Ядуу, бас эрэмдэг Америк
Юуны өмнө дэлхийн улс орнуудын ажилчид жилд дунджаар хэдэн хоног амардгийг сонирхуулъя.
-Финлянд 44 хоног
-Итали 42 хоног
-Франц 39 хоног
-Герман 35 хоног
-Их Британи 25 хоног
-Япон 18 хоног
-АНУ 12 хоног
Үүнээс үзэхэд америкчууд үнэхээр ажлын хэнээтэй байгаа биз. Ер нь АНУ-ын ажилчид, ажилтнууд дээр үеийн тариалангийн газрын боолууд шиг л их ажилладаг. Үүнд нэг их гайхаад байх юм алга. Яагаад гэвэл Америк улс боолын хүнд хүчир хөдөлмөрийг ашигладаг үйлдвэрлэлийн хэлбэрээсээ одоо ч ангижраагүй байгаа. Тэр бүү хэл АНУ-д Үйлдвэрчний эвлэлийн аливаа хөдөлгөөнийг маш хатуу дардгийг та мэдэх үү.
Хэрэв өмчийн эзэн байх аз таараагүй бол та насан туршдаа үйлчилгээний салбарын цалингаар л амиа зогоох болно. Эсвэл эцсийн амьсгаагаа авах хүртэл “Чадвал сандал дээр суу” тоглоомд тэмцэлдэх байх.
АНУ-д амьдрахаар очсон тохиолдолд бодитоор найдаж болох хамгийн дээд мөрөөдөл бол мэргэжлийн зэрэг авах буюу дунд давхаргын бялуунаас хувь хүртэхийн төлөө системийг саах. Гэхдээ та дунд ангид багтаж чадсан ч ядуурал, гуйранчлалаас нэг өвчний /ганц алхмын/зайтай л амьдрах байх. Эсвэл ажлаас халагдахад л бүх юм төгсөнө. Таны албан тушаал юунаас ч хамгаалагдаагүй, таны ажилладаг фирм, компани таны эрх ашгийг огтхон ч бодохгүй, тууштай биш. Тэр бүү хэл фирм, компанийн удирдлага цаг үргэлж таныг хамт ажиллагсадтай хооронд нь зөрчилдүүлж, өдөөн хатгаж хэрэлдүүлнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл нүд ирмэхийн зуур л таныг халж, бүрмөсөн ангижирна. Мэдээж, энэ тал дээр танд ямар ч сонголт байхгүй. Яагаад гэвэл энэ систем тийм л зохион байгуулалт, бүтэцтэй юм чинь.
Дэлхийн ихэнх хөгжингүй орон дээд боловсролыг нэг бол үнэгүй олгодог, эсвэл нилээд их хэмжээний татаас өгдөг. Гэтэл АНУ-д их сургуулийн диплом таныг 100 000 гаруй доллар өрөнд оруулна. Ингээд та ажилчин ангийн ертөнцөд хөл тавихдаа аймшигтай их өртэй эхэлнэ. Бүтэн жил дэлхийг тойрон аялах талаар буюу өөрийгөө олоход цаг хугацаа зарцуулах тухай бүрмөсөн март. Нэг бол та ажиллаж эхэлнэ, үгүй бол таны зээлийн рейтинг унах болно. Хэрэв танд аз дайрвал орон сууцны зээл авч чадах сайн ажил олж магадгүй. Гэхдээ та дараа нь амьдралынхаа талыг зүгээр л зээлийн хүү төлөхөд зарцуулах болно. Ингээд Америкийн өрийн боолчлолын ертөнцөд тавтай морил доо!
АНУ-ын үхрийн махны ихэнх нь таны ширээн дээр очихын өмнө ялгадастай холилдсон байдаг. Мөн таны иддэг тахианы мах сальмонеллез өвчнөөр халдварласан байх болно. Таны мал сүрэг болон шувуу бол тэр чигээрээ элдэв даавар, антибиотик л гэсэн үг. Дэлхийн ихэнх орны Засгийн газар өөрсдийн хэрэглэгчдээ иймэрхүү зүйлээс хамгаалахыг оролддог. Гэтэл АНУ-д том үйлдвэрлэгчид нь тухайн асуудлаар үр дүнтэй хууль гаргахаас сэргийлэн, мөн хуулийг хэрэгжүүлэх явцын хяналтаас зайлсхийхийн тулд Засгийн газраа худалдаад авчихсан шүү дээ.
Ойрын жилүүдэд АНУ-д зарагдах бүтээгдэхүүний ихэнх нь генийн өөрчлөлттэй ургамал дээр үйлдвэрлэгдэнэ. Энэ бол “Монсата” корпораци ба АНУ-ын Засгийн газрын сайхан харилцааны үр дүн. Тэр бүү хэл өнөөдөр энэ улсад төрж байгаа хүүхдүүдийн гуравны нэг нь чихрийн шижингийн II хэлбэрээр хэзээ нэг цагт өвчлөх тавилантай. Яагаад гэвэл фруктозын өндөр агуулгатай эрдэнэ шишийн сиропыг америкчууд асар их хэмжээгээр хүнсэндээ хэрэглэдэг.
Мэдээж, таныг алах юм ганц хүнс биш. Албан ёсоор зөвшөөрөгдсөн мансууруулах бодисууд ч таныг устгачихна. Хэрэв танаас амьд гэсэн өчүүхэн шинж тэмдэг илрэх л юм бол, мөн та өсвөр насны, залуухан нэгэн бол Риталин гудрахаас өөр аргагүй. Дараа нь та нас биед хүрсний дараа эргэн тойрноо хараад сэтгэл гутралд автах нь ойлгомжтой, иймээс танд Прозак хэрэгтэй. Хэрэв та эрэгтэй бол бэлгийн сулралтай болох нь зайлшгүй, тэгэхээр Виагра ууж таарна. Энэ бүхний зэрэгцээ тогтмол фаст-фуд хэрэглэх тул таны цусан дахь холестериний түвшин өндөр байхаас яах вэ. Иймээс танд Липитор хэрэгтэй болно. Эцэст нь ажлын өдрийн дараа та эрүүл амьдралын хэв маяг баримталж чадахгүй гэж сэтгэл зовсоор нойргүйдэлд автан шанална. Ингээд та унтахын тулд Лунесту уух хэрэгтэй шүү дээ.
Яагаад Америк энэ бүхнийг тэвчдэг хэрэг вэ? Та ямар ч америк хүнээс асуусан тэр “Яагаад гэвэл Америк дэлхийн хамгийн эрх чөлөөтэй орон” гэж хариулна. Нээрээ гэж үү? Гэтэл АНУ-д 1.5 тэрбум хүнтэй Хятадаас илүү олон хүн шоронд сууж байдаг. Ийм орныг хамгийн эрх чөлөөтэй гэх үү? Инээдтэй биш байна шүү.
АНУ-ын улстөрийн ертөнц дэлхийд хамгийн их авлигад идэгдсэн. Дэлхийн ямар ч орны улстөрчид улсынхаа баячуудаас авлига авдаг нь маргаангүй баримт. Гэхдээ тэд нууцаар, элит клубуудын хаалттай хаалганы цаана үүнийгээ хийдэг. Харин АНУ-д улстөрийн иймэрхүү авлига гэгээн цагаан өдөр явагддаг ба хууль ёсоор хүлээн зөвшөөрсөн стандарт ажиллагааны нэг хэсэг болжээ. АНУ-д энэ хээл хахуулийг зүгээр л “татвар" гэдэг. Сонгуулийн кампанит ажлын, улстөрийн зөвлөлүүдийн болон лоббистуудын татвар, төлбөр юм байх. Оршин буй системээ өөрчилнө гэж Америкийн улстөрчдөөс хүлээж найдалтгүй, энэ нь сүх аваад өөрийн хөлөө тайрахтай адил зүйл.
Үгүй ээ, АНУ сайн тийшээ өөрчлөгдөнө гэж байхгүй. Бүх юм улам муудсаар л байна. Муу гэж хэлж байгаа нь маш муу гэсэн утгатай. Бид одоогоор АНУ-ын эдийн засгийн систем амь тэмцэж байна гэж ярьж байгаа. АНУ өр зээлээ тавихаа зогсоохгүй, улам нэмсээр байгаа хэрнээ өөрийн үйлдвэрлэлийн ба оффисийн ажлын байруудаа гадаадад гарган, дэд бүтцээ сүйтгэж байна. Гэтэл энэ үеэр Ази, Европын орнууд сургалт, дэд бүтэц, түүхий эдэд хөрөнгөө оруулж байна.
Хамгийн зугаатай нь эндээс гарах гарц алга. Хэрэв АНУ бодит эдийн засгаа сэргээх гэж оролдвол/санхүүгийн эдийн засаг, үйлчилгээний эдийн засаг гэх зэргийн хөзрөөр толгой эргүүлэхийн оронд/ Америкийн ажилчид нь Хятад, Европын ажилчидтэй өрсөлдөж чадна гэж та үнэхээр бодож байна уу.
Ингэхэд та ядаж нэг удаа Японы буюу Германы заводыг харсан уу? Та хэзээ нэг цагт сингапур эсвэл хятад ажилчинтай тааралдаж байсан уу?
АНУ-д зөвхөн хоёр л ирээдүй бий, нэг нь нөгөөгөөсөө муу. Сайнаар бодвол АНУ аажмаар мөхнө. Мөн чанартаа АНУ-д сүүлийн 20 жилийн туршид ийм явдал болж байгаа шүү дээ. Энэ байдал цаашид үргэлжилж, цалин багасч, ажилгүйдэл өсөхийн зэрэгцээ эрүүл мэндийн үйлчилгээ, нийгмийн тэтгэмж устаж, мөнгөний ханш буурсаар, ядуучууд ба баячуудын ялгаа эрс өссөөр байна. Эцэстээ АНУ яг л Мексик буюу Филиппин шиг болно. Тансаг амьдралын өчүүхэн арлыг ядуурал гуйланчлал тойрон хүрээлэх болно. Ингэхэд энэ улс ийм замынхаа талд орчихсон яваа.
Үүний зэрэгцээ хэрэв Хятад, Япон, Солонгос болон OPEC-ийн орнууд доллараас татгалзвал АНУ-д гэнэтийн хямрал дэгдэж магадгүй. АНУ-ын асар их өрийн дефолт мөн ийм нөхцөл байдалд хүргэнэ. Та АНУ-ын Засгийн газрын санхүүгийн мэдээг нэг хараад л иймэрхүү үйл явдал болох магадлал хичнээн өндөр байгааг ухаарах байх. Засгийн газрын зардал тэнгэрт хадаж, харин татвар эсрэгээр буурч байгаа. Тэгэхээр хэн нэг нь үүний төлөөсийг төлж л таараа.
Сүйрэл, хямрал аажмаар эсвэл гэнэт явагдсан ялгаагүй үр дүн нь адил. Хаос, нийгмийн эмх замбараагүй явдал, фашизм. АНУ яг л хуучны Югослав улс шиг, нэгдсэн нэг л нэртэй болохоос дотооддоо зөрчилдсөн соёлын бөөгнөрөөн гэдгийг та хүлээн зөвшөөрч байна уу.
АНУ-ын бүхэл бүтэн оюуны дэд давхарга нь сүүлийн 20 жилийн турш “Fox News” болон радиогийн суртал ухуулгыг сонсч өндийсөн. Тэд энэ аймшигт үйл явдлын бурууг ардчилсан намынханд, гомочууд болон цагаачдад тохох гэж тэсэн ядаж байгаа.
Түүнээс гадна АНУ-д өршөөл энэрэл гэж юу байдгийг мэдэхгүй өмчирхөгч анги, давхарга бий. Тэд өөрсдийн эд баялгийг өлсгөлөн хүн сүргээс хамгаалахын тулд бүх арга, хэрэгслийг ашиглах болно. Энэ бүхний зэрэгцээ АНУ-ын аварга том, хуучин фабрикууд, улам тэлсээр байгаа хотууд, ачааны машинаар зөөдөг тээвэрлэлтийн систем гээд энэ бүхэн нефтиэс хамааралтай. Ойрын хугацаанд нефтийн үнэ асар өснө.
Гэхдээ АНУ-д маш их зэвсэг байгааг мартаж болохгүй. Товчоор өгүүлэхэд өнөөдөр АНУ амьдрахад хамгийн муу орон болж байна.
АНУ-ын Засгийн газар одоо хойд ба өмнөд хилийн дагуу хашаа, хана барьж байгаа. Яг одоо тус Засгийн газар үндэсний бүртгэлийн системээ боловсруулж байгаа бөгөөд удахгүй биометрийн тодорхойлолтыг ашиглаж эхэлнэ. Тэрчлэн тэд ажиглалтын асар өргөн хүрээний систем боловсруулж байгаа, иймээс та интернэтэд болон хотын гудамжинд байгаа бол хөдөлгөөн бүрийг тань нэгд нэгэнгүй ажиглах юм.
Хэрэв та энэ бүхнийг террористуудаас хамгаалах гэж хийж байгаа гэж бодож байвал эндүүрч. Бүх зүйл нураад эхлэхэд та Канад руу явж байгаа сүүлийн галт тэргэнд амжиж сууж чадна гэж бодож байна уу. Тэгээд үлдсэн амьдралаа Молсон /Канадын шар айраг/ уугаад загасчилна гэж найдаж байгаа юм биш биз.
Үнэхээр АНУ-ын Засгийн газар улс орноо цоожлох гэж үү. Тэд өөрсдийн нь татварын орлогын эх үүсвэрийг алга болоосой гэж мэдээж хүсэхгүй. Тэд мөн хөлсний цэргүүдээ яваасай гэж бодохгүй байгаа. Тэд өөрсдийн пиндосуудыг /гадаадад америкчуудыг, ялангуяа америк цэргүүдийг дорд үзсэн утгаар ингэж нэрлэдэг/ мөн АНУ-аасаа зугтаагаасай гэж хүсэхгүй байгаа.
Энэ улс анх тариалангийн талбай дээрх боолуудаас эхэлсэн. Түүгээр л төгсөх байх. Гэхдээ одоо боолуудаа гадаадаас авч ирэхгүй, тэд Америктаа байгаа юм чинь.