Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт зохион байгуулав
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Туркийн Хамтын ажиллагааны зохицуулах агентлаг /ТИКА/-тай хамтран “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг энэ сарын эхний долоо хоногт зохион байгууллаа.
Дэлхий нийтийг түгшээж буй коронавирусний өнөөгийн нөхцөл байдалд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудыг ажлын байраа хадгалж, үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэхэд Турк Улс өөрийн арга, туршлага, мэдээллээ Монгол Улстай хуваалцаж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “COVID-19” халдвараас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын зорилттой уялдаж байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, ариун цэвэр, халдваргүйтгэлийн горимыг хангахад шаардлагатай мэдээлэл, сурталчилгаа, сургалт зохион байгуулах замаар ажлын байраа хадгалах, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан байна.
Сургалтад оролцогчид коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд ажлын байранд зайлшгүй авч хэрэгжүүлэх ерөнхий болон үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын онцлогтой уялдсан арга хэмжээ, түүнийг хянах талаар Турк Улсын сайн туршлага, боловсруулсан арга аргачлалаас суралцсан юм. Тухайлбал, барилга, уул уурхай, эрчим хүч, хүнс, газар тариалан, шатахуун, хийн түлш, хөдөө аж ахуй, зочид буудал, тээвэр, нийтийн хоол, үсчин, гоо сайхан зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний салбар тус бүрийн ажлын байрны онцлогтой уялдан коронавирусний дэгдэлтээс хэрхэн хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл олж авлаа.