УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Ерөнхий сайдад асуулга тавилаа
2020.08.18

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Ерөнхий сайдад асуулга тавилаа

Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнээс "Өмнөговь аймагт хууль зөрчин уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгжийн талаар" Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавилаа. 

Сүүлийн жилүүдэд уул уурхайн олборлолтын үл ажиллагаа эрчимтэй хөгжснөөр Өмнөговь аймаг улсын төсвөөс татаас авдаггүй, бусад аймгуудтай харьцуулахад илүү өндөр хэмжээний татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг стратегийн ач холбогдол бүхий аймаг болсон. Гэвч тус аймагт хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй хөрсний элэгдэл эвдрэл, бохирдол, усны хомсдол нэмэгдэж, үр дүнд нь иргэд малчид хохирч, байгаль орчин сүйдсээр байна. 

Өвөлжөө, хаваржаа, зуслангийн газар нь уурхайн эдэлбэрийн орчинд орсон иргэд шүүхийн шийдвэрээр газар өмчлөх, эзэмших эрхээ уул уурхайн үйл ажиллагаанд алдаж, нутаглах нутаггүй, малаа бэлчээх бэлчээргүй болж, иргэд болон уул уурхайн компант хоорондын зөрчил маргаан даамжирсаар байна. 

Тиймээс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ тус аймгаас сонгогдсон түшээгийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайдад хандан 3 зүйл бүхий асуулга тавиад байна.