Сэлэнгэ аймагт эрүүл мэндийг дэмжих төв байгуулна
Монгол Улсын хамгийн том гэгдэх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны хувьд нийт 3000 гаруй оршин суугчтай. Улаанбаатар хотоос 120 км, аймгийн төвөөс 240 км, Мандал сумаас 40 км зайтай оршдог.
Тус суманд болсон энэ удаагийн халдварт ба халдварт бус өвчлөлийн эрт илрүүлгийн үзлэгт нийт 744 иргэн хамрагджээ. Тус үзлэгийн үр дүнд умайн хүзүүний хорт хавдар нэг, элэгний хорт хавдар хоёр, сүрьеэгийн өвчлөл хоёр, тэмбүүгийн нэг тохиолдол илрүүлсэн байна. Мөн уушгины өөрчлөлттэй 18 хүнийг аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулан, эмчлэхээр болжээ.
Түнхэл тосгон болон Мандал суманд болсон үзлэгийн үеэр Эрүүл мэндийн сайд хүрэлцэн ирж ажилласан юм. Тэрээр тус эмнэлгүүдэд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, халдварт өвчний оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл зэргийг гардуулан өгсөн. Мөн Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ орон нутгийн түвшинд хүн амыг тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах, эрт илрүүлгийг зохион байгуулах асуудлаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од болон холбогдох албаныхантай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймгийн хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сайжруулахын тулд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг аймагт байгуулах талаар санал солилцож, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх, чадавхжуулах тал дээр анхаарч ажиллана гэлээ.
Түүнчлэн холбогдох албаныхан Мандал болон Түнхэл тосгонд хэрэгжиж буй Халдварт ба халдварт бус өвчлөлийн эрт илрүүлгийн цогц үзлэгийн нээлтийн үйл ажиллагаатай танилцан, орон нутгийн иргэдтэй уулзаж, аймгийн хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулахад чиглэсэн хийх ажлуудаа танилцуулан, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр болсон юм.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Засгийн газраас эмнэлгийн тусламж үйлчилгээг хөдөө, орон нутагт сайжруулах, шаардлагатай бүх төрлийн үзлэг оношилгоо, эмчилгээг хийдэг болгох, эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулах, дэмжих тал дээр анхаарч ажиллахаар үндсэн чиглэлдээ оруулсан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас хөдөө, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын асуудлуудыг шийдвэрлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ удаад бид хамгийн их хүн амтай сумдад тооцогддог Мандал болон Түнхэл тосгонд ажиллаж байна. Бид эмнэлгийн хүчин чадлыг сайжруулахаас гадна иргэдээ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн дэмжих төвийг бодит үр дүнгээ үзүүлэх хэмжээнд байгуулж, ажиллуулахаар төлөвлөж байна” гэв.
Мөн эмнэлгийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулах нь удирдах ажилтны идэвх зүтгэлээс ихээхэн хамаарч байгааг сайд онцоллоо.