2020.07.17
Сайн багшийг сайн цалинтай болгоно
Монголын Боловсрол Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, Боловсрол, Шинжлэх ухааны шинэ сайд Л.Цэдэвсүрэнтэй өнөөдөр буюу /2020.07.17/-нд уулзаж цаг үеийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл, тус холбооны тэргүүлэгч ШУТИС-ийн ҮЭ-ийн хорооны дарга С.Дэлгэрмаа, МУБИС-ийн ҮЭ-ийн хорооны дарга С.Батцоож, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг нар оролцлоо.
Уулзалтын эхэнд МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэл Боловсролын салбарт олон жил ажилласан, ажлаа маш сайн мэддэг сайдтай болж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, цаашид ҮЭ-ийн байгууллагатай хамтарч ажиллахыг хүсэхийн зэрэгцээ багшийн талаар баримтлах бодлого, сургалтын агуулга, Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга, багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг анхаарах хэрэгцээ шаардлага байгаа тухай хэлж байлаа.
Хариуд нь сайд Л.Цэдэвсүрэн хэлэхдээ “МБШУ-ны ҮЭ-ийн холбоо багш нарын төлөө тууштай ажилладаг байгууллага энэ л байгууллагыг дэмжиж бодлого үйл ажиллагаандаа татан оролцуулж хамтарч ажиллах болно” хэмээгээд “Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хамтрахаас гадна, ирэх 9 сард сайдын зөвлөлийн гишүүдийг шинэчлэнэ.
Сайдын зөвлөлд МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга З.Цогтгэрэлийг оруулж боловсролын салбарт хэрэгцээ шаардлагатай байгаа бодлого боловсруулахад гар бие оролцуулна. Харин багш нарын цалин хөлс нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд надад бодож төлөвлөсөн юм байна. Одоохондоо судалгааны түвшинд яригдаж байна.
Ер нь боловсролын салбарын цалин хөлсийг зоригтой, дорвитойхон нэмэгдүүлэх бодолтой байна. Хэдийгээр улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа ч боловсролын салбарт ажиллаж байгаа багш ажилтнуудын цалин хөлс, нийгмийн асуудлыг хойш тавиад байж болохгүй. Сайн багшийг сайн цалинтай болгоно гэж бодож байна” гэв.
Мөн энэ үеэр МУБИС-ийн ҮЭ-ийн хорооны дарга С.Батцоож, ШУТИС-ийн ҮЭ-ийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар Их сургуулийн удирдлагыг томилохдоо салбараа мэддэг хүн томилохгүй бол намын томилгоогоор ирсэн ажлаа мэддэггүй даргатай хамтран ажиллахад хүндрэлтэй байдаг. ШУТИС болоод МУБИС-ийн удирдах албаны ажилтнуудын бүтэц орон тоо хэт данхайж байгаа нь санхүүгийн хувьд хүндрэл учруулдаг. Их дээд сургуулийн оюутны төлбөрийг яамнаас тодорхойлолгүй сургуулиас тохирох дүнг тогтдог болох хэрэгтэй хэмээн учирлаж байв. Энэ тухай сайд Л.Цэдэвсүрэн цаашид хийхээр төлөвлөж байгаа ажилдаа тусгана хэмээн хэлсэн юм.