс ялгардаг байна. Эрүүгийн гэмт хэрэгтнүүд ЭСЯ-ыг эзэлдэггүй байхад террористууд янханы болон мөрийтэй тоглоомын газар эзэмшдэггүй гэдэг үг чухам үүнээс гаралтай байдаг аж.